ШҮҮМЖ: Эгэл үнэнийг хайсан буриадын нүүдэл, хэлмэгдэл-III

Админ | Zindaa.mn
2019 оны 12 сарын 29

-СЭНГИЙН ЭРДЭНИЙН МЭНДЭЛСНИЙ 90 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАВ-

А.Мөнх-Оргил

(Хэл, бичгийн ухааны доктор, дэд профессор)

Энэ машины овоо харааны нэг гол бай бол бурхан шашин, түүний бие төлөөлөгч лам нар тийш чиглэсэн. “Бурхны шашны эсрэг нэгэн цагт босоод дарагдсан ландармууд дахин хаанаас өндийж ирэв ээ? Энэ тухай монгол даяараа шивнэлдэн буй. Хоосорсон хийдүүдийн ядарсан лам нар шарын жанчаа харын дээлээр сольж ардынхаа бор гэрт толгой шургуулан, санваараа тэнгэрт өргөж, чойгоо газарт булаад мөнөөх хэрээнүүд хэзээ нүдийг нь ухахыг хүлээн сууцгаав. Бурхны орон байсан монгол хувьсгалын орон болсноор тийнхүү цөвүүн цаг ирэв гэлцэнэ. Гэвч байгуулья гэсэн бурхны орон ч, өнөөх энд тэнд орон хийддээ хүслэн болгож урлан тавьсан диваажин шамбалын орон нь ч сүслэл хүслэнгийн хүчээр үүдсэн хий үзэгдэл төдий байж.”  Бурхны шашны мухардал, лам нарын айдас эргэлзээ, нөмрөн ирж буй аюулын өмнө ийнхүү хариултгүй асуултад мухардаж, бүхэл бүтэн давхаргаараа өртөж байна. Ийм дуу чимээ Гилбэр дуган, Ламын хүрээнд ч хүрч, тэр их баривчилгаа хэзээ биднийг дайрах бол гэсэн хүлээлтээс ч халин гарч, Онон Балжийн төдийгүй нийт буриад зоныг бас нэгэн овоо хараандаа онилон, цагаан сарыг нь хар сар болголоо. Чухам яагаад буриадууд өртөв өө? “Монголын яс махны тасархай тэд орос газар гарсан улаан хувьсгалын гал дунд хамрагдан донсолсон олон ястан үндэстний дотроос бас ч гарсан гарвал, төөрсөн төрлөө бараадах зүг чигтэй, сэтгэлийн дуудлагатай байснаар халхад асгаран ирсэн. Тэр нь нэг гэм болжээ. Октябрийн хувьсгалаас урван гарсан, цагаан бароны цэрэгт явсан Ванданов, Тавхайн Дугар, Жигмид Жамбалон мэт дээрэмчдийн хамаатан садан гэх буруудалтай. Тэгээд бас Сүхбаатар, Чойбалсан жанжнууд аль аль нь хувьсгалч буриад нартай ах дүү амраг садан шиг явсан гэх. Маршал Чойбалсан буриад багшийн ачаар орос эрдэм сурсан гэх. Хувьсгалын эхнээс Жамсраны Цэвээн, Элбэгдорж, Амгаев нарын лут лут буриадууд монголын нам төрийн толгойд явалцсан, эдүгээ ч эрдэм номтой нь буриад л гэлцэх. Тийн халхыг бараадсан нь буриад нар оруул оргуул гэвэл ч болохоор, оросын тасархай гэхэд ч болмоор аж... Түүний цаана оросууд буриадаа хувьсгалаас оргон зайлсан гэдгийг яагаад ч юм мартаагүй нь илт байлаа. Хориод оны дундуур мөнөөх дээгүүр албаны буриад нарын хөөцөлдлөгөөр монголын буриад нарыг тохинуулах улсын хурал гэгчийг байгуулж дагаар оруулан таван хошуу байгуулснаар хэрэг дууссан мэт байснаа бүр саяхан гэв гэнэт хаанаас ч юм дагаар эс орогсдыг орос газар хөөн явуулах шийд гарч бөөн хэрэг дэгдсэн. Хэрэв хувьсгалын эсэргүү, гадаадын тагнуулууд байвал Онон, Балжийн буриад зоны дундаас л илрэх ёстой аж... Оросууд нэгэнт лам нарыг довтлохыг сануулан зөвлөж байгаа юм чинь буриадуудын эсрэг довтлохыг хэлж яагаад чадахгүй билээ. Оросын дотоод яамныхан манай дотоод яамныхныг үнэн хэрэгтээ удирдан жолоодож байгаа. Тэр яамны ажилтны бараг л хоёрын нэг нь ихэнхдээ халимаг буюу буриад сургагчтай.”

Хэлмэгдүүлэлтийн овоо харааны нэгэн том бай буриадууд болсон учрыг зохиолч Сонровын бодлоор ингэж эрэн хайж иржээ. Түүхийн үнэнээс ч нэг их зөрөхгүй л болов уу. Энэ тухай архивын баримт цөөнгүй дэлгэгдэж, түүхийн судалгаанууд ч багагүй гарсан. “Шинэ эргэлтийн гэх хувьсгалт бодлого хэрэгжиж байсан тайван нэгэн жил. Тэр жил буриад ястныг үр үндсээр нь хяджээ. “Улаанбаатарын”, “Хэнтийн”, “Дорнодын” гэсэн гурван зохиомол хэрэг үүсгэж нийлүүлээд “Лхүмбийн хэрэг” гэж нэрлэсэн аж. Баривчлагсдыг дундад зууны инкивизаторын аргаар эрүү шүүлтээр тамлан зовоож байв. Үй олон хүнийг цааш нь харуулсан даа. Эрдэнэ гуайн төрсөн сум Дадалын засаг дарга агсан эмэгтэйг жирэмсэн байхад нь буудан хороосон.”  Боохой борооноор гэж, иймэрхүү их эргүүлэг дунд увайгүй нэгэн баатар болж, өчүүхэн эрх ашгаа хутган гүйцэлдүүлэх нь нэн түгээмэл. Яндаг Цэвэлмааг өвөртөө хийхийн тулд ахыг нь албадан Орост буцаах нэгэн үймээнд албаар оруулсан. Үст Хөх ч ялгаагүй Цэвэлмааг ийм л шалтгаар тэвэрч байна. Гэхдээ энэ бол аль түрүүнээс дүрслэгдсэн зохиомж, амьдралын эгэл үнэнээс урган гарсан нүцгэн үнэн. “Холбоо гурван туужид дотоодыг хамгаалахын төлөөлөгч Аюураар төлөөлүүлэн Сэмжидийг өөрийн болгохын тулд түүний дүү Баатарыг хилс хэргээр шоронд хорьж байгаа өгүүлэмж нь тухайн цаг үедээ Эрдэнэ зохиолчоос хэлмэгдлийн тухай эхэлж тавьсан цэг, цаашид үргэлжлэх эхлэл байжээ.”  Хэдийгээр амьдрал дээр, түүхэн үнэний хувьд байсан зүйл боловч, цэвэр уран сайхны хэрэглүүр, зохиомж талаасаа бол зөвхөн хэлмэгдэл гэлтгүй, эмэгтэй хүний дүр нь иймэрхүү хэрэгсэл болох, өдөөгч шалтаг, шалтгааныг төлөөлөх, төлбөр тооцооны хуудас болох нь бий. Ялангуяа С.Эрдэнийн зохиолуудад эмэгтэй хүний дүр нэлээд өвөрмөц байдлаар илэрч, амьдралын нүцгэн үнэнийг нээх нэгэн түлхүүр болсон нь сонирхолтой.

Романд хэлмэгдлийн шалтгааныг асууж, шалтгийг тодорхойлж, мөн чанарыг нээж, хувь хүнээс эхлээд нийгэм тэр чигтээ итгэл үнэмшлээ алдаж буйг харуулж, хожим хойчийн үеийнхэнд асар их сургамж үлдээсэн нь зүй. Харин буриадын хэлмэгдэл, бурхны шашны тухай цааш үргэлжлүүлэн, нэгэнт тухайн хэлмэгдлийн талаар ямар нэг байдлаар хангалттай дүрсэлсэн бол, чухам энэ л хоёр сэдвээрээ дулдуйдан, цааш сүлжилдүүлж, амьдралын нүцгэн үнэний тухай сонирхолтойгоор дэлгэсэн нь бас үлджээ. Хэдийгээр энэ үедээ тийм ч олон зохиол бичээгүй боловч 1990-ээд оны дундуур “Бэлэвсэн хүүхнүүдийн найр”, “Нууц тарни” хэмээх богино өгүүллэгтээ С.Эрдэнэ өнөөх том царс модны мөчир, навч нахиа болгонд яваад байсан тэрхүү нүцгэн үнэн гэгчээ тун тодорхойгоор гаргасан байгааг харж болох юм. Нэгэн үе баатрууд нь буриадын нүүдлийг сурталчилж, шашингүйн үзлийг номлож, бурхны сургаал, сүсэг бишрэлийн мананд төөрч будилахгүйн төлөө тэмцэж явсан, мөн нэг үе улаан орхимж нь улаан нэлий цусны өнгөөр амилж, жинхэнэ хуврагийн ёсоор гагцхүү чин итгэл үнэмшлийг ч барьж явсан удаатай. Энэ бүхэн хувь бодгалын биш түүхийн эргүүлэг, нийгмийн хүчин зүйл, өөрөөс нь үл хамаарах тийм л нөхцөл байдлын шууд үр дагавар болон харагдаж ирсэн гэхнээ болно. Харин “Нууц тарни” өгүүллэгт залуу ламын жинхэнэ бодгал чанар, хүний байгалийн өгөгдөхүүн, төрөлх мөн чанар өөрийгөө амьд байгааг зарлан, нийгмийн хүчин зүйлийн оролцоогүй болсон шашны өөрийнх нь ёс горим, хууль номоос даван гарч ирсэн хэрэг тарьжээ. Энэ үнэний цаанаас магадгүй Лодон гэвшийн улаан орхимжны намирааг олж харж болох юм. XXI зууны Лодон гэвш. Өөрөөр хэлбэл гадаадын эмэгтэй ламд сэтгэл алдарсан залуу хуврагыг ярих, түүний болох болохгүйг хүүрнэхийн тулд “Ламбагуайн нулимс”-ны шорвог амтыг дахин нэгэнтээ ярих хэрэг гарна. Цаашлаад хоёр Дамбын маргаанаа ч үг, үсэгчлэн унших шаардлага үүднэ. Явсаар та бид өөрсдийнхөө тухай, хэнд ч хэлдэггүй, хэлэхийг хүсдэггүй, хэлэх зүйл байхгүй мэт мэлздэг тийм л нуугдмал төрхөө толинд харах болно.

Хэлмэгдлийн дараа гэрийн хоймор онгойж эзгүйрэн, Хүүхнүүдийн зун айлчилж, Бэлэвсэн хүүхнүүдийн найр хавтгайрсан юм. Ийм л найранд ганцаар “уригдаж” ирсэн Батмөнх өөрийн унаган багын сэтгэлт бүсгүйгээ жинхэнэ өөрийн болгосон юм шиг бодон байтал, “найрлаж“ буй бүх л хүүхнүүдийг өөрийн болгож болох тухай санал хүлээн авах нь тэр. “Пөөх паах санагдах энэ үйлдээ биш энэ үйлээр дамжуулан хэлмэгдлийн хор уршгийг хурцаар тавьсан нь зохиолчийн гавьяа. Марксист гүн ухаан, үзэл суртал, урлах аргад хүн бол нийгмийн амьтан хэмээх сургаал голлох байр суурьтай хэмээн байгалийн чанарыг орхигдуулдаг байсан бол С.Эрдэнэ энэ чанарыг нь өргөн тавьснаараа... ” зөвхөн хэлмэгдэж хоцорсон, эзгүйрсэн хоймор “орлох” тухай ч биш, хагсарсан эр, эмийн ойлголт төдий ч биш, угаас хүний далдын далд тэр мөн чанарыг гаргаж тавьсан нь илүү тодоор ялгарч байна. Энэ бол өнөөх барьсан улаан шугам юм. Энэ л амьдралын нүцгэн үнэн юм байна.

Уран сайхны ертөнцөд нэвтрэх түлхүүр цоож, түүнийг нээх цүү цуургын зүг чигийг Сэнгийн Эрдэнэ лав өөрөө ямар нэг байдлаар хэлээд, гэрээслээд үлдээчихсэн байдаг. “Монгол өгүүллэгийн гол судсыг барих түлхүүр чухамхүү Д.Нацагдоржийн өгүүллэгт буйг мэдсэн... ” Лав л өөрийн нь уран бүтээлийн эцсийн уран санаа, барих улаан шугамаа тогтооход “Дашдоржийн Нацагдоржийн өгүүллэг цаг үе хоёр л тусалсан... ” гэдгээ нуух байтугай, харин ч бахдалтайгаар хэлсэн.

Монгол үндэсний утга зохиолын их цэцэрлэгт сүглийх аварга царс модны олон олон салаа мөчир, навч нахиа, найлзуураас буриадын зон олны их нүүдлийг тээх ходоог тэрэгний дугуйн чахраа ч сонсдоно, хөвөөнд нь идээшиж хөвүүд басгад нь болж, хайрлан хүндэтгэх шүтээн нь болсон Онон мөрний урсгал ч мяралзана, угсаа үндэс нэгтэнтэйгээ нийлэн суусан хувьсгалын улаан тугны намираа ч дуулдана, хамгийн эгэл энгийнээр аж төрөн суух эрсийн барьсан сүхний хангинаа ч цуурайтна, ёохорын хатираа “хадын оройгоор” эгшиглэнэ, аймшигт их эргүүлгэнд алдсан олон олон охид хөвүүдийнх нь цус ч үнэртэнэ, сэтгэл зүрхэнд нь насан турш үлдэж, үеийн үед үр хойчид нь ч арилахааргүй тогтсон шорвог нулимс ч амтагдана, эрх чөлөөний салхи ч сэвэлзэнэ. Энэ аварга царс модыг тогтоон барьж, тэжээн тэтгэж, хэзээ ямагтад услан, мөнх ногооноор нь навчлуулах шидийг гагцхүү агуу их хэрнээ туйлын эгэл энгийн тэр л амьдралын үнэн өгч байдаг юм.

2019.10.01

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top