"Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга", “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн”-өөс хамтран зохион байгуулж буй "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний чуулган Төрийн ордонд үргэлжилж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат чуулганд оролцож, үг хэллээ.
Тэрбээр "Яамны зүгээс уул уурхайн салбарт хариуцлагатай ажиллаж байгаа газрыг дэмжиж, хариуцлагагүй уул уурхайг эсэргүүцэж байгаа. Салбарынхан хариуцлагатай уул уурхайг хөгжүүлээч ээ гэж хэлмээр байна. Яамны зүгээс уул уурхайн салбарынханд байгальд ээлтэй стандартуудыг мөрдөж ажилла гэсэн даалгавруудыг өгсөн байна. Уул уурхайг дагаад усны асуудал яригддаг. Тиймээс 2012-2016 онд татан буугдсан байсан усны агентлагийг дахин байгуулахаар болж байна. Он гараад энэ агентлаг ажиллаж эхэлнэ. Ингэснээр усны асуудалд төрийн хяналт орж байна гэсэн үг. Түүнчлэн хэн усыг их бохирдуулж байна, тэр төлбөр өндөр төлнө. Дэлхий нийт бохир ус ч гэсэн цэвэр ус гэдэг чиг хандлага руу явж байна. Бид энэ чиглэлд ажиллаж, усыг дахин ашиглах тухай судалгаа чиглэлтэй байна. Энэ асуудлаар тогтвортой үйл ажиллагаа явуулна. Энэ салбарт хариуцлага сахилга батыг сайжруулах шаардлага тавина. Одоо эхнээсээ сахилга баттай болж байна. Өнгөрснийг бодвол сахилга бат сайжирсан гэдгийг та бүгдэд хэлэх нь зүйтэй. Мөн бид байгаль орчинд тулгарч байгаа бодит үнэнийг мөн хэлэх хэрэгтэй. Уул уурхайтай зэрэгцээд бэлчээрийн даацын асуудал яригдах боллоо. Найман мал байх газарт 12 мал бэлчиж байна гэсэн тоо гарсан. Тиймээс цаашдаа малчид зохистой тоо хэмжээг барих шаардлагатай болж байна. Мал аж ахуй, таваарын чиглэлд хүнс хөдөө аж ахуйн салбарынхан мөн анхаарах шаардлагатай байна. Мөн орон нутгийнхаа удирдлагуудыг чадваржуулах шаардлага тулгарч байна. Шат шатны дарга нар ажлаа хийгээгүйгээс асуудал үүсэж байна. Хэлэлцүүлгийн үеэр Х.Мандахбаяр болон шадар сайд ч хэлж байна. Хуурамчаар бүрдүүлсэн баримт бичгүүд шүүхийн шатанд илэрч байна. Яамнаас бол бидэнд бүрдүүлж ирсэн баримт бичгийг харж байгаа болохоос хуурамчаар үйлдсэн эсэхийг мэдэхгүй гэдгийг та бүхэн мөн ойлгох хэрэгтэй. Цаашдаа бид олон тал болох гээд байгаа юм биш ээ. Бидэнд мэдлэг боловсрол хэрэгтэй байна. Төрийн байгууллага болон хувийн хэвшлийнхний хууль, дүрэм, журмын ойлголтуудыг нэгтгэнэ. УИХ-аас түүхэн шийдвэр гарсан. Энэ бол иргэн бүр байгалийн баялгийг тэгш хүртэх ёстой гэсэн агуулга. Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газарт Экологийн цагдаа гэж бий болсон. Он гараад энэ бүрэлдэхүүн ажиллаж эхэлнэ. Сэлэнгэ аймагт бид агаарын тандалт хийлээ. Хаана ямар талбайд өөрчлөлт гарав гэдгийг тодорхойлж байна. Цаашдаа хуулийг аргалж болдог гэдэг ойлголт байхгүй. Тиймээс уул уурхайн салбарынханд хууль эрхзүй болон төрийн хяналт чангарч байгаа гэдгийг хатуу хэлмээр байна. Цаашдаа байгальд ээлтэй технологи ашигла, стандартууд аа мөрд. Ингээд эцэст нь сайхан монгол орноо бүрэн бүтэн байлгахын төлөө хүчээ нэгтгэе гэж уриалж байна” гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Экологи, байгалийн давагдашгүй хүчин зүйл-форс мажороо ч ойлгохгүй аав, хүү хоёрыг хорхойтсон баавгайд бариулсан алуурчин сайд Г.Цэрэнбат Засагт байж болохгүй.Хурдан зайлуулвал таарна.