Боливт хоёр сая гаруй амьтан ойн түймэрт үрэгджээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 26

Болив улсад хэдэн сар сар үргэлжилж буй ой, хээрийн түймэрт хар ирвэс, ягуар цоохор ирвэс, лам гөрөөс зэрэг хоёр сая гаруй зэрлэг ан амьтан үрэгджээ. Түймэрт автсан Чикитан ойт хээрийн хамгаалалттай бүсэд 2.3 сая ан амьтан үгүй болоод байна гэж Санта Круз их сургуулийн профессор Сандра Кирога Франс Пресс агентлагийн сурвалжлагчид ярьжээ. Латин Америкийн эрээн муур болон хар ирвэс, ягуар, лам гөрөөс, буга, дорго, гүрвэл зэрэг олон төрлийн ан амьтан үрэгдсэнийг ойн түймрийн хохирлыг тогтоож буй биологичид ярьжээ.

Энэ оны наймдугаар сараас эхэлсэн ой, хээрийн түймэрт дөрвөн сая га газар өртөж, Санта Круз мужийн зүүн хэсэгт орших Тукавака дархан цаазтай газрын 100 га-д үргэлжлэх онгон дагшин ой бүрэн шатжээ. Энэ ой дахин хэзээ ч сэргэхгүй аж.

Боливийн есөн мужаас Санта Круз муж ой, хээрийн түймэрт хамгийн ихээр өртсөн байна. Түймэр энэ оны тавдугаар сард эхэлж, наймдугаар сард эрчимжээ. Наймдугаар сараас эхлэн тус улс Supertanker Boeing 747, Оросын Ильюшин гал сөнөөгч нисэх онгоц, олон тооны нисдэг тэрэг, таван мянга гаруй гал сөнөөгч, цэрэг, цагдаагийн ажилтныг дайчилсан ч, түймрийг өнөө хэр унтрааж чадаагүй байна.

Тус улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг өргөжүүлэх зорилгоор ой, хээрийг шатаахыг дэмжсэн хуулийг байгаль хамгаалагчид шүүмжилж байгаа бол Боливийн засгийн газар, бурууг хуурай цаг агаар, галыг дэвэргэж буй салхи руу чихэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top