Хэзээ ч намд элсэхгүй хэмээн тангараг өргөсөн Г.Баасан ирэх сонгуульд ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 10


  Ахмадын чөлөөт холбооны тэргүүн  Г.Баасан  ахмадуудыг төлөөлөн  жагсаж төрийн цагдаатай хүчийг үзэн барьцалдаж, баригдаж, жагсаж, тэмцэж, тэтгэврийн хөгшчүүдийг төв талбайд цуглуулж байснаас хойш долоон жил өнгөрчээ. Энэ хавар морьтой жагсагчид  Сүхийн  талбайг эзэгнэж  байхад супер жагсагч Баасанг үгүйлж байсан хүн цөөнгүй. Хэвлэл мэдээллээр бичигдэж, жагсаал цуглаан хийх завгүй болсон нь суралцахад ихэнх цагийг зарцуулж байгаатай нь  холбоотой гэнэ. Тэрээр “Төрийн ордонд ороод эрхийг өгөөд тамгыг нь бариулчихсан цагт үр дүн хариуцлага тооцоход хэцүү. Тийм учраас сонголтоо  зөв хийгээч ээ” хэмээн ард түмнээ уриалж байна.   Хэзээ ч намд элсэхгүй гэж тангараг өргөсөн хүний хувьд  ирэх сонгуульд бие даан нэр дэвшихээр шийдээд байгаа. Тэгээд ч Ард түмэн 1996 онд Ардчилсан хүчинд, 2000 онд МАХН-д, 2008 онд хоёуланд нь өгч үзсэн. Тэгэхээр энэ жилийн сонгуулиар яг өөр шиг нь хувь хүмүүсийг сонгоно гэсэн итгэлтэйгээр  өмнө нь нэр дэвшиж байсан Баянзүрх дүүргээ сонгожээ.  “УИХ-ыг төрийн машинтай зүйрлэх аваас  бизнес эрхэлж байгаа болон ямар нэгэн бүлэглэлд байгаа хүмүүсийг УИХ-д над шиг чөлөөтэй дуугарахгүй. Яагаад гэвэл тэдэнд өөр эрх ашиг үйлчилдэг. Өөрсдийнхөө мөнгийг хамгаалах, албан тушаалаа авч үлдэхийн тулд амиа  өгөхөөс буцахгүй хүмүүсээр УИХ  дүүрсэн. Тиймээс ямар нэг бизнесгүй, татварын дарамтгүй  хүмүүс улс төрд орж ирвэл энэ хүлээсийг тайлж чадна” хэмээн үзэж байгаа аж.  Одоогийн УИХ-ыг хоёр хөршийнхөө эрх ашигт нийцүүлсэн бодлого боловсруулж суудаг хэмээн шүүмжилж буй тэрээр өөрийгөө одоогийн УИХ-ын гишүүдтэй зүйрлэх хэрэггүй гэж итгэлтэйгээр хэлж байна. 2012 оны сонгуульд нэр дэвшихэд  түүний бэлтгэл ажил нь тархиа цэнэглэхэд зориулагдаж байгаа болохоор жагсаал цуглаанд оролцох  цаг заваар тун хомс байгаа гэнэ.  Юутай ч хууль батлах хэмжээнд очдоггүй юм аа гэхэд нэг ийм юм барьж хууль баталдаг юм байна гэдгийг мэдэхээр шамдан суралцаж буй тэрээр долоон жилийн өмнө төр засгийн бодлогыг эсэргүүцэн ахмадуудын эрх ашгийг хамгаалан  жагсаж байхдаа энэ талаар юу ч мэддэггүй байсан бололтой.  Ямартай ч номыг нь дуулж ногоотой шөлийг нь идэж байгаад улс төрийн амьдралд хөл тавихаар шийдээд байна.  Сурахад нас оройтдоггүй гэж үнэн ажээ.

 Б.Эрдэнэ.

 Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top