Сэлэнгэчүүд газар нутгийнхаа дөрвөн хувийг уул уурхайд алдсан ч ЛИЦЕНЗИЙНХЭЭ ТООГООР тэргүүлж байна

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 11 сарын 07

Хариуцлагатай уул уурхайн төлөө, байгаль эхээ хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Эрс шинэчлэл хөдөлгөөн", "Босоо хөх Монгол", "Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо" зэрэг төрийн бус байгууллагаас "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний хэлэлцүүлгийг орон даяар өрнүүлж байгаа билээ. Хэнтий аймгаас эхэлсэн энэхүү үндэсний хэлэлцүүлэг өчигдөр /2019.11.06/ арав дахь аймагтаа буюу Сэлэнгэ аймагт үргэлжиллээ. Энэхүү үндэсний хэлэлцүүлэгт оролцохоор тус аймгийн Сүхбаатар, Хүдэр, Баруунхараа, Ерөө сумын иргэдийн төлөөлөл болон уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

Үндсэн илтгэлийг Монголын хуульч, эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор, Монгол Улсын маркшейдерийн зөвлөх инженер Д.Гэрэлгуа, "Босоо хөх Монгол" төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа, "Эрс шинэчлэл хөдөлгөөн" төрийн бус байгууллагын тэргүүн Д.Энхбат нар тавилаа. Харин Сэлэнгэ аймгийн ашигт малтмал, уул уурхайн салбарын талаарх нэгдсэн мэдээллийг аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог өглөө.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН 13 СУМАНД 180 ЛИЦЕНЗ ОЛГОЖЭЭ

Сэлэнгэ аймаг 17 сумтай. Харин 13 суманд нь 180 лиценз олгожээ. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын хайгуулын 39, ашиглалтын 141 тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газраас олгосон байна. Энэ нь Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрийн дөрвөн хувийг эзэлдэг аж. Хэдийгээр аймгийн газар нутгийн дөрвөн хувийг уул уурхайн салбар эзэлдэг ч лиценз олголтынхоо тоогоор эхний гурван аймгийн нэгд тооцогддог байна.

Тэгвэл дээрх ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 180 лицензээс ердөө 21 нь хууль, журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг байна. Харин бусад аж ахуйн нэгж нь зөвхөн лиценз эзэмших л үүрэг хүлээжээ. Тиймээс Сэлэнгэ аймгийн зүгээс тэдний тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлтээ холбогдох газарт нь гаргаад байгаа талаар аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог хэлэлцүүлгийн үеэр хэлж байлаа.

Тэрбээр "Сэлэнгэ аймаг хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх бодлого баримтлан,  олон ажил, арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.  Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар “Аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн талаар бармтлах бодлого”, “Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулахад баримтлах журам”,  “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй аймгийн хөтөлбөр” зэрэг бодлогын баримт бичиг боловсруулан батлуулж, хэрэгжүүлэн ажиллаж байна. Дээрх бодлогын баримт бичгийн хүрээнд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, газар, ус ашиглалтын гэрээнүүдийн хэрэгжилтэд хяналт тавьж, холбогдох бичиг баримтуудын бүрдлийг шалгаж хянан баталгааны хуудсыг олгож, үйл ажиллагааг явуулж байна" хэмээн онцоллоо.

Ж.САЙНЦОГ: ОЛБОРЛОЛТ ЯВУУЛСАН ТАЛБАЙГ 100 ХУВЬ НӨХӨН СЭРГЭЭХ БОДЛОГО БАРЬЖ БАЙНА

Сэлэнгэ аймагт уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хэд, хэдэн томоохон аж ахуйн нэгж бий. Тухайлбал, "Болд төмөр Ерөө гол" компанийн Баянголын уурхай, "Эрдэс групп" компанийн "Төмөртэй" төмрийн хүдрийн уурхай, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" компанийн Төмөртэйн уурхай, Хөтөлийн "Цемент шохой" компани, "Редхил Монголия" компанийн Улаан овоогийн нүүрсний уурхай үйл ажиллагаа явуулж байна.

Үндэсний хэлэлцүүлгийн үеэр Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог "Аймгийн хэмжээнд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах, холбогдох хууль, журмыг зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, ашиглалт явуулсан талбайн нөхөн сэргээлтийг 100 хувь гүйцэтгүүлэх бодлого баримтлан ажиллаж байна. Хоёр жилийн өмнө аймгийн Засаг даргын 2017 оны А/331 тоот захирамжаар  ажлын хэсэг байгуулан Хүдэр, Ерөө, Бугант, Мандал, Баянгол, Орхонтуул, Түшиг сумдын нутаг дэвсгэрт уул уурхайн зориулалтаар ашиглагдсаны улмаас эвдрэлд орж, эзэнгүй орхигдсон газрын тооллогыг хийж,  бүртгэл, тооллогод нийт зургаан сумдын 94 нэгж талбар хамрагдаж эвдрэлд өртсөн талбайн хэмжээ 3635.42 га талбай байгааг тогтоосон" гэв.

Түүнчлэн "Эвдрэлд орж эзэнгүй орхигдсон  талбайд нөхөн сэргээлтийг хийлгэх зорилгоор өнгөрсөн зургаадугаар сард “Нөхөн сэргээлтийн өдрийг зарлах тухай” 76 тоот тогтоол гаргуулж, нөхөн сэргээлт хийлгэх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх бодлого барин ажилласнаар аймгийн хэмжээнд 2016-2018 оны байдлаар 214.89 га талбайд техникийн 74.3 га талбайд биологийн нөхөн сэргээлт, 2019 оны байдлаар 153 га талбайд техникийн 19.5 га талбайд биологийн нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгээд байна" хэмээн ярилаа.

СЭЛЭНГЭЧҮҮД "НИНЖА" НАРААСАА САЛЖ ЧАДЖЭЭ

Хэлэлцүүлгийн үеэр хөндөгдсөн нэг асуудал нь сэлэнгэчүүд алтны нинжа нараасаа нэг мөр салж чаджээ. Түүний оронд бичил уурхайг хөгжүүлж байгаа аж. Өөрөөр хэлбэл, бичил уурхайгаар ашигт малтмал олборлогч бичил уурхайн Дээвэр холбоонд бүртгэлтэй Мандал, Баянгол, Хүдэр, Ерөө, Орхонтуул сумдын найман төрийн бус байгууллага, бичил уурхайгаар ашигт малтмал олборлогч, нөхөрлөлийн зохион байгуулалтад нийт 45 нөхөрлөл бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байна.

Уул уурхай бүхий сумдын нутаг дэвсгэрт ашигт малтмал хайх, ашиглах, бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг тогтмол хийж байгаа бөгөөд “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”, “Ашигт малтмалын тухай хууль”, “Газрын тухай хууль “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн биелэлтийг шалгах, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, зөвшөөрөлгүй  техник, тоног төхөөрөмжүүдийг албадан буулгах, эвдэрсэн газрыг нөхөн сэргээх чиглэлээр хяналт шалгалтыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа гэх мэдээллийг хэлэлцүүлгийн үеэр албаныхан өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top