Улс төрийн халуун өдрүүд зуны эхэн сарын нартай хамт ёстой аахилуулж өгч байна. Төрийн ордонд өнөөх хэдэн “гахай” маань хэрэлдээд сүйд боллоо. Эрх ашгийн зөрчил тэнд дээд цэгтээ тулжээ. Гэхдээ эрх ашиг болгон өөр өөрийн өнгө төрхтэй. Энэ удаагийн хэрүүлийн хоёр талд зогссон улс төрчдийн эрх ашиг эх орноо сарны гадаргуу шиг болгох эсэх дээр хуваагдаж байна. Зарим нь яг сөнөсөн ертөнц лугаа адил болгохыг мөрөөдөөд байх шиг байна. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ гишүүний санаачилж батлуулсан “Урт” нэртэй хуулийг өөрчлөн уул усаа үгүй хийж, унаган байгалиа тэр чигт нь сүйтгэх гээд байгаа 260 гаруй уурхайг хаалгахгүй гэнэ. Байгаль орчин хүнс хдөө аж аж ахуйн байнгын хорооны хурлаар ийм аймшигтай зүйлийг дэмжээд УИХ-ын нэгдсэн хуралдаанд оруулахаар болсон нь эх орноо гэсэн элгэн халуун сэтгэлтэй гишүүдийг ийнхүү босч тэмцэхэд хүргэж байна. Тэдгээр босогчдын тэргүүн эгнээд Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Д.Ганхуяг, Ц.Сэдванчиг, Г.Баярсайхан нар яваа ажээ. Тэдний араас олон улс төрч өнөөдрөөс эхлэн нэгдэж “жагсах”-аар болж байх шиг байна. Аливаа амбицлах ажлаас буцдаггүй өнөөх Л.Гүндалай ч тэдэнтэй дуу хоолойгоо нийлүүлээд авлаа. Уг нь жаахан эд мөнгөний сонирхолдоо хөтлөгдөх гээд байдгийг нь эс тооцвол бас ч гэж нөгөө олигархиудаа бодвол эх орончийн хуйх гэж түүнийг үнэлэх хүн цөөнгүй. Ийнхүү эгнээгээ тэлсэн тэдгээр тэмцэгч улс төрчид уул уурхайн үйлдвэрлэл нэрийн дор хэт замбараагүйтсэн аж ахуйн үйл ажиллагааг цэгцлэхийг шаардаж байна. Ингэхдээ мөн Засгийн газрыг олон улсын Экологийн шүүхэд өгч зарим ноцтой үр дагаварыг таслан зогсоохоо мэдэгдэж байгаа ажээ.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )