30 минут гар утсаар ярьдаг хүмүүс хавдар тусах магадлал өндөр

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 09

Гар утас хэрэглэх нь тархины хорт хавдар үүсгэдэг байж болзошгүйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагааас /ДЭМБ/ анхааруулжээ. Хамгийн түгээмэл байдаг тархины хорт хавдрын эхний үе болох глиома нь гар утасны хэрэглээтэй дам холбоотой байдгийг эрдэмтэд тогтоосон байна.

Гар утсаар дуудлага хийхээсээ илүү цахим зурвасаар харилцахыг ДЭМБ-ын шинжээчид олон нийтэд зөвлөжээ. Учир нь гар утаснаас ялгарч байгаа долгион нь тархины хорт хавдар үүсэх магадлалыг нэмэгдүүлж болзошгүй байна.

Глиомагаар өвчилсөн хүний тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн болохыг эрдэмтэд тэмдэглэжээ. Энэ нь гар утасны борлуулалт өсч буй үетэй давхцаж байгаа юм. Түүний сацуу уг өвчнөөр өвчилсөн дийлэнх зөв талтай хүмүүсийн тархины баруун талд, харин солгой хүмүүсийн тархины зүүн тал бөмбөрцөгт хорт хавдар илэрсэн байна. Үүнээс үзвэл гар утас нь глиомаг үүсгэдэг хүчин зүйлүүдийн нэг болохыг нотолж байгаа юм. Түүний сацуу ДЭМБ гар утсыг хорт хавдар үүсгэдэг зүйлсийн жагсаалтад оруулсан байна.

Статистикийн мэдээнээс үзвэл 10 наснаасаа, эсвэл үүнээс эрт өдөрт дор хаяж 30 минут гар утсаар ярьдаг хүмүүс глиома тусах эрсдэл 40 хувиар илүү байна. Энэ үзэгдэл 2004 оноос эхлэн ажиглагджээ.

“Гар утас хэрэглэхэд тодорхой эрсдэл байгаа. Иймээс бид яаралтай судалгаа явуулж, тархинд нөлөөлдөг гар утасны долгионыг багасгах арга хэмжээ авна” гэж

Өмнөд Калифорнийн их сургуулийн эрдэмтэн Доктор Жонатан Самет ярьсан байна.

Өмнө нь маш олон судалгаа явуулсан боловч жинхэнэ шалтгааныг өнөөг хүртэл олж тогтоогоогүй байгаа юм. Энэ нь тухайн үед гар утас өргөн хэрэглэгддэггүй байсантай холбоотой байж магадгүй. Учир нь тархины хавдар нь олон жилийн хугацаанд бий болж, томордог ажээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top