ШУУРХАЙ: Казахстанд онгоц байшин мөргөж осолдлоо

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 27

Казахстаны “Bek Air” иргэний агаарын тээврийн компанийн онгоц өндрөө алдаж, хоёр давхар байшин мөргөж осолджээ. Алма-Ата хотоос Нур-Султан хот руу хөөрсөн онгоцонд 95 зорчигч, нисэх багийн таван гишүүн байсан бөгөөд ослын улмаас амиа алдсан хүний тоо 14 болж өслөө.

Тус улсын дотоод хэргийн яамны мэдээллээр, онгоц өнөөдөр /2019.12.27/ өглөө орон нутгийн цагаар 07.22 цагт хөөрөхдөө өндрөө алдаж, бетон хашлага мөргөж, хоёр давхар байшинг мөргөжээ.

Аврах ажиллагааг шуурхай эхлүүлээд байгаа бөгөөд азаар онгоцонд гал гараагүй байна. Байшин болон онгоцноос хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явагдаж байна. Казахстаны Ерөнхий сайдын тушаалаар байгуулагдсан засгийн газрын комисс осол гарсан газар руу нисжээ.

Казахстаны Ерөнхийлөгч Касым Жомарт Токаев амь үрэгдсэн зорчигчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, буруутай этгээдүүдэд хатуу шийтгэл онооно хэмээн мэдэгджээ.

Осолтой холбогдуулан “Fokker-100” төрлийн онгоцны бүх нислэгийг зогсоожээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top