ЗИНДАА 2019.10.10 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 10 сарын 10

#1 ДЭЛХИЙН БАНК: МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГТ ЭРСДЭЛҮҮД БАЙНА
 

Дэлхийн банкнаас  Зүүн Ази, Номхон Далайн бүс нутгийн эдийн засгийн шинэ тайланг өнөөдөр  /2019.10.10/ танилцууллаа.  “Өсөн нэмэгдэж буй эрсдэлийг даван туулах нь” гэж гарчигласан тус тайланд дэлхийн эдийн засгийн идэвхжил, түүн дотроо Хятад улсын эрэлт саарч байгаа,  худалдааны маргаанаас шалтгаалсан тодорхой бус байдал нэмэгдсэн зэрэг нь экспорт, хөрөнгө оруулалтын идэвхжил саарахад нөлөөлж улмаар уг бүс нутгийн эдийн засгийн дархлааг шалгасан үйл явдал болж байгааг онцолсон байна. Бүс нутгийн эдийн засгийн төлөв байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс өмнө өөрийн улсын эдийн засгийн төлөв байдлыг тодотгоё. Монгол Улсын эдийн засаг оны эхний хагаст 7.3 хувьд хүрч өсөхөд  нүүрсний салбарын гүйцэтгэл, хувийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн зэрэг нь голлон нөлөөлсөн гэж Дэлхийн банкны зүгээс дүгнэлээ. Мөн түүнчлэн хөгжлийн түнш байгууллагуудын 5.5 тэрбум ам.долларын санхүүгийн дэмжлэгийн хүрээнд олон улсын санхүүгийн байгууллагуудын санхүүгийн дэмжлэг үргэлжилсэн нь хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлд эергээр нөлөөлөв. Үүний зэрэгцээ макро эдийн засаг, тэр дундаа төсвийн менежмент оновчтой байсан, бүтцийн шинжтэй бодлогууд үргэлжлэн хэрэгжиж байгаа нь багагүй хувь нэмэр оруулсан. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төлөв богино болон дунд хугацаанд эерэг хэвээр байна. Гэсэн хэдий ч улс төрийн тодорхой бус байдал нэмэгдэх, түүхий эдийн үнийн хэлбэлзэл, хил дээр гарч болзошгүй эрсдэлүүд, мөн мега төслүүдийн хэрэгжилт болон банкны салбарын шинэчлэлүүд удаашрах зэрэг эрсдэлүүд байгааг тайланд анхааруулжээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#2 ТОЙМ | МОНГОЛ, КАЗАХСТАНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦАА
 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх   Казахстан улсад  айлчилж байна. Жишиг ёсоор манай улс тус улстай харилцаагаа бүх шатанд ахиулах бодлого барьж буй. Айлчлалын хүрээнд хоёр орны Ерөнхий сайд нар ганцаарчилсан уулзалт хийж, албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус улсын анхны Ерөнхийлөгч Елбасы, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Нурсултан Абишевич Назарбаев нарт бараалхах хөтөлбөртэй. Албан ёсны хэлэлцээгээр улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, боловсролын салбарын асуудлуудыг хэлэлцэх хүлээлттэй байна. Хоёр орны харилцааг улам бүр сайжруулсан, бодитой асуудлууд шийдэгдэх эсэх нь удахгүй тодорхой болох биз ээ. Нур-Султан хотноо болох Монгол, Казахстаны бизнес форумд Ерөнхий сайд оролцох юм.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#3 УУРХАЙ, ЛИЦЕНЗИЙН ХӨЛД ДАРАГДСАН ДОРНОГОВЬ

“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ууд хамтран Монгол орон даяар өрнүүлж байгаа “Байгаль эх, хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлгийг энэ удаа Дорноговь аймагт зохион байгууллаа.  Хэлэлцүүлгийг хөтлөн явуулж буй МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр байгаль эх, газар шорооныхоо төлөө явуулж буй энэхүү арга хэмжээг хувь сэтгүүлчийнхээ хувьд, “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүнийхээ хувьд санаачлан хэрэгжүүлж байгаагаа онцлон хэлж байсан юм. Тэрээр мөн “Энэ хэлэлцүүлгийн ард ямар нэг эрх ашиг, улс төр байхгүй, Тост, Тосон бумбын жишиг тэмцлээс улбаалан орон даяар газар шорооныхоо төлөө хэлэлцүүлэг өрнүүлж байна. Хардахаасаа илүү итгэж, хамтарч ажиллаарай” хэмээж байлаа. Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор, Монгол Улсын маркшейдерийн зөвлөх инженер Д.Гэрэлгуа, “Босоо хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа нар илтгэл хэлэлцүүлсний дараа Дорноговь аймгийн сумдаас ирсэн иргэд санал бодол, байр сууриа илэрхийллээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#4 САСАКИ МИЗҮХО: БОЛОМЖ БАЙВАЛ МОНГОЛЧУУД ЯЛААСАЙ
 

Өнөөдөр Японы “Сайтама” цэнгэлдэх хүрээлэнд “Катар 2022” хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний урьдчилсан шатны тоглолт болно. “Хөх чононууд” нэртэй манай шигшээ баг “Цэнхэр самурайнууд” болох Японы багтай халз өрсөлдөх юм. Монголын баг дэлхийн чансааны 183-т эрэмбэлэгдэж байгаа бол Япон улсын шигшээ дэлхийд 31-р байранд бичигдсэн, Ази тивийн хамгийн шилдэг багийн нэг. Япончууд талбайдаа болох тус тоглолтод Европын том лигүүдэд тоглодог 20 тамирчнаа дуудсан нь ямар их анхаарал хандуулж байгааг илтгэн харуулж байна. Италид тоглодог Нагатомо, Английн “Саутгемптон” багийн Ёшида гээд телевизийн дэлгэцээр л харж байсан алдартнуудынхаа өөдөөс манай тамирчид тоглох нь. Ялалт, ялагдал хамаагүй энэ тоглолт Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн түүхэнд үлдэх тоглолт болно. Учир нь ийм хүчирхэг багтай бид учраа таарч байсан удаагүй. Ингээд Японы “Чюүничи спорт” сонинд гарсан нийтлэлийг танилцуулъя.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#5 ГАНЦХАН СУРАГЧ, ГАНЦ БАГШТАЙ СИБИРИЙН СУРГУУЛИЙН АМЬДРАЛ
 

Есдүгээр сарын 1-нд Сибирийн Себеляково тосгоны бага сургуульд ганцхан хүүхэд ирсэн. Есөн настай Равиль Ижмухаметов бол энэ сургуулийн цорын ганц сурагч. Ирэх жил Равиль хөрш тосгоны дунд сургуульд дэвшин суралцахад энэ сургууль хаагдах болно. Ганц сурагчдаа ганц багш хичээл заадаг. 61 настай Уминур Кучукова хэдэн жилийн өмнө тэтгэвэртээ гарах байсан ч ганц сурагчаа төгсгөх гээд хичээл заасаар байгаа аж.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top