Украины олзлогдсон цэргүүдийн тээвэрлэж явсан Ил-76 онгоц сүйрчээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 25

Украины олзлогдсон цэргүүдийг тээвэрлэж явсан ОХУ-ын Зэвсэгт хүчний Ил-76 онгоцыг Белгород мужийн нутаг дэвсгэрт унагасан тухай ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлжээ.

Тус яамны мэдээллээр, онгоцыг Харьков мужийн зүгээс пуужингаар харважээ. Украины тал энэ мэдээллийг няцааж байна. Ил-76 онгоцонд Украины 65 олзны цэрэг, нисэх багийн зургаан гишүүн болон дагалдаж явсан албаны гурван хүн явж байжээ. Тэд бүгд амиа алдсан байна. Ил-76 онгоц Москва хот орчмын Чкаловский нисэх онгоцны буудлаас Белгород хот руу чиглэж байжээ. Оросын Батлан хамгаалах яамны мэдээллээр, Украины Зэвсэгт хүчин зенит пуужингийн комплексоос хоёр пуужин харвасан байна. Комплекс нь Украины Харьков мужийн Липцы тосгон орчим байрладаг. Пуужингуудыг Оросын радиолокацын төхөөрөмжөөр илрүүлсэн байна.

Тухайн өдөр солилцооны олзны цэргүүдийг тээвэрлэх тухай Украины тал мэдэж байсан тухай Оросын тал мэдэгдээд цэргүүдийг Колотиловка шалган нэвтрүүлэх боомт дээр солилцох ёстой байжээ. Киев Оросыг буруутгах зорилгоор өөрсдийн цэргүүдээ хөнөөсөн хэмээн онцолжээ. Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын төв газар энэ сарын 24-нд олзны цэргүүдийг солилцох ажиллагаа явах ёстой байсныг баталсан ч Оросын тал олзны цэргүүдийг Ил-76 цэргийн онгоцоор тээвэрлэх, Белгород мужийн агаарын орон зайн аюулгүй байдлыг хангах шаардлагатай гэж мэдэгдээгүй хэмээн онцолсон байна. Онгоцны зорчигчид хэн байсныг тодруулж байна хэмээжээ. Украины Зэвсэгт хүчний жанжин штаб цаашид ч терроризмын аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд тээврийн хэрэгслийг устгах, Белгород-Харьковын чиглэлийн агаарын орон зайг хянах чиглэлээр арга хэмжээ авсаар байх болно хэмээн мэдэгджээ. Гэхдээ Украины Зэвсэгт хүчин Ил-76 онгоцыг унагасан эсэх талаар мэдээлэл өгөөгүй байна.

Nv.ua сайтад мэдээлснээр, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський энэ хэрэгтэй холбогдуулан Батлан хамгаалахын сайд Рустем Умеров, жанжин штабын дарга Сергей Шапталу, Тагнуулын ерөнхий газрын дарга Кирилл Буданов нарын илтгэлийг сонсжээ.

Оросууд Украины олзны цэргүүдийн амь нас, ар гэрийнхнийх нь сэтгэл санаа, нийгмийн сэтгэл зүйгээр тоглож байгаа нь тодорхой байна гэж Зеленський онцолсон байна. Тэрбээр Гадаад хэргийн яамандаа байгаа бүхий л мэдээллээ түншүүдтэйгээ хуваалцахыг үүрэг болгожээ. Киев энэ хэргийг олон улсын түвшинд шалгуулах тал дээр бүхий л хүчин чармайлтыг гаргана хэмээн мэдэгдсэн байна.

АНУ-ын Батлан хамгаалах яам Ил-76 онгоцыг унагасан хэргийн талаар тайлбар өгөхөөс татгалзаж, судалж байна гэсэн бол Франц улс энэ асуудлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан явуулахаас татгалзсан байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хүн(66.181.191.115) 2024 оны 02 сарын 13

Орос Америк НАТО-ын дайныг өөрийн нутагтаа хүлээн авч улс орноо арилгадаг улс Украйнаас өөр бүү гараасай

1  |  2
Эрдэнэбат (66.181.186.88) 2024 оны 02 сарын 19

Новшийн орос

2  |  2
Top