САЙХАН ТҮҮХ: Баг зүүсэн өглөгч

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 21

АНУ-д Халловены баяр тохиож байгаа энэ цаг мөчид баг зүүсэн сайхан сэтгэлт нэгэн эр орон гэргүй хүмүүст 100 ам.доллар тараажээ. “Др. Мүү Мүү” гэж нэрлэсэн сайн санааны үйл ажиллагааг Нью-Йорк хотод төвтэй “Инсайд” сайн мэдээний цахим хуудас санаачлан зохион байгуулжээ.  Нью-Йорк хотод орон гэргүй гудамжинд хоноглодог 70 гаруй хүнд тэрээр тус бүрд нь 100 ам.доллар тараасан байна. Халловений баяраар хүмүүс аймшгийн кино үзэж, сүнс сүүдрийн тухай ярилцдаг ч тэрээр хүн баярлуулсан нууцлаг нэгэн болохоор шийджээ.

“Энэ баяраар хүмүүс хүссэн дүрдээ хувирдаг. Харин би нууцлаг өглөгч болохыг хүссэн. Тэгээд л энэ зүйлийг хийж байна. Энэ хүмүүс баярлаж, сэтгэл нь дүүрсэн болох нь тэр. Баг зүүсэн нь аль нэг супер баатар гэж бодох бус зүгээр л нэг өдөр ч гэсэн энэ хүмүүсийн зовлонг нимгэлье гэж бодсон” гэж Др. Девид МакГий ярьжээ.

Зохион байгуулагчид хоёр сар төлөвлөсний эцэст нуруу нугасны эмч, доктор Девид МакГийг сонгон “баг зүүсэн өглөгч” болгон хувиргажээ. Макгий зөвхөн 100 ам.доллар тараах бус нуруу нугасны шинжилгээнд үнэгүй хамрагдах эрхийг сонгосон хүмүүст өгсөн байна. Тэрбээр сүүлийн таван жилийн хугацаанд өөрийн санаачилгаар сайн санааны үйлс зохион байгуулж орон гэргүй хүмүүст туслах ажил эрхэлдэг аж. Түүнчлэн Нью-Йорк хотын Орон гэргүй хүмүүсийн халамжийн төвийн сайн дурын ажилтан гэх "албан тушаал" хашдаг нэгэн. Удахгүй болох зул сарын баяраар ч гэсэн сайн санааны ажлаа үргэлжлүүлнэ гэж зохион байгуулагчдад амласан байна. 
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top