Генерал Л.Пүрэвдорж цөмийн хаягдал булсан байж болзошгүй гэсэн эх сурвалжаа 20 гаруй жил нууцалсаар явна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 10

Цөмийн хаягдлыг Монголд булшлах тухай халуухан бөгөөд аймшигтай яриа өвсөнд ассан түймэр адил дэлхийгээр нэг тархаж байна. Япон, Америкчуудыг хүртэл холбогдуулан шуугилдав. Ерөнхий сайд Сү.Батболд ч нэр холбогдоод авлаа. Харин энэ талаар төр, засгаас албан ёсны мэдэгдэл хийсэнгүй. Хаа газрын тэнэмэл яриа, золбин хардалт гэж үзсэн үү, яасан бүү мэд. Гэхдээ зарим нь ийм хардалтын сэжүүрийг анх  гаргасан хүмүүс нь эрх мэдэлтнүүд гэж буй. УИХ-ын гишүүн О.Чулуунбат нарын зэрэг улс төрчид цөмийн хаягдал булах ажлыг тухайн улс оронд оруулж байгаа томоохон “хөрөнгө” оруулалт гэх нь холгүй аашилж байна. О.Чулуунбат лав цөмийн хаягдал булж маш их ашиг олохыг хүсч байгаа бололтой. Тэрээр нэг бус удаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухайгаа хэлсэн. Гэхдээ цөмийн хаягдлыг манай улсад тээж авчраад булшлах тухай яриа 1980-аад онд ч мөн гарч байжээ. Тэр бүү хэл, манай говийн нэгэн сумын нутагт Оросууд авчраад булсан байж болзошгүй гэх мэдээлэл бий. Ийм мэдээллийг өөрийн биеэр сонсож, үүнийхээ мөрөөр мөшгөн хөөцөлдөж явсан хүн ч байна. Тэр нь генерал Л.Пүрэвдорж ажээ. Тэрээр 1990-ээд оны эхээр Батлан хамгаалах яаманд Улс төрийн газрын даргаар ажиллаж байсан юм. Өдгөө судлаач, зохиолч, сэтгүүлчийн хөдөлмөрт  зүтгэсээр яваа нэгэн. Хэд хэдэн роман бичсэн. Олон сайхан өгүүллэгүүдтэйг нь хүмүүс мэдэх байх. Мань хүн нэг өдөр Улс төрийн газрын даргын албан өрөөндөө сууж байтал Оросын КГБ-ын ажилтан ирж уулзсан гэдэг. Энгийн хувцас өмсөж, үгээ цэнэн байж ярьсан тэр чекистийн яриа генерал Л.Пүрэвдоржид маш их гайхал төрүүлжээ. Цаадах нь нэрээ нууцлахыг тун хичээнгүйлэн гуйсан байв. Тэрээр “Танай орны өмнөд говьд Оросууд маш нууц зүйл булсан. Цөмийн хаягдал байж болзошгүй. Тусгай торхонд хадгалсан зүйл байсан. Үүнийг би биеэр үзсэн. Тэгээд Оросын Зэвсэгт хүчний удирдлагад мэдэгдсэн. Одоо танд хэлж байна. Тэрхүү булсан зүйлийг нэг монгол инженер мэдэж байгаа” гэжээ. Ийм ноцтой зүйл сонссон генерал яаж зүгээр суухав. Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, БХЯ-ны сайдад албан ёсоор мэдэгджээ. Гэвч харамсалтай нь Л.Пүрэвдоржийг хоёрхон сарын дараа ажлаас нь чөлөөлсөн байна. Ингээд гэрт хийх ажилгүй сууж байсан мань хүн өнөөх чекистийн мэдээллийн мөрөөр оржээ. Тэрхүү торхтой зүйлийг булалцсан гэх газар зүйн хэмжилтийн мэргэжилтэнг арайхийн олж уулзав. Сайхь эр чухам юу булсныг мэдэхгүй байлаа. Ямартай ч нисдэг тэрэг тэр үеэр дээгүүр нь эргэлдэн хяналт тавьж байсан, нисдэг тэргэнд Оросын Зэвсэгт хүчний томоохон дарга сууж явсан талаар ярьсан гэнэ. Түүнтэй хамт байж булалцсан оросууд нь нисдэг тэрэг рүү хараад “Манай генерал” хэмээн ярилцаж байжээ. Харин хожим нь геологи, газар зүйн хэмжилтийн тэр мэргэжилтэнд Оросоос манай Шинжлэх ухааны академиар дамжуулан их хэмжээний мөнгө өгсөн гэдэг. Одоо болтол нэрийг нь чанд нууцалж яваа тэр мэргэжилтэнгээ дагуулаад өнөөх газар дээр нь очсон боловч ухаж төнхөлгүй орхин өнөөдрийг хүрчээ. Энэ бүх үйл явдлыг Л.Пүрэвдорж генерал хожим нь өөрийнхөө “Бэтэг” романд уран сайхны аргаар бичиж үлдээсэн байна. Хэрвээ тэрхүү том торхтой зүйл манай говь нутагт нууцаар булшлагдсан нь үнэн юм бол одоо Улсын Онцгой Комиссоос мэргэжлийн хүмүүсээр нь нарийн мэдрэгч багаж ашиглан шалгуулах хэрэгтэй юм даа.   

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал   

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top