Дундговьчууд “САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРД”-оос хувь эзэмшихийг хүсэж байна 

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 11 сарын 05

Наран ургах зүгээс эхэлсэн “Байгаль эх-хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг өчигдөр /2019.11.04/ Дундговь аймгийн төв Мандалговь хотноо үргэлжиллээ. Үндэсний хэлэлцүүлгийг “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга”, “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” төрийн бус байгууллага хамтран зохион байгуулж байгаа билээ. 

Дундговь аймагт ашигт малтмалын чиглэлээр 98 тусгай зөвшөөрөл олгожээ. Эдгээрийн 46 нь орон нутгийн, 11 нь хамтарсан хөрөнгө оруулалтай, 16 нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Харин хайгуулын 114 зөвшөөрөл байдаг аж.  Хэдийгээр эдийн засгийн гол үндэс нь мал аж ахуй ч ирээдүйд уул уурхайн ашигт малтмалын үр өгөөжийг нутагшуулах “мөрөөдөл”-тэй байдаг талаар аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ ярьж хэлэлцүүлгийн үеэр ярилаа. 

Тэрбээр “Уул уурхайн тээвэрлэлтээс бэлчээрт учруулах хор уршиг их. Олборлолтын технологи болхи. Түүхийгээр нь газагш гаргадаг. Байгаль орчныг хамгаалах хууль, эрх зүйн орчин хангалттай ч хэрэгжилт муу байдаг. Дундговь аймгийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл 13 сумын нутагт байна. Нийт хайгуулын болон ашиглалтын 217 лиценз бүртгэлтэй байдаг. Ашигт малтмалын бүтээгдэхүүний тээвэрлэлтийн асуудал байна. Үүнээс болж малын бэлчээр хомсдож, тоосжилт их боллоо. Энэ нь хүн, малын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна” хэмээн онолцсон юм. 

ДУНДГОВИЙН ЗОВЛОН

Өнөөдөр Дундговь аймагт уул уурхайтай холбоотой хэд, хэдэн асуудал “шүдний өвчин” болжээ. Хамгийн наад зах нь, Тавантолгойн нүүрс тээвэрлэдэг зам нутгаар нь дайрч өнгөрдөг явдал. Дайрах дайрахдаа нутгийн тусгай хамгаалалттай газраар нь нүүрс тээвэрлэсэн том оврын олон авто машин өнгөрч, газар нутгийнх нь онгон дагшин байгальд хохирол учруулдаг байна. Тиймээс Тавантолгойн нүүрс тээвэрлэдэг замыг нэн яаралтай хатуу хучилттай хар зам болгох шаардлага, хүсэлтийг хэлэлцүүлгийн үеэр төр, засгийнханд тавьж байлаа. Өөрөөр хэлбэл, дээрх асуудлыг улс бодлогоор зохицуулах шаардлагатай гэдгийг хэлж байна. 

Энэ талаар Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ “Тавантолгойгоос нүүрс тээвэрлэдэг зам нь манай аймгийн Загийн усны хоолой, Их газрын чулууны улсын тусгай хамгаалалттай бүсээр дайрч өнгөрдөг. Энэ нь хууль эрх зүйн хувьд зөрилттэй. Үүнийг нэн даруй шийдэж, замыг хатуу хучилттай болгох шаардлагатай. Олборлолтын үйл ажиллагааг эхлүүлэх зөвшөөрөл олгохдоо зөвхөн бүтээгдэхүүн тээвэрлэлтийнхээ асуудлыг шийдсэний дараа лиценз олгодог байх хэрэгтэй байна. Тээвэрлэлтийг зөвхөн шаардлага хангасан хатуу хучилттай авто замаар тээвэрлэх шаарлага тулгарч байна. Үүнийг төр бодлогоор зохицуулах ёстой” хэмээн тодотголоо. 

Түүнчлэн дундговьчуудын бас нэг зовлон нь бичил уул уурхай аж. Өнөөдөр тус аймгийн дөрвөн сумын нутаг дэвсгэрийг дамнан гар аргаар жонш ухдаг 486 бичил уурхайчин бүртгэлтэй байдаг. Тэд 60 метрээс 70 мянган метрийн цооног, нүхийг бий болгож байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Тэдний ухсан нүх, цооногийг нөхөн сэргээх боломж байдаггүй нь аймгийн хамгийн том зовлон болжээ. Тиймээс аймгийн Засаг даргын зүгээс жоншийг бичил уурхайчид олборлохыг хориглох шийдвэрийг гаргаж өгөхийг хүсэж байгаагаа уламжиллаа. Хамгийн гол нь, хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо аймгаас санал авдаг байх, нөөц багатай болон үр өгөөж бага газарт тусгай лиценз олгохгүй байхыг төр, засгийнханд дайлаа. 

ТЭД “МӨРӨӨДӨЛ”-ӨӨ ДАЙЛАА  

Дундговь аймгийн нутаг дэвсгэрт “Салхитын мөнгөний орд” байдаг. Засгийн газраас тус ордын тусгай хоёр зөвшөөрлийг цуцалж, хууль хяналтын байгууллагаас холбогдох хүмүүст нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ. Тэгвэл дундговьчууд тус орд газраас 51-ээс дээшгүй хувь эзэмшихийг хүсэж байгаагаа дайлаа. Засгийн газрын шийдвэрээр “Салхитын мөнгөний орд”-ын хоёр тусгай лицензийг цуцалж, тухайн аж ахуйн нэгжийн эд хөрөнгийг битүүмжилснээс хойш “Эрдэнэс Монгол” ХХК-д лицензийг шилжүүлэхээс өмнөх бүх хөрөнгийг аймгийн төсвөөс гаргажээ. Өөрөөр хэлбэл, аймгийн төсвөөс 45 сая төгрөгийг гаргасан байна. Энэ талаар аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ хэлэхдээ “Манай аймаг улсаас төсөв авдаг. Гэтэл төлөвлөгдөөгүй 45 сая төгрөгийг зарцуулаад байна. Үүнийг Засгийн газар болон “Эрдэнэс Монгол”-д тодорхой асуудлыг тавьсан ч шийдэгдээгүй байна” гэв. 

Харин “Салхитын мөнгөний орд”-оос хувь хүртэх асуудлыг Засгийн газар болон холбогдох газарт нь хүргүүлжээ. Энэ талаар “Хувь хүртэх саналыг бүх шатанд нь тавьсан. Энэхүү орд газраас хувь хүртдэг, түүнээсээ ард түмэн, орон нутгийнхаа хөгжилд үр өгөөжийг нь нааж явдаг байдалд шилжих шаардлагатай байна. “Салхитын мөнгөний орд”-ын лицензийг битүүмжилсний дараахан л саналаа тавьсан. Бид тус орд газраас 51-ээс дээшгүй хувь эзэмших саналтай байгаа юм. Үүнийгээ байя гэхэд 49, 34 хувь гэсэн хувилбар бий. Үүнийг шийдэх байх гэдэгт итгэж байна” хэмээн ярьсан юм. Хэрэв орон нутаг “Салхитын мөнгөний орд”-оос хувь хүртэх аваас төсөв, хөрөнгийн хувьд бие даасан аймаг болох бүрэн боломжтой гэдгийг онцолж байв. 

Нутгийн иргэдийн зүгээс орон нутагт байгаа бичил уурхайг бүгдийг нь хаах ёстой. Үнэхээр орон нутгийн хөгжилд нэмэр болохуйц уурхайг ажиллуулах хэрэгтэй. Бэлчээрийн даац ховордсон газарт уул уурхайг ажиллуулахыг хориглох шаардлагатай гэдгийг хэлж байлаа. Тухайлбал, Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг дарга Цэвэлмаа: Манай сум аймагтаа хамгийн олон лицензтэй. Нийт нутаг дэвсгэрийн 15 хувийг лицензийн талбай эзэлдэг. Ард иргэд мал аж ахуйгаа хөгжүүлэхээр тодорхойлсон байдаг. Зургаан зорилт тавьж ажилласан. Хоёр нь уул уурхайтай холбоотой зорилт тавьсан. Бид 12.5 га газарт биологийн нөхөн сэргээлтийг хийсэн. Аж ахуйн нэгжээс ашиглалт, хайгуулын лиценз авахад Засаг даргад ямар ч эрх байдаггүй. Нэг л мэдэхэд зөвшөөрөл авчихсан байдаг. Үүнийг шийдэх хэрэгтэй байна. Газрын хэвлийг хөндүүлэхгүй байх тал дээр анхаарах шаардлагатай байна. Манай сумын хувьд уул уурхайгаасаа илүү хүн, малд хор уршиг болж байгаа зүйл бол тоосжилт. Гурван аймгийн зургаан сумын дамнан явж байгаа том оврын авто машины цуваа байна. Энэ бол үнэхээр гамшиг, эмгэнэл. Бидний хүч үнэхээр хүрэхгүй байна” хэмээн ярилаа.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Unshigch(202.70.36.122) 2019 оны 11 сарын 06

Tuhain heleltsvvlegt suusan ym. Gants hvnii Chen’s tsuhas durdagdsan vgiig aimgiin ard irgediin hvsel Bolgoj Bichsen bn. \nBichil uurhaichid 70 myangan mitriin nvh uhah uu haana tiim barimt bn aa. Tus heleltsvvlegt yrigdsan bvh asuudliig bagtslaad tsegtsleed medeelleechee. Bichil uurhaig ajilluulah ymar garts gargalgaa bn ard irgediin sanal gomdoliig herhen shiideh Talaar hed heden hvnii amnaas garsan shvv dee vvniig nter vneneer ni medeelleechee. Setgvvlch ni yg ali taliig ni barisaniig oilgohgui ym

0  |  0
Зочин (103.9.90.53) 2019 оны 11 сарын 05

Авах л юм бодох юм даа.

0  |  0
Top