"Зиндаа" сэтгүүлийн №11, 12/511, 512 дугаараас онцолж байна.
Эрчим хүчний зохицуулалт, автоматжуулалтын чиглэлээр дэлхийн 100 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг Францын Шнайдер Электрик компани манай улсад салбараа нээгээд таван жил болж байгаа билээ. Тус компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээ дпэлхий дахинд чанараараа гайхагддагийн нарийн учрыг тодруулахаар салбар оффисийг нь зорин очиж, монгол мэргэжилтнүүдтэй уулзан цөөн хором ярилцсанаа толилуулъя. Шнайдер Электрик компанийн Монгол дахь салбарын Барилга, аж үйлдвэрийн бизнесийн тоног төхөөрөмжийн хэрэглээ хариуцсан ахлах инженер Н.Бат –Орших.
-Шнайдер Электрик компанийн түүхээс манай уншигчдад товчхон танилцуулна уу?
-Шнайдер Электрик компани анх 1836 онд Франц улсад байгуулагдсан. Инженер технологийн чиглэлээр 180 гаруй жилийн хөгжлийн түүхтэй. Хамгийн анх уул уурхай, гангийн үйлдвэрлэлийн чиглэлээр байгуулагдаад, уурын машин, галт тэрэгний зүтгүүр үйлдвэрлэж байсан. 1930-аад оноос Цахилгаан Эрчим Хүч, Үйлдвэрийн Автоматжуулалтын тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн чиглэлээр түлхүү ажиллаж эхэлсэн. Шнайдер Электрик нь эрчим хүчний зохицуулалт, автоматжуулалтын чиглэлээр мэргэшсэн олон улсын компани. Дэлхийн 100 гаруй орны хэрэглэгчдийн эрчим хүчний хэрэглээний аюулгүй, найдвартай, үр ашиг бүхий тогтвортой үйл ажиллагааг хангахаар ажиллаж буй 160 мянга гаруй ажилтны тусламжтайгаар 2015 онд компани 27 тэрбум еврогийн борлуулалтын орлоготой ажилласан. Энгийн унтраалга залгуураас эхлэн нарийн ажиллагаатай иж бүрэн системүүд, технологи, программ хангамж, үйлчилгээ нь хэрэглэгчдэд үйл ажиллагаагаа автоматжуулж, удирдах боломжийг олгодог. Шнайдер Электрик компанийн нэвтрүүлсэн технологиуд аж үйлдвэрийн салбарын уламжлалт хэв маяг, хотуудын дахин төлөвлөлтийг өөрчилж, амьдралын чанарыг дээшлүүлсээр байна. Шнайдер Электрикчүүд бид үүнийг “Life Is On” хэмээн нэрийддэг.
Манай компани бол хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшил бүхий эрчим хүчний хэмнэлттэй барилгын цахилгаан хангамж, автоматжуулалтын тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэн дэлхийн зах зээлд нийлүүлэхийн зэрэгцээ хэрэглэгчийн хүсэлт, шаардлагад нийцсэн үр ашигтай шийдлийг санал болгодог олон улсын компани юм.
Нам болон дунд хүчдэлийн хуваарилах сүлжээний хүчний тоноглол, цахилгаан хангамж, барилгын автоматжуулсан систем, үйлдвэрийн автоматик, хяналт-хэмжүүрийн тоног төхөөрөмжүүд нь олон улсын стандартын / IEC, EN, IECEE, RoHS & ISO / дагуу үйлдвэрлэгдэн, мөн олон улсад магадлан итгэмжлэгдсэн хөндлөнгийн мэргэжлийн лабораториудад / CE, UL & CSA / туршигдан баталгаажсан байдаг. Ногоон хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч компанийн хувьд, манай бүтээгдэхүүнүүд нь эрчим хүчний хэмнэлт, байгаль орчинд нөлөөлөх байдал, хортой болон аюултай хог хаягдлын зохицуулалт, хүний эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны шаардлагуудыг хангасан дээд зэргийн бүтээгдэхүүний батламжтай (Green Premium Product Certificate– Eco Label) байдаг.
-Green Premium тэмдгийн агуулга, ач холбогдол юу вэ?
-Green Premium буюу Ногоон хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч брэндийн эко тэмдэг нь байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэгчийн баталгаа юм. Энэ тэмдэг нь Шнайдер Электрикийн бүтээгдэхүүний байгаль орчны нөлөөллийн талаар өргөн цар хүрээтэй, найдвартай мэдээллийг тодорхой, ил тод байх үүрэг хүлээснийг илтгэдэг. Green Premium тэмдэг нь танай байгууллагын байгаль орчны бодлогыг тодорхойлох бөгөөд түүнийг дэмжих боломж олгон бизнесийн үр ашгийг нь нэмэгдүүлэх таних тэмдэг болдог. Энэ нь хамгийн сүүлийн үеийн байгаль орчны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг баталгаажуулдаг. Гэхдээ үүнд хувь хүний оролцоо маш чухал. Шнайдер Электрикийн Green Premium эко-тэмдгийн тусламжтайгаар таны шийдлийн нүүрсхүчлийн хийн /хүлэмжийн нөлөөлөл/ ялгаруулалтыг тооцох, бүтээгдэхүүний орц найрлага, химийн бодисын агууламжийн талаарх хууль, дүрэм журмын хэрэгжилтийг бүрэн хангасан эсэхэд итгэлтэй байх, таны эко- дизайнтай ногоон шийдлийг тань баталгаажуулахад шаардагдах бүх мэдээллийг илтгэх, бүтээгдэхүүн ашиглалтаас гарах үед дахин боловсруулагдах боломжтой байх шаардлагыг хангах зэрэг олон талын ач холбогдолтой юм.
-Бүтээгдэхүүнүүд нь эко тэмдэгтэй үйлдвэрлэгддэг болохоор олон улсын төсөл хөтөлбөрүүдэд хамрагдахад ямар нэгэн хөнгөлөлт эдэлдэг үү?
-Шнайдер Электрикийн үйлдвэрлэдэг нийт бүтээгдэхүүний 75 хувь нь Green Premium эко тэмдэгтэй байдаг. Орчин үед Дэлхийд тэргүүлэгч банкуудаар санхүүжигддэг олон улсын чанартай төсөл хөтөлбөрүүдэд ногоон технологи ашиглан үйлдвэрлэх шалгуур шаардлага тавигдаж байгаа. Энэ утгаараа Шнайдерийн ихэнх төслүүд олон улсын байгууллагуудаас санхүүжилт авахад хялбар дөхөм байдаг гэж болно. Green Premium тэмдэг бол тухайн байгууллагын байгаль орчны бодлогыг илэрхийлэн, ингэснээрээ Байгаль орчны яамнаас гаргасан хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэхэд чухал үр нөлөөтэй юм. Ийм тэмдэгтэй бүтээгдэхүүн нь нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг багасгах, уг бүтээгдэхүүний найрлагад орсон бодисууд нь химийн аюулгүй байдлын чанарыг бүрэн хангасан байх, тухайн бүтээгдэхүүн ашиглалтаас гарах үед ахин боловсруулах боломжтой шийдлээр хийгдсэн байдаг.
-Шнайдер Электрик компани дэлхий дээр эрчим хүчний инновац хийж буй талаар жишээ дурдвал?
-Инновацийг бүх түвшинд хүргэх зорилготой EcoStruxure платформын талаар товч танилцуулья. Ердийн зориулалттай мэдрэгчээс эхлээд инновацийг түвшин бүрт хүргэх манай үйлчилгээний шинэчлэл нь IoT (Internet of Things) технологийн дэвшилд тулгуурлан бизнесийн үнэлэмжийг нэмэгдүүлснээр эрчим хүчний болон үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлдэг. Үйлчлүүлэгчдийн хувьд ихээхэн ач холбогдол өгдөг болоод байгаа хөдөлгөөнт холбоо, мэдрэх чадвар, үүлэн технологи, мэдээлэлд анализ хийх аюулгүй кибер технологиудыг бий болгосон нь хэрэглэгчийн IoT технологийн шийдэл зах зээлд өрсөлдөхөд нь тусалж байна.
EcoStruxure платформ нь манай StruxureWare архитектур технологийн гол тулгуур юм. Энэ нь IoT-г нэвтрүүлэх боломжтой инновацийн шийдлийн гурван үе шат болох IT/OT-ийн зөрүүг холбох боломжийг олгосон технологийн үндэс суурь гэж болно.
-Шнайдерийн “Ухаалаг хотууд” хэмээх шийдэл сонирхол татаад байгаа. Энэ шийдлийн гол ач холбогдол юу вэ?
-“Ухаалаг хотууд” шийдэл бол ерөнхийдөө хотын инженерийн шугам сүлжээ, дэд бүтцэд чиглэгдсэн программ хангамжийн шийдэл юм. Дэлхий дахинд тулгамдаж буй хотжилт, төвлөрөлт, даяаршилтын асуудлыг үр өгөөжтэйгээр зохион байгуулахад Шнайдерийн үйл ажиллагаа чиглэж байгаа. Өөрөөр хэлбэл, байгаль орчинд ээлтэй технологийн шийдлүүдийг манай компани хэрэгжүүлэхийг эрхэмлэдэг. Хүлэмжийн хийн ялгаралтыг багасгах, эрчим хүчний ашиглалтын зардлыг бууруулах, хэрэглээг хэмнэхэд чиглэсэн технологиудыг барилга байгууламжуудад ашиглаж байна.
-Эрчим хүчийг ямар зарчмаар, ямархуу технологийн шийдлээр хэмнэж байгаа вэ?
-Гэрэлтүүлэг л гэхэд, ухаалгаар удирдах боломжтой. Эдгээр гэрэлтүүлгийн удирдлагын төхөөрөмжүүд цахилгаан эрчим хүчний зарцуулалт бага шаарддаг, гэрэлтүүлэг сайтай байх шаардлагад нийцнэ. Мөн барилгын гаднаас тусах байгалийн гэрэлтүүлгийг мэдэрч, гэрэл өгөлтийг хэмжин, барилгын доторх зохиомол гэрэлтүүлгийн түвшинг зохистой түвшинд барих шийдэл, human sensor буюу “хүн мэдрэгч” төхөөрөмж гэж байна. Манай зах зээл дээр одоохондоо хөдөлгөөн болон дуу мэдрэгч төхөөрөмж ашиглагдаж байгаа.
-Ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээс Шнайдер Электрикийнх юугаараа давуу талтай юм вэ?
-Барилгын цахилгаан хангамж, автоматжуулалтын чиглэлээр Шнайдер Электрик дэлхийд №1 компани. Эдгээр салбарын зах зээлд эзлэх хувь болон хэрэглэгчийн сэтгэл ханамжаар бусад ижил чиглэлийн үйлдвэрлэгчдээс хамаагүй давуу талыг хэрэглэгчид санал болгож чаддаг гэж болно. Жишээ нь, манай зах зээл дээр түгээмэл хэрэглэгдэж буй стандартын бус, ижил төстэй бүтээгдэхүүнүүдийг бодвол чанарын баталгааны сертификаттай, аюулгүй ажиллагааг хангасан, хүний эрүүл мэндэд ээлтэй зэргээрээ эрс ялгардаг.
-Шнайдер Электрикийн тоног төхөөрөмж, технологи нь Евро стандартыг илэрхийлдэг гэж болно. Тэгвэл үүнийг дуурайлган хийсэн хуурамч бүтээгдэхүүнээс хэрхэн ялгаж таних боломжтой бол?
-Мэдээж, дуурайлган хийсэн хуурамч бүтээгдэхүүнүүд бий. Иймд манай албан ёсны дистрибьютер компанийн дэлгүүрээс худалдан авбал чанарын баталгаатай, найдвартай байх болно. Стар Интеллижент Технологи ХХК манай албан ёсны дистрибьютерээр ажилладаг. Манай компанийн бас нэг онцлог тал нь, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, техник, тоног төхөөрөмжүүдийн чанарыг олон улсын хэмжээний, хөндлөнгийн гуравдагч лабораторид шалгуулж баталгаажуулан зах зээл дээр гаргах зөвшөөрөл авдаг.
-Шнайдер Электрик дэд бүтэц, цахилгаан шугам сүлжээ, ухаалаг сүлжээ, аж үйлдвэр, дунд хүчдэлийн тоног төхөөрөмжөөр дэлхийд тэргүүлэгч юм байна. Манайд ямар ажлууд одоогоор хийж байна вэ?
-Сайншандын салхин парк, Хөшгийн хөндийн шинэ нисэх буудлын дулаан хангамж, агааржуулалтын системд программ хангамж хийж байна. Emart их дэлгүүрийн цахилгаан хангамжийн ихэнхийг шийдсэн. Энд овор хэмжээ авсаархан, шууд угсрагдахаар үйлдвэрлэгдсэн, зай талбайн хэмнэлтийн үр ашигтай төхөөрөмжүүдийг тавьсан байгаа. Энэ дэд станцын үнэ харьцангуй өндөр ч тухайн байгууллагын үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд хамрагдах учир байгууллагын хөрөнгийн менежментэд чухал ач холбогдолтой юм.
-Технологийн хөгжил дэвшил нь аж ахуйн нэгж, байгууллагын ажиллах хүч, бодлогод дорвитой өөрчлөлт шинэчлэлт авчирч байна уу?
-Мэдээж, технологийн шийдлээс хамаарч ажиллах хүчийг хэмнэнэ. Жишээ нь, Canalis болон I-Line шина- ийн (цахилгаан гүйдэл дамжуулагч зэс-хөнгөн цагаан туйван) системийг барилгын дэд станцын шина гүүр, дотор цахилгаан хуваарилах босоо болон хэвтээ шугамд ашиглаж болно. Өөрөөр хэлбэл, цахилгаан дамжуулах кабель, утасны оронд хатуу тусгаарлагчтай зэс болон хөнгөн цагаан хайлшаар хийсэн дамжуулагчтай бат бөх сувагт системийн замаар эрчим хүчийг дамжуулна. Ингэж кабель утас суурилуулах нүсэр ажиллагааг хөнгөвчилснөөрөө түүнд зарцуулагдах ажиллах хүчийг хэмнэж буй сайн талтай. Canalis болон I-Line нэрийн шина-ийн систем нь уламжлалт кабель утас бүхий дамжуулах бүлгийн сүлжээтэй харьцуулахад орчин үеийн өндөр барилгын зах зээлд нийтлэг болоод байна.
Canalis болон I-Line маягийн шина-ийн сувагчлал нь угсралтад зарцуулах цаг хугацаа, хүн хүчний хөрөнгө зардал хэмнэх төдийгүй, сувагт системийг цаашид өөрчлөх буюу өргөтгөх боломж олгодог давуу талтай. Дата төвийн рак системийн хуваарилах сүлжээнд зориулж бид I-Busway нэрийн загвар шинээр гаргаад байна.
-Айл өрхүүдэд хэрэглэж буй Шнайдерийн унтраалга, залгуур нь бусад ижил төст бүтээгдэхүүнүүдээс юугаараа онцлог ялгаатай вэ?
-Нэгдүгээрт, ашиглалтын хугацаа, чанарын хувьд ялгаатай. Бидний хувьд, унтраалга, залгуурыг амьдралын хэрэгцээг л хангаж байгаа бол боллоо гэж боддог. Гэтэл цаана нь ашиглалтын хугацааны асуудал, байгаль орчинд сөрөг нөлөөлөл бүхий хог хаягдал гээд бодолцох зүйлс их бий. Урд хөршийн унтраалгыг 2-3 жил хэрэглээд хаядаг бол Шнайдерийнх 10 жил ашиглагдах жишээний. Ашиглалтын хугацаа урт байна гэдэг тухайн айл өрхөд эдийн засгийн хэмнэлт бий болгоно гэсэн үг. Мөн Шнайдерийн бүтээгдэхүүнүүдэд ашиглалтаас гарах үеийн зааварчилгаа байдаг. Энэ унтраалгад тэдэн грамм зэс байгаа түүнийг дахин ашиглаж болно, мөн унтраалганы гадна корпус гэхэд, дахин боловсруулагдахаар хийгдсэн байдаг гэдгийг тоон үзүүлэлт, зааварчилгаа бүхий бичиг баримтаар баталгаажуулж дагалдуулдаг тул уг бүтээгдэхүүн байгаль орчинд хаягдаж хог болдоггүй. Хязгаарлагдмал нөөц баялгийг хэрхэн үр ашигтай зарцуулах вэ гэдэг дээр манай компани анхаарлаа төвлөрүүлж, бүтээгдэхүүнүүдээ дахин боловсруулагдах шийдэлтэйгээр үйлдвэрлэж байна.
-Шнайдер Электрикийн сүүлийн үеийн технологийг Монголын хөрсөнд шууд буулгаж байна уу, эсвэл “монголчилж” нэвтрүүлдэг үү? Технологийн эрин зуун хэмээн нэрлэгдэж буй энэ цаг үед манай улс дэлхийн бусад хөгжингүй улстай хөл нийлүүлэн алхахын тулд юунд анхаарвал зохистой бол?
-Шнайдер Электрик компанийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг Монголд шууд нэвтрүүлэх хөрс суурь одоохондоо бүрэлдээгүй. Өөрөөр хэлбэл, тэдгээрийг хариуцаад ажиллах чадвартай мэргэжлийн боловсон хүчин хангалтгүй байна гэсэн үг. Нэг шинэ техник, тоног төхөөрөмж худалдаж аваад суурилуулчихвал болох мэт бид төсөөлдөг. Гэтэл түүнийг эзэмшин ажиллуулах боловсон хүчин байхгүй бол хэнд ч хэрэггүй эд болж хувирна. Иймд манай орны хувьд, орчин үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, нутагшуулах чадавхтай өндөр түвшний мэргэжлийн инженерүүдийг яаравчлан бэлтгэх шаардлагатай юм.
Ярилцсан Д.Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )