Үндсэн хуульд 19 жилийн дараа өөрчлөлт орууллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 15

УИХ-ын чуулганы /2019.XI.14/ нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон 63 гишүүнээс 63 гишүүний буюу 100 хувийн саналаар баталлаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг бүхэлд нь баталъя гэсэн саналаар илээр гар өргөж санал хураалт явуулан санал өгсөн гишүүдийн нэрсийг УИХ-ын дарга Г.Занданшатар дуудан зарласан юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг батлах санал хураалтад МАН-ын гишүүдээс гадна бие даагч С.Жавхлан, ШИНЭ намын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар оролцсон бол АН-ын гишүүд хэлэлцүүлгийн явцад танхимыг орхин гарав.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсныхаа дараа УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах, нэмэлт өөрчлөлт батлагдлаа. 20 гаруй жил яригдаж, сүүлийн гурван парламент дамжин идэвхтэй өрнөсөн дөрвөн төсөл өргөн баригдсан Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж төрийнхөө ирээдүйн зам мөрөө тэгшлэн засах олон хүний хүсэл эрмэлзэл ажил хэрэг боллоо. Олон түмний сонголтоор байгуулагдсан долоо дахь удаагийн УИХ энэ үйл хэргийг гурван жилийн турш хэлэлцэв. Нэмэлт, өөрчлөлтийн төсөл өргөн баригдсанаас хойш УИХ дөрвөн сарын турш тасралтгүй хэлэлцэж, зуны сард ч завсарлагагүй ажилласан.

Энэ хугацаанд чуулганы болон байнгын хорооны хуралдаанаар төслийг 36 удаа, 105.9 цаг хэлэлцжээ. УИХ-ын гишүүд төслийн танилцуулгыг орон нутагт зохион байгуулж, иргэдээс 306 мянган санал авсан байна. Төрийн ордонд олон өдөр үргэлжилсэн хэлэлцүүлгүүдээр улс төрийн намууд, эрдэмтэн судлаачдаас 600 гаруй санал гарсан. Эдгээр санал бүрийг нухацтай авч үзлээ. Өөрөөр хэлбэл, нийгмийн зөвшилцлийг хангаж, өргөн хүрээг хамруулан баталж байгаа юм. Энэ үйл хэрэг амар байгаагүй. Бэрхшээл саад тохиолдсон гэхээсээ илүү эх орон ард түмнийхээ ирээдүйг бодсон хичээнгүй зүтгэл, нөр их хөдөлмөрийг шаардсан ажил байлаа. Ойлголцол зөвшилцлийг гүнээ эрхэмлэж, түмний төлөөх үйл хэрэгт хүлцэн тэвчих, нэгдэн хамтрах зарчмыг баримталсан. Төсөлд санал ирүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын эрхэм гишүүд, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудад гүн талархал илэрхийлье. Энэ үйл хэрэг бүтэмжтэй сайн байгаасай хэмээн харуулдан суусан Монголынхоо нийт ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Эрхэм нөхөд өө, бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нам, улс төр, бүлгийн эрх ашгаас ангид зөвхөн Монгол Улс, Монголын ар түмний язгуур эрх ашигт нийцэж байх тулгуур зарчмыг баримталсан. Өнгөрсөн бол сургамж, өнөөдөр бол боломж, маргааш бол бэлэг гэж М.Ганди хэлсэн байдаг. Тиймээс өнгөрсөндөө суралцаж, өнөөдрийн түүхэн боломжийг ашиглаж, маргаашийнхандаа бэлэг барих ёстой гэж бид үзсэн юм. Энэхүү нэмэлт, өөрчлөлт нь төр тогтвортой, түмэн амгалан, засаглал нь тогтвортой, шүүх нь хараат бус, нутгийн удирдлагын тогтолцоо нь байх суурь болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагалдан Үндэсний баялгийн тухай хууль, Сонгуулийн тухай хууль зэрэг 30 шахам хуульд өөрчлөлт орж, нийгэмд шударга ёс, төрд шударга ёс баттай ноёрхох суурийг тавих болно. Үр дүнд нь шударга ёс хариуцлага сахилга бүх шатанд хэвшсэн, хүний хийгээд нийгмийн хөгжилдөө зориулагдсан хөгжингүй улс орон болно гэдэгт эргэлзэхгүй байна. Үндсэн хуулиа сахин дагаж, шинэ нэмэлт, өөрчлөлтийг сайн цагийн уриа дуудлага хүлээн авч хамтран зүтгэхийг уриалъя. Монголоо Монголоор нь үлдээж, монгол түмнээ мохоохгүйн төлөөх эрхэм зорилго энэ өөрчлөлтөөр хэрэгжих болно. Эцэг өвгөдийн бидэнд өвлүүлсэн эрдэнэсийн эх орондоо амар түвшин, аз жаргалтай амьдран суухыг л ард түмэн хүсч байгаа. Энэ хүсэмжлэлийг төр биелүүлэх ёстой. Мөнх тэнгэрийн дор Монгол орон мөнх оршиж, Сэргэн мандан хөгжин бадрах болтугай” хэмээлээ.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүнээс 2019 оны зургаадугаар сарын 6-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ 2019 оны наймдугаар сарын 28, 29, есдүгээр сарын 4, 5, 7-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулж, хэлэлцүүлгийг амжилттай хийж дуусгасан байдаг. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу ард нийтийн санал асуулгад оруулах төслийн нэг, хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай 73 дугаар тогтоол баталсан. Улмаар 2019 оны есдүгээр сарын 20-ны өдөр Ерөнхийлөгчөөс УИХ-ын 73 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан. УИХ Ерөнхийлөгчийн хоригийг 2019 оны аравдугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэн хүлээн авах нь зүйтэй гэж үзэж хоёр дахь хэлэлцүүлгээр дэмжигдсэн 19 зүйл, 35 заалт бүхий төслийг 3 дахь хэлэлцүүлэгт оруулах хууль зүйн үр дагавар үүссэн. Ингэснээр УИХ төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлсэн билээ. Төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд УИХ-ын даргын 199 дүгээр захирамжаар байгуулагдсан Зөвшилцлийн ажлын хэсэг ажиллаж, АН-аас ирүүлсэн “Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх, УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах зэрэг саналыг зөвшилцөн оруулж ирсэн юм.

Хэлэлцүүлгийн явцад өрнөсөн сонирхолтой заалтаас тоймлон хүргэе. Тухайлбал, АН-аас санал болгосон “УИХ-ын сонгуулийг олонхын болон хувь тэнцүүлсэн зарчмыг хослуулан явуулна. Сонгогч тойрогт нэр дэвшсэн болон намын жагсаалтад орсон нэр дэвшигчийн төлөө санал өгнө” гэсэн заалтыг Үндсэн хуульд оруулах эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн 59.4 хувийн саналаар дэмжигдсэнгүй. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Бид ард түмнийхээ сонгох эрхэд халдаж байна. Сонгуульд 30 нам өрсөлдөнө гэж бодъё. 600 хүний нэртэй саналын хуудас гэж байх уу гэх зэргээр олон юм гарч ирнэ. Олон түмнээрээ шүүлгэсэн нь дээр. Дураараа дургидаг нөхөд намын жагсаалтаар ороод ирнэ. Мань мэтэд намын жагсаалтаар орж ирэх боломж гарах байх. Гэхдээ би хүсэхгүй байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Х.Баделхан “УИХ-ын гишүүн ард түмний төлөөлөл мөн. Үндсэн хуулийн энэ заалт хөндөгдөөгүй гэж ойлголоо. Тэгэхээр манай аймгаас гурван гишүүн сонгогддог. 1924 онд гурван төлөөлөл сууж байсан. 2012 онд сонгуулийг холимог тогтолцоогоор явахад хоёр гишүүн сонгогдож байсан. Өөрөөр хэлбэл, үндэсний цөөнхийн төлөөлөл бид холимог тогтолцоог дэмжихгүй” гэв. Харин УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Үндсэн хуулийн хэлэлцүүлэг эхэлснээс хойш олонхын түрэмгийллээр явж ирсэн. Яг одоо бол олонхынхоо хүслээр Үндсэн хуулийн хэлэлцүүлэг өндөрлөх гэж байгаа нь харамсалтай. Улс төрийн бусад намтай зөвшилцөнө гэснээ үгүйсгэлээ. Үндэсний хэмжээний ийм том намынхан “ар хударгаар хуурдаг”-ийг харлаа. Өнөөдөр бид зөвшилцөнө гэсэн итгэл үнэмшилтэй байсан. Сонгогчдын саналыг авахын тулд ирэх оны төсвийг баталсан. Өнөөдрийг хүртэл хамт байсан зөвшилцлийн ажлын хэсгийнхэнд. Бидэнд хийх ажил үлдээгүй учраас хуралдааныг орхилоо” хэмээснээр АН-ын зөвлөлийн гишүүд хуралдааныг орхилоо.


ҮНДСЭН ХУУЛИЙГ ИНГЭЖ ӨӨРЧИЛЛӨӨ

 

  • Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн 1 хувиас доошгүй иргэд эвлэлдэн нэгдэж байгуулна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх эсэхийг хуулиар тогтооно.
     
  • Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу “Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д анх оруулснаас хойш 45 хоногийн дотор,  эсвэл 43.1-д “Ерөнхий сайдыг огцруулснаас” эсвэл Ерөнхий сайдыг огцорсонд тооцсоноос хойш 30 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилоогүй бол УИХ-ыг тараах шийдвэр гаргана. Шийдвэр гаргаснаас хойш УИХ 10 хоногийн дотор шинэ сонгууль зарлана. Шинэ сонгууль явагдаж дуустал УИХ бүрэн эрхээ эдэлнэ.
     
  • Шүүхийн сахилгын хороо ажиллана.
     
  • Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд мөнхүү зорилгоор ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно.
     
  • УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн бол УИХ-ын гишүүнээс эгүүлэн татна.
     
  • Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, баялаг ой, усны нөөц, ан амьтан төрийн, нийтийн өмч мөн. Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж шударга хүртээхэд чиглэнэ.
     
  • УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. УИХ-ын ээлжит сонгуулийн явуулахын өмнө хуульд өөрчлөлт оруулж, батлах, өөрчлөлт оруулахыг хориглоно.
     
  • УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний 3/2 үзэж, эсвэл Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөж санал гаргасан бол УИХ-ын гишүүний 3/2-оор шийдвэрлэнэ.
     
  • Улсын төсвийг батлахдаа Засгийн газрын өргөн мэдүүлснээс бусад зарлагыг нэмэгдүүлж үл болно.
     
  • Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд хүрээ хязгаарыг хуулиар тогтооно.
     
  • Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол Улсын уугуул иргэнийг зөвхөн нэг удаа сонгоно.
     
  • Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын 4-өөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүн байж болно.
     
  • Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ.
     
  • Засгийн газрын гишүүнийг УИХ Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө.
     
  • УИХ-ын гишүүдийн 4/1-ээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг тавьсан бол УИХ 3 дараа хэлэлцэж, 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүд хэлэлцэн дэмжвэл тогтоолыг баталж, Ерөнхий сайдыг огцорсонд тооцно. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар огцорсонд тооцно. Шинэ Ерөнхий сайдыг 10 хоногийн дотор томилно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин:(66.181.161.16) 2019 оны 11 сарын 15

эг бус хуулийг зөрчин байж, хүчээр түрэмгийлэн ҮХ-ийн нэмэлт өөрчлөлт хэмээн батласан нь болж өгвөл 8 жил ард олны хүсэл санааг боогдуулах башир арга, хийснээ магтан саймшмрч, хэдэн мөнгө тарааж дараагийн сонгуулиар эрх мэдлээ хадгалж үлдэнэ гэсэн ”явууртай ч” байж болзошгүй булхайл даа. Монгол хэлэнд булхай булчингаараа гэсэн хэллэг байдаг ард түмэн л болгоож дээ. Ард олны санаа бодол, үг эрх мэдэлтнүүдийн нэг чихээр ороод нөгөө чихээр нь гарчихдаг болохоор төдий л өөрчлөлт хийхгүй биз дээ. Өнөөгийн батласан /хэрвээ ёсчлогдвол/ маргаашнаас эхлээд өөрсдөө зөрчиж эхлэнэ дээ.

0  |  0
Top