Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ЗУРГААН нам үлдэх үү!

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 13

Өнгөрсөн хугацаанд манай улсад амжилттай төлөвшиж ирсэн ардчиллын үнэт зүйлсийн нэг нь иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх, эрх чөлөө. Тиймээс улс төрийн намын эрх зүйн орчинд нухацтай хандах учиртай. Монголын улс төрийн намуудын эрх зүйн орчныг зохицуулж байгаа хууль нь 1990 онд батлагдаж, 14 жилийн өмнө шинэчлэгдсэн байдаг. Тэр цагаас хойш нийгмийн хөгжилд хэдэнтээ өөрчлөлт гарч, хуулийн зохицуулалт нь агуулгын хувьд ч, зохицуулалтын хувьд ч хоцрогджээ. Тиймээс л нэн яаралтай Үндсэн хууль, түүнээс улбаалан Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болсныг хэн хүнгүй хэлж байна.

Монгол Улсад Дээд шүүхэд бүртгэлтэй 35 улс төрийн нам үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр нам Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу 801-ээс доошгүй гишүүний бүртгэлтэйгээр байгуулагдсан. Гэтэл Үндсэн хуулийн өөрчлөлтөөр одоогийн 35 намаас зургаан нам л үлдэхээр байгааг зарим улс төрийн хүчин хэлж байна. Бусад 29 улс төрийн нам татан буугдах, эсвэл ямар нэгэн аргаар нэгдэж хуульд тавигдсан шаардлагыг хангахаас аргагүйд хүрч мэдэх аж. Бас ирээдүйд улс төрийн нам шинээр мэндлэх боломжгүй болно.

Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд 19'2 дахь хэсэгт “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэсэн заалт орж буй. Энэ нь иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх, эрх чөлөөг хязгаарлаж, сонгогчдын нэг хувь хүрэхгүй тооны гишүүнчлэлтэй улс төрийн намуудыг тарах, эсвэл нэгдэхийг шахсан хэлбэр болсон байна. Харин сонгогчдын нэгээс дээш хувийн гишүүнчлэлтэй гэх МАН, АН, Эх орон нам, ИЗНН, БНН, МАХН зэрэг намууд улс төрийн сонгуульд оролцох боломжтой гэсэн утга бүхий “картель” зохицуулалт болох аж. Улмаар намын хатуу гишүүнчлэлийг тулган хүлээлгэх эрх зүйн орныг бүрдүүлэх үндэслэл бий болсон байна. Иймд шийдвэр гаргагчид улс төрийн намуудын үйл ажиллагааг зохицуулахдаа “муйхар” арга хэрэглэхгүй байхыг зарим судлаач сануулж байв.

* * *

ХАРДЛАГА: ПАРЛАМЕНТЫН ГАДНААС

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд сайн зүйл заалт олон бий. Гэхдээ улс төрийн намуудад хамаарал бүхий 1912 дахь заалт нь иргэдийн сонголтыг хүчээр авах “төлөвлөгөө” болохыг парламентын гаднах нам, судлаачид хэлж байв. Улс төр судлаач Э.Гэрэлт-Од “Тэртэй тэргүй иргэд намуудад итгэхээ больсон. Итгэл алдсан учраас эрх баригч намууд 2020 он, 2024 оны сонгуульд үлдэх аргаа баталгаажуулсан улс төрийн зураглал гаргачхаад түүндээ зориулж хязгаарлагдмал сонголтыг тулгаж байна” гэсэн юм.

Тэрбээр үргэлжлүүлэн “Өмнөх сонгуулиудад дунджаар 15 улс төрийн нам өрсөлддөг байсан бол цаашдаа шалгарсан зургаан улс төрийн хүчин өрсөлдөх болох нь. Ирээдүйд 20 мянган гишүүн эвлэлдэн нэгдэж байж нам байгуулдаг болно. Гишүүдийн тоо нь сонгогчдын тоо нэмэгдэхийн хэрээр дагаад нэмэгдэнэ. Монголчууд өөр сонголт хийх, улс төрийн шинэ нам байгуулах, өнөөдрийн итгэл алдсан байгаа намуудаа өөрчлөх боломжгүй болно. Өөрөөр хэлбэл, улстөрчид Үндсэн хууль өөрчлөх нэрийдлээр сайхан зүйл амлаж байгаа ч цаагуураа саар зүйл хийх гэж оролдож байна. Намуудад итгэх итгэл буурсан нь сонгогчдын буруу биш. Сонгогчдын улс төрийн боловсрол өндөр болсон. Сонгуулиас сонгуулийн хооронд туршлагажсан. Мэдээж намууд ч туршлагажсан. Тийм болохоор л эцэг хуулиар ийм зохицуулалт хийж байгаа юм” хэмээсэн.
 


* * *


ТАЙЛБАР: ТӨРИЙН ОРДНООС
 

Монгол Улс нэг нам бүхий улс төрийн тогтолцооноос олон нам бүхий ардчилсан тогтолцоонд шилжээд 28 жилийг элээжээ. Гэсэн ч улс төрийн намууд үзэл баримтлал, үйл ажиллагаагаараа олон нийтийг татах, манлайлах шинж чанараа алдаж, төлөөллийн ардчиллын гол институтийн хувьд нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж чадахгүй байна. Хуулийн хүрээнд ч намын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны ил тод байдал, гишүүдийн эрх үүрэг, намын дотоод ардчиллын асуудлыг нарийвчлан зохицуулаагүйгээс дур зоргоороо аашлах, хувийн болон бүлэглэлүүдийн эрх ашиг идэвхжих байдал энгийн үзэгдэл болов. Мөн нам нь бодлого шийдвэрээ боловсруулахдаа судалгаанд тулгуурлахаас илүүтэй олон нийтийн санаа бодол, бизнес бүлэглэлүүдийн захиалгад тулгуурлах хандлагатай байгаа нь бодлогын намыг хөгжүүлэх хууль эрхзүйн орчин бүрдээгүйтэй холбоотой. Энэ нь улс төрийн намууд үзэл баримтлал, үнэт зүйлээсээ хазайх, цаг зуурын шинжтэй популист амлалт өгөх үйлдэл хийхэд хүргэдэг байна.

Энэ бүх асуудал 1992 оны Үндсэн хуульд орхигдсон гэж үздэг. Тиймээс Үндсэн хуульд улс төрийн намыг зохицуулах шаардлага гарч, 19 дүгээр зүйл дэх заалтуудыг оруулж иржээ. Тухайлбал, “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэсэн заалтаар Монголд улс төрийн намууд борооны дараах мөөг шиг олон болсон, ашиг хонжоо олох зорилгоор улс төрийн нам байгуулдаг байдлыг засах гэж оролдсон тухай УИХ-ын гишүүд хэлсэн. Анх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс улс төрийн намуудын нэр хүнд иргэдийн дунд унаж байгаа учраас нам байгуулах босгыг өндөр болгож 50 мянга дээр нэмэх нь нэг гэсэн гишүүнчлэлтэй байх саналыг оруулж байжээ. Харин ч УИХ-ын гишүүд хэлэлцээд сонгогчдын нэг хувь буюу одоогийн нөхцөлд барагцаалбал 20 мянгаас илүү гишүүнтэй байхаар тогтсон гэв.

Эл үйлдлээ эрх баригчид “Улс төрийн нам бол ардчиллын чухал бүрэлдэхүүн, иргэдийн хүсэл зорилгын илэрхийлэл. Иймд намуудыг зөв төлөвшүүлэх нь төрийн бодлогын үндсэн чиглэл байх ёстой. Улс төрийн намуудад итгэх итгэл сэргэснээр төрд итгэх итгэл бий болно. Улс төрийн намын үйл ажиллагааг Үндсэн хуульд тусгаснаар Монгол Улсад улс төрийн намын тогтолцоо жинхэнэ агуулгаараа төлөвшиж парламентын ардчилал бэхэжнэ” хэмээн тайлбарлаж байгаа юм.
 

* * *


ТУРШЛАГА: ГАДНЫН ОРНООС
 

Улстөрийн нам бол төрийн эрхийг авч болдог чухал институт учраас дэлхий нийт улс төрийн намуудын зохицуулалтыг Үндсэн хуульдаа тусгаж иржээ. Дэлхийн 121 улс Үндсэн хуульдаа улс төрийн намыг байгуулах зарчим, чиг үүрэг, зохион байгуулалтыг шууд тусгасан байдаг бол 94 улс намуудад тавих хязгаарлалтыг, 38 улс намын санхүүжилт, зарчмуудыг Үндсэн хуулиараа зохицуулсан байна. Гэхдээ ардчилсан орнуудын дунд улс төрийн нам байгуулагдах гишүүдийн тоотой холбоотой шалгуурыг Үндсэн хуульдаа тавихаас илүүтэй дагалдах хуулиар зохицуулдаг аж. Түүнчлэн Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэсэн ардчилсан орон болохын хувьд цаашид улс төрийн намтай холбоотой эрх зүйн шинэтгэлийг “Улс төрийн намын эрх зүйн Венецийн удирдамж”-ийн зарчмыг баримтлахыг олон улсын зөвлөхүүд сануулсан байдаг. Мэдээж манай улсын намуудын эрх зүйн орчныг дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлэх шаардлага бий. Тухайлбал, улс төрийн намыг бодлогын нам болгох үзэл санаа, зохицуулалтыг тусгаж, намын үнэт зүйл, үзэл баримтлалаа тууштай баримталдаг байх зарчмыг суулгах, санхүүжилтийг боловсронгуй болгох зэргээр зохицуулалт хийх учиртай. Улс төрийн нам нь хууль дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд болон санхүүгийн ил тод байдалд нэгдсэн хяналт тавьдаг байх асуудлыг хуульд тусгах хэрэгцээ байгаа юм.
 

* * *

АСУУЛТ: ҮНДСЭН ХУУЛИАС

Мэдээж хамгийн түрүүнд Үндсэн хуулийн өөрчлөлт хийгдэх учиртай. Хэдийгээр Үндсэн хуулийн асуудлыг УИХ-аар 2019 оны зургаадугаар сарын 12-ноос эхлэн хэлэлцэж байгаа ч энэ долоо хоногийн баасан гараг гэхэд эцэслэн батлах магадлал өндөр байна. Үндсэн хуулийн зөвшилцлийн асуудал өнөө, маргаашдаа үргэлжилнэ. Гэхдээ өмнө нь тохирсон 35 асуудлаас аль нэг заалтыг хөндөхгүй гэдгээ эрх баригчид хэлсэн. Уг 35 заалтад 19'2 заалт багтсан. Үндсэн хуулийг өөрчилсөн гэх “автор”-ыг зүүх гэж байгаа эрхмүүдийн зүгээс улс төрийн орчны эрхзүйн орчныг сайжруулах үүднээс улс төрийн намуудтай холбоотой гурван заалт оруулсан гэдэг. Үүнд 19'1 “Нам Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна”, 19'3 “Намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцэж, хөрөнгө, орлогын эх үүсвэр болон зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно” гэсэн зохицуулалтууд багтаж байгаа. Бас иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хязгаарласан гэх 19'2 “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэсэн заалт ч байгаа юм.

Үндсэн хуулийн өөрчлөлт энэ хэвээрээ батлагдах юм бол. Мэдээж батлагдана. Дагалдах хууль болох Улс төрийн намын тухай хуулийг энэ намрын чуулганаар амжиж батлах сурагтай байна. Харин Улс төрийн намуудын тухай хуулиар Монголд цөөн тооны нам үлдэх магадлалтай эцэг хуулийн зохицуулалтыг хэрхэн “эерүүлэх” бол?.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(85.218.48.83) 2019 оны 11 сарын 19

Gehdee yagad namuudin tuhai huulia 2025 gesen um boloo gej gaihaj bn,shuud heregjuulj jijig namuud negdeh estoi bizdee,ebe olon jijig nam nertei bulegleluud heregui shdee ugaasaa

0  |  0
Иргэн(202.21.126.30) 2019 оны 11 сарын 13

Зөв зөв, энэ олон намуудаар үхсэнээ хийдгийн. Нэг л их олон намууд... Гишүүн байна уу гэхээр бараг байхгүй, сонгууль дөхөхөөр л намын дарга нь гээд хэн ч танихгүй нөхөр зурагтаар гараад ирдэг, сонгуулийн дараа хэдэн жил таг чиг.

0  |  0
Top