Б.Уртнасан: “Шнайдер Электрик” онлайн сургалт явуулдаг, түүнд хүн бүр хамрагдах боломжтой

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 08

"Зиндаа" сэтгүүлийн №11, 12/511, 512 дугаараас онцолж байна. 


Шнайдер Электрик компанийн Монгол дахь салбарын Хэрэглэгчийн үйлчилгээ хариуцсан менежер Б.Уртнасантай ярилцлаа.


-Шнайдер Электрик үйл ажиллагааны хувьд бусад компаниудаас ялгарах ямар онцлогтой вэ?

-Шнайдер Электрик компани залуу үеийнхэнд анхаарал хандуулдаг. Energy University гээд ОНЛАЙН СУРГАЛТ явуулдаг бөгөөд түүнд хүссэн бүхэн хамрагдах боломжтой. Түүнд бүртгүүлэн хичээлүүдээ сонгож үзээд, сертификат авдаг.

-Хэдий хугацаанд, ямар хэл дээр суралцах боломжтой вэ?

-Сургалтын үргэлжлэх хугацаа нь хичээл сонголтоос шалтгаалж өөр өөр байдаг. Сургалт явагдах хэл нь англи хэл. Төгсөгчид Шнайдер Электрикийн олон улсын хэмжээний сертификат авдаг. Энэхүү онлайн сургалт хүн бүхэнд нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй. Бас залгамж залуу үеэ бэлтгэх зорилгоор оюутнуудад зориулсан уралдаан тэмцээн зохион байгуулж байна. “Ногоон хотыг бүтээцгээе” гэсэн сэдвээр олон улсын хэмжээний уралдаан явуулдаг. Оюутан залуусын гаргасан шинэ бүтээл оновчтой санааг уралдуулж, шалгарсанд нь хөрөнгө оруулалт хийдэг. Монголд хоёр удаа зохион байгуулагдаж, дундаасаа нэг баг шалгаран цааш явсан ч олон улсын хэмжээнд хараахан шалгарч чадаагүй. Ерөнхийдөө, Шнайдер Электрик компани залууст чиглэсэн нийгмийн хариуцлагын ажил их хийдэг.

-Монгол инженер, техникийн ажилтнуудад зориулсан сургалтууд зохион байгуулж байна уу?

-Шнайдер Электрик компани Монголд зөвхөн бүтээгдэхүүн,  шийдэл борлуулах гээд яваа биш, эрчим хүчний бизнес эрхэлдэг мэргэжлийн компаниудын боловсон хүчнийг хөгжүүлэх зорилгоор инженерийн шийдлийн практик сургалтуудыг зохион байгуулж байна. Энэ чиглэлээр бид гадаадын түншүүдтэйгээ хамтран ажиллаж байгаа. Сүүлийн хоёр жилд гэхэд БНСУ-аас мэргэжилтэн, сургагч багш урьж авчран Давтамж хувиргуур, Нам-дунд түвшний хүчдэлийн цахилгаан хангамжийн шийдэл, төлөвлөлт хийх чиглэлээр Эрчим Хүчний Хөгжлийн Төвтэй хамтран зураг төслийн инженерүүдэд зориулсан сургалт зохион байгуулсан.

-Харилцагч нартаа чиглэсэн сургалтууд мөн зохион байгуулдаг уу?

-Манайх харилцагч, үйлчлүүлэгчдэдээ зориулсан сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг. Эцсийн хэрэглэгчидтэйгээ шууд харьцдаг сургалтууд зохион байгуулж, шинэ санаа, шинэ бүтээлээ Монголд хэрхэн хурдан хугацаанд таниулж нэвтрүүлэх вэ гэдэг дээр ихээхэн анхаарч байна. Энэ оны 10-р сард “Ухаалаг барилга” сэдвээр Сингапураас мэргэжилтэн ирж хичээл заана. Ер нь гаднын экспертүүд ирж манай түнш компаниудын инженер техникийн ажилтнуудад тогтмол сургалт зохион байгуулдаг уламжлалтай болоод байна.

-Шнайдер Электрик компани нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлс өрнүүлдгээрээ алдартай юм билээ. Энэ талаар дурдвал?

-Шнайдер Электрик компани бол нийгмийн хариуцлагаа гүн гүнзгий ухамсарласан компани. Эдийн засаг, нийгмийн хөгжил нь цахилгаан эрчим хүчинд холбогдсон эсэхээс ихээхэн хамааралтай. Гэвч манай гарагийн 1.3 тэрбум орчим хүн өнөөг хүртэл цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй, түүнчлэн 1 тэрбум орчим хүн найдваргүй цахилгаан эрчим хүчний сүлжээнд холбогдсон байна. Дэлхий даяар цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй айл өрхүүдийн дийлэнх хэсэг нь Ази тивд амьдарч байгаа. Мьянмар, Камбож зэрэг улсын хувьд, хөдөө орон нутгийн цахилгаанжуулалтын түвшин маш бага, нийт өрхийн 18 хувь нь гэрэлтүүлэггүй, харанхуй орчинд амьдарч байна. Сүүлийн зургаан жилийн хугацаанд Шнайдер Электрик компани 5 сая гаруй хүнийг цахилгаан эрчим хүчний эх үүсвэрт холбоход хувь нэмрээ оруулжээ. Бид ирэх 10 жилд 50 сая хүнд эрчим хүч түгээхээр зорин ажиллаж байна. Шнайдерчууд бид “эрчим хүчээр хангагдах нь хүний үндсэн эрхүүдийн нэг бөгөөд эрчим хүч хүн бүрт хүртээмжтэй байх ёстой” хэмээн үздэг.

-Монголд энэ чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа бол?

-Энэ хүрээнд сайн үйлсийн аяныг жил бүр зохион байгуулж байна. Монгол дахь салбарын хамт олон энэхүү төслийн хүрээнд “Гэрт гэрэл” сайн үйлсийн аяныг зохион байгуулж, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн алслагдсан 24-р хорооны цахилгаан хангамжид холбогдоогүй, орлого багатай 96 айл өрхөд Мобиа зөөврийн гэрлээ суурилуулж, хүүхдийн суралцах цагийг уртасгах, насанд хүрэгчдийн бүтээмжтэй цагийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж өгсөн. Энэ Сайн Үйлсийн Аяны хүрээнд хандивласан Мобиа зөөврийн гэрэл нь эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд хоргүй LED гэрэлтэй бөгөөд нэг өдрийн нарны эрчим хүчний цэнэгээр 48 цагийн турш гэрэлтүүлэх чадвартай төдийгүй гар утас цэнэглэх боломжтой цогц төхөөрөмж юм. Бид мөн их, дээд сургуулиудтай хамтарч ажиллан, оюутнуудын хичээл сургалтад ашиглах зориулалтаар өөрсдийн бүтээгдэхүүн, шийдэл, лабораторийн төхөөрөмжүүдээ байнга хандивлаж ирсэн. Энэ хичээлийн жилд гэхэд бид манай түнш Стар Интеллижент Технологи ХХК-тай хамтран Барилгын Коллежийн цахилгаан хангамжийн тэнхимийн лабораторийн төхөөрөмжүүдийг шинэчлэн тоноглож хандивлах ажлыг эхлүүлээд байна. Мөн цаашид энэ чиглэлд хамтран ажиллахаар мэргэжлийн байгууллагуудтай хэлэлцээ хийж байна.

-Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

Ярилцсан Д.Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top