Номгон сумын иргэд Цагаандэлийн боомт нээхийг эсэргүүцэв

2019 оны 10 сарын 18

“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ууд хамтран Монгол орон даяар өрнүүлж байгаа “Байгаль эх, хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг Өмнөговь аймгийн Номгон суманд үргэлжиллээ.

Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор, “Босоо хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа нар илтгэл тавьж, “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн, МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр хэлэлцүүлгийг хөтлөн явуулсан юм.

“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн Х.Мандахбаяр намрын дунд сарын 17-ны бэлгэт сайн өдөр олноороо хэлэлцүүлэгт ирж оролцсон Номгон сумын иргэдэд талархал илэрхийлээд “Номгон суманд БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Дун юань” компани, “Булаг сүүж майнинг” компаниуд үйл ажиллагаа явуулж нутгийн иргэдэд хор хохирол, нөлөөлөл үзүүлж байна. Бид хариуцлагатай уул уурхайг дэмжиж, хариуцлагагүй уул уурхайг таслан зогсоохоор орон даяар хэлэлцүүлэг зохион явуулж байгаа юм. Зуу сонсохоор нэг үз гэдэг. Хууль бус зүйлийг хууль ёсны болгохоор бид зорьж яваа. Энэ аравдугаар сарын 25-ны 13 цагаас Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод хэлэлцүүлгийн үр дүнгээр нэгдсэн хэлэлцүүлэг хийнэ. Ирэх 12 дугаар сард Улаанбаатар хотод Төрийн ордонд нэгдсэн хэлэлцүүлэг хийж та бүхний үгийг төр, засагт хүргэнэ. Тэдгээр арга хэмжээнд та бүхнийг оролцохыг урьж байна. Бидэнд ямар нэг захиарлга, улс төр байхгүй.  Сум бүрд, жалга болгонд уурхай байх ёсгүй. Цагаандэлийн боомт нээж Номгон сумын нутгаар авто зам тавих гэж байгааг нутгийн иргэд эсэргүүцэж байгааг харлаа. Аялал жуулчлалын гэсэн нэрийн дор үндсэндээ нүүрс тээвэрлэж гаргах бас нэг боомт нээх гэж байгааг нутгийнхан хэлж байна. Өөрөөр хэлбэл, хятад голдуу бизнесийнхний хэдэн уурхайг холбосон боомт нэмэх гэж байна. Өмнөх Гашуунсухайт, Цагаан хад боомтуудаа тохижуулах хэрэгтэй. Хоёрын хоёр боомттой нэг аймаг өөр хаана ч байхгүй. Тэр хоёр боомт хангалттай. Номгон суманд Сангийн далай хийд, энэ сайхан тал нутгийг харах гэж л аялагчид ирнэ. Гэтэл байгалийн үзэсгэлэнт газар, түүхийн дурсгалуудаас холуур боомт нээж зам тавьдаг нь өөр зорилготой. Энэ сайхан тал нутгийг нүүрс тээврийн замаар хэрчиж, сүйтгэвэл юу болох вэ” хэмээгээд хэлэлцүүлгийг нээлээ.

Тэрбээр мөн очсон сум болгондоо аймаг бүрийн бэрхшээл бол Монгол Улсын бэрхшээл. Тиймээс намчирхаж, талцаж, хуваагдалгүйгээр нэгдсэн нэг хүчээр Монголынхоо эрх ашгийн төлөө хуулийн хүчээр тэмцэх хэрэгтэйг сануулж байгаа юм.

“Босоо хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа “Түшээт хан аймгийн Түшээ гүний хошуунд бид ирээд байна. Бидний өвөг дээдэс үнэхээр уудам их нутгийг өвлүүлж өгснийг бид хэлэлцүүлэг хийж явахдаа үзэж харж байна. Манай өвөг дээдэс хэчнээн ядарч бусдын эрхшээлд байхдаа ч уул ус, газар шороогоо бусдаар хөндүүлж, ухуулж байгаагүй. Гэтэл өнөөдөр гаднынхан манай луйварчидтай нийлж газар, усыг ухуулж байна. Хордуулж байна. Монгол түмэн бол баатарлаг өвөг дээдсийн үр сад. Гэтэл одоо унтаж, манантаж байна. Тэр хойгуур газар шороогоо сүйтгүүлж байна.

Бид Монгол түмнээ сэрээч гэж хэлэх гэж Монгол орноо тойрч хэлэлцүүлэг хийж байна. Ашиг хайсан наймаачид ашгаа л бодно.

Бид тэмцлийнхээ үр дүнд Тосон бумбыг ард түмнийхээ талд шийдүүлж чадсан. Энэ жишиг тэмцэлдээ үндэслэн орон даяар хэлэлцүүлэг хийхээр зориод байна” гэв.

Тус сумын Засаг дарга Ж.Баяр-Эрдэнийн танилцуулснаар Номгоны нутагт түгэмэл тарацтай ашигт малтмалын 8, хайгуулын 9, ашиглалтын мөн тооны орчим лиценз байгаа аж. Иргэдийн ярьж буйгаар Гашуунсухайт руу нүүрс тээвэрлэж байгаа хүнд даацын машины 10 мянган жолооч бий. Тэд удаан хугацаагаар дугаарладаг. Бие засах газар байхгүй. Ундаа, усны саванд бие засч зам дагуу хаядаг. Өдөрт наад зах нь 3 удаа бие заслаа гэхэд шингэн ялгадсаар дүүргэсэн 30 мянган ундаа, усны сав, их хэмжээний ариун цэврийн цаас өдөр болгон зам дагуу үлдэж байгаа юм байна. Тэд улсын төсвийг бүрдүүлэлцэх гэж тэгж зүдэрч явна. Мөн нойрмоглохгүйн тулд мансуурдаг, дараа нь унтах гэж бас мансуурдаг. Ийм байдлаар хариуцлагагүй уул уурхайн балгаар олон хүн эрүүл мэндээ ч алдаж байгааг шүүмжилцгээв.
 


Номгон сумын малчин н.Бүжин хэлэхдээ “Бид дөрөв тавхан жилийн дараа гэхэд эрх чөлөөтэй амьдарч чадах уу, үгүй юү гэсэн асуулт тулгарч байна. Малчид тулгаа тойроод үүнийг их ярьдаг ч хамтраад явж чаддаггүй. МАА-гаа түшиглээд анхан шатны боловсруулах үйлдвэр байгуулъя гэхэд уул уурхайгаас илүү ашиг олохгүй гэж мохоодог. Уг нь мал аж ахуйн бүтээгдэхүүнээ боловсруулаад, ядаж архины шилэн дээр байдаг Чингис хааныхаа хөргийг арьс ширэн дээрээ урлаад бэлэг дурсгал болгомоор байна. Цагаандэлийн боомт бидэнд огт хэрэггүй. Аялал жуулчлал бол хэрэгтэй гэхэд дээрээс мэднэ гэдэг. Цогтцэций рүү хүнсэнд төхөөрсөн малын дотор тал ямар болсныг харсан.

Шинэ боомт нээхийн эсрэг иргэд бүгдээрээ гар гараасаа бариад тэмцье. Малаа туугаад нэг цаг явахад хотноосоо цагаан зүстэй гарсан мал тас хар болдог. Ингэхээр бид юугаар амьсгалж байгаа нь тодорхой” гэлээ.

Тус сумын иргэд ихээхэн утаа, тоос үүсгэж иргэдийн амьдрах орчинд ноцтой нөлөөлж буй хятадын хөрөнгө оруулалттай “Дун юань”, мөн “Булаг сүүж майнинг” компаниудын үйл ажиллагааг зогсоож, хэмжээ хязгаартай болгох нь зүйтэй хэмээн хэлцгээж байлаа. Тус сум газрын тос, метаны хийн нөөцтэй, үүнийг ашиглуулахгүй, газрын хий бол газрын гагнаас гэдэг. Метаны хийн ордыг нээвэл маш их хор хохиролтой гэж мэргэжилтнүүд хэлдэг. Соён гэгээрүүлэх ажил Номгонд байхгүй. Харин ийм хэлэлцүүлэг болж буй нь цаг үеэ маш их олсон ажил боллоо хэмээн нутгийн иргэд талархал илэрхийлэв.

Иргэн Х.Цэндоо “Дун юань” компанийн үйл ажиллагааг эсэргүүцэж хийж буй ажлуудаасаа хэлэлцүүлгийн үеэр ярив. Тус компани их хэмжээний химийн бодисоор нутаг орныг хордуулдаг ч нөхөн сэргээх, хор саармагжуулах ажил огт хийдэгггүй байна. Иргэн н.Батдорж Монгол Улсын нийт сумын 2 жилийн хэрэглээний нөөцтэй тэнцэх хэмжээний буюу 600 литр секунд усыг Оюутолгой компани ганцхан жилд зарцуулж буйг эсэргүүцэж байлаа. Тэрээр мөн  ховор эмийн ургамлуудын өлгий нутгийг уул уурхайн балгаар сүйтгэж, 5 га газрын сондуулыг хядсан талаар ярилаа. Сондуул нь гадаргын ус чийгийг барьж тэнцвэржүүлдэг, сондуулгүй бол цөлжилт нүүрлэнэ гэдгээс нутгийнхан эмээж буйгаа илэрхийлсэн юм.

Иргэн н.Баянмөнх “Уул уурхайгаа ашиглаад сайхан амьдраарай гэсэн ерөөл байдаггүй биз дээ. Шинэ боомт нээлээ гээд бидний амьдралд нэмэр болох зүйл огт байхгүй” гэсэн бол иргэд боомт нэмж нээлгэхгүйн төлөө Засгийн газарт бичиг өгөхийг санал болгож байв.

Ингээд тус сумын 120 гаруй иргэн Цагаандэлийн боомт нээхийг эсэргүүцэн, гарын үсгээ зурж, хэлэлцүүлгийн багийн ахлагч Х.Мандахбаярт гардууллаа.
 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
45-geh mald(59.153.113.143) 2019 оны 10 сарын 30

gobid haanaas tiim ih us oloh be malaa.hudag ni 400 honi usalahad duusdag gazar ch dee.gvnii hudag uhaad ch ttiim ih ustai gazar bhgui ee..

1  |  0
45(192.82.70.47) 2019 оны 10 сарын 30

замаа усаар норгоод тээвэрлэ

0  |  1
Top