Улаанбаатар хотын түүхэн барилгуудыг үлдээх зөвлөмжийг УИХ-д хүргүүлнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 08

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос Улаанбаатар иргэдийн форумтой хамтран “Соёлын өвийг хамгаалцгаая” нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр /2019.11.08/ Төрийн ордонд зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл болон салбарын мэргэжилтэн, архитектор, соёлын зүтгэлтнүүд оролцож санал хүсэлтээ илэрхийлсэн юм.

Хэлэлцүүлгээс Улаанбаатар хотын түүхэн цаг үеийн чимэг болсон барилгуудыг аварч үлдэх санал, зөвлөмжийг нэгтгэн УИХ, Засгийн газарт хүргүүлэхээр болжээ. Учир нь соёлын өвийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах үүрэгтэй Монгол Улсын Засгийн газар болон соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Монгол Улсын түүх, соёлын үнэт өв, Улаанбаатар хотын түүхэн дурсгалт барилга байгууламжуудыг нурааж сүйтгэх санаачилгыг гарган, иргэдийн оролцоогүйгээр гардан хэрэгжүүлэхийг завдаж буйг Улаанбаатар хотын иргэд эрс эсэргүүцэж байгааг хэлэлцүүлэгт оролцогсод хэлж байлаа. Мөн дэлхийн сонгодог барилгуудын эх загварыг Монголын уламжлалт архитектурын шийдлээр баяжуулан урласан дахин давтагдашгүй түүхэн дурсгал болох Байгалийн түүхийн музей, Драмын Улсын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын төв номын сангийн барилгуудыг нураахыг эсэргүүцэж буйгаа салбарын мэргэжилтнүүд дурдаж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top