Монгол Улс Венесуэлтэй л урд хойноо ороод явна

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 19

Монгол Улс ээлжит муу үнэлгээгээ олон улсын судалгааны байгууллагаас авлаа. Авах авахдаа, дампуурал самуунд өртөөд буй Венесуэлийн ард жагсав. Ингэснээр Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны төвөөс эрхлэн гаргаж буй “Дэлхийн улс орнуудын авьяас, ур чадварын тайлан 2019”-д Монгол Улс 63 улсаас хамгийн сүүлд эрэмбэлэгдсэн байна. Тус байгууллага 2014 оноос эхлэн дэлхийн улс орнууд мэргэжлийн ур чадвартай ажиллах хүчийг хэрхэн татан ажиллуулж байгааг судлах болсон. Тэдний зүгээс ур чадвартай, боловсролтой хүний нөөц бэлтгэх нь өрсөлдөх чадварыг дээшлүүлж, урт хугацааны хөгжил дэвшилд хөтлөхөд чухал үүрэг гүйцэтгэдэг тодотгож байгаа.

Энэ удаагийн судалгаанд хамрагдсан улсуудын эрэмбийг хойноос нь танилцуулахад, Монгол, Венесуэл, Бразил, Мексик, Энэтхэг улсууд сүүл мушгиж байгаа бол уламжлал ёсоор боловсролын системээ өндөр хөгжүүлсэн Баруун Европын орнууд тэргүүлжээ. Ерөнхийдөө Швейцар, Дани, Швед, Австри, Люксенбург, Норвеги, Исланд, Финланд, Нидерланд гэсэн дарааллаар тэргүүлж байна. Азиас Сингапур ганцаараа эхний аравт жагсаж, тус улсын араас хөгжлийн тогтворжсон Герман, Америк, Канад улсууд эрэмбэлэгдэв.  Тэгвэл нийт 63 улсын үнэлгээг гаргахдаа, хөрөнгө оруулалтын хөгжил, чадварыг татах, мэргэжилтэн, ажиллах хүчийг ажиллуулах нээлттэй байдал гэсэн гурван үндсэн хүчин зүйлийг харгалзан үзсэн байна. Эдгээр үзүүлэлтүүдэд ур чадвартай мэргэжилтэнд оруулж буй хөрөнгө оруулалт, аль улс нь чадвартай ажиллах хүчийг татаж, тогтоон барьж ажиллуулж байгаагаар, мэргэжлийн ур чадвар зэрэг үзүүлэлтүүд дэлгэрэнгүй багтжээ. Монгол Улсын хувьд хөрөнгө оруулалт хөгжлөөр 59 дүгээрт, ур чадварыг татах үзүүлэлтээр 63 дугаарт, мэргэжилтэн ажиллах хүчийг ажиллуулах нээлттэй байдлаар мөн 63 дугаар буюу хамгийн муу үнэлгээ авчээ. Ингэхдээ их сургуулиудын боловсролын түвшин эдийн засагт өрсөлдөх чадвар багатай буюу 63, мэргэшсэн ажиллах хүчний нээлттэй байдал 62 дугаар байр эзэлжээ.

Монгол Улс өнгөрсөн оны тайланд 63 улсаас 62-т эрэмбэлэгдэж байсныг үзэхэд, ерөнхийдөө ганцхан байр ухарсан мэт. Гэхдээ тухайлсан үзүүлэлтүүдээр олон байраар хойшилсон. Тухайлбал, хөрөнгө оруулалт хөгжлийн хүчин зүйлээр 57-д, ур чадварыг татах үзүүлэлтээр 62-т, мэргэжилтэн ажиллах хүчнийг ажиллуулах нээлттэй байдлаар 55-д жагсаж байжээ. Ер нь уг тайланг боловсролын салбарт хөрөнгө их хаядаг, амьдралын чанар сайтай, дундаж эдийн засагтай улсууд тэргүүлдэг юм байна. Энэ жишгийн дагуу хөгжлийн зургаа зурсан орнууд жил ирэх тусам байр ахиж байгаа бол бид өнгөрсөн хугацаанд эдийн засгийн хямрал, самуунтай байгаа Венесуэлтэй л урд хойноо ороод явна. Монгол Улс ийнхүү сүүлийн дөрвөн жилийн гуравт нь сүүл мушгиж байгаа бөгөөд өнгөрсөн онд Венесуэлийн урд бичигдсэн байдаг.

Үүний өмнөхөн дэлхийн улс орнуудын бизнесийн өрсөлдөх чадварыг үнэлдэг “Бизнес эрхлэхүй” судалгаагаар сүүлийн хоёр жилд 20 орчим байр ухарч 190 орноос 81-д жагссан болохыг Дэлхийн банк группээс зарласан. Энэ тайлангаар дэлхийн аль улс орон бизнесийн орчноор тэргүүлж, тухайн жилдээ ямар шинэчлэл хийсэн бэ гэдэг үзүүлэлтийг харуулдаг. Монгол Улсын хувьд 2008 оноос хойш энэ жагсаалт муу дүн авсаар байгаа. Монгол Улс анх 2008 онд энэ жагсаалтад бүртгүүлэхэд 52-т жагсаж байсан. Энэ үзүүлэлт нь тухайн үед Татварын багц хууль батлагдаж, хэрэгжсэнтэй холбоотойгоор дээгүүрт жагсаж байсан юм. Дараагийн дөрвөн жилийн хувьд уналтын он жилүүд байжээ. Өнгөрсөн 2012 онд бүр 86 байранд жагсаж, дараагийн дөрвөн жил тодорхой хэмжээгээр ахиц гарсан. Харин 2016-2020 он хүртэл уналттай явж байгааг ОУСК-ын  төслийн удирдагч Д.Жигжидмаа анхааруулж байгаа. Мөн энэ оны Дэлхийн өрсөлдөх чадварын тайланг 63 орныг харьцуулан гаргахад, Монгол Улс нийт 100 оноо авахаас 45.2-ыг авч, Венесуэлийн урд 62 дугаарт эрэмбэлэгдсэн болохыг Эдийн засгийн өрсөлдөх бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс танилцуулсан.  Олон улсын хөгжлийн менежментийн институтийн судалгаагаар Монгол Улс сүүлээсээ хоёрдугаарт буюу мөн л Венесуэлийн урд бичигдсэн удаатай. Ер нь бол Монгол Улс сүүлийн таван жилийн хугацаанд өрсөлдөх чадварын бүхий л үзүүлэлтээрээ ухрах болсныг эдийн засагчид онцолж байгаа.

Тиймээс олон улсын байгууллагуудын оношлон гаргаж ирсэн асуудлуудаа цэгцэлсэн цагт өрсөлдөх чадварын үзүүлэлтүүд шат ахиж, хөрөнгө оруулалт өснө гэдгийг эдийн засагч Н.Энхбаяр онцолсон удаатай. Тэрбээр “Гадаадын хөрөнгө оруулагчид Монголд орж ирэхдээ орчноо судалдаг. Зөвхөн Засгийн газрын эх сурвалжтай танилцдаггүй. Олон улсын байгууллагуудын эх сурвалжийг ашиглаж байгаа. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг Өрсөлдөх чадварын индекс, ОУВС-гийн ажлын хэсгийн үнэлгээ гэх мэт олон эх сурвалжийн мэдээллийг харгалзан үздэг. Өнгөрсөн долоодугаар сард Америкийн Төрийн департаментаас гаргадаг Дэлхийн улс орнуудын хөрөнгө оруулалтын орчны тайланд Монгол Улсын алдаа оноог бүгдийг нь дурдсан байна лээ. Энэ мэт эх сурвалжууд Монгол Улсын эдийн засаг ямар байгаа вэ гэдгийг хөрөнгө оруулагчдад бодитоор харуулдаг толь. Бид эдийн засаг сайн байгаа талаараа тайлан гаргалаа ч олон улсын байгууллагуудын үзүүлэлтүүд маш тодорхой хариу өгдөг. Дэлхийн банкны бизнес эрхлэх орчны тайлангаар Монгол Улсыг тодорхой үзүүлэлтүүд байгаа. Цахилгаан эрчим хүчинд холбогдох асуудал хамгийн хойгуур байр эзэлдэг. Энэ үзүүлэлтээр Монгол улс дэлхийн орнуудаас 148 дугаар байранд явж байна.

Дампуурлыг хэрхэн шийдэж байгаа байдлаараа 152 дугаарт, гадаад худалдаа эрхлэлтээрээ мөн муу үзүүлэлттэй. Эдгээр үзүүлэлт ахихгүй байгаа учраас Монгол Улсын бизнес эрхлэлтийн орчны үнэлгээ сайжирдаггүй. Бидэнд шийдвэрлэх асуудлуудыг хөндлөнгийн мэргэжилтнүүд нарийвчилсан үнэлгээ хийгээд өгчихсөн. Одоо хийх ажлаа шуурхай хийгээд явахгүй бол маш цаг алдаж байгааг хэлмээр байна” хэмээн зөвлөж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top