Гурван жилийн дараа уул уурхайн салбар 100 жилтэйгээ золгоно. Мега төслийн маргааш, бодлогын эсрэгцэл, эдийн засгийн парадокс өөрчлөгдөх үү
Ачааны хүндийг үүрдэг ч бүх зүйлийн эсрэгцэл болсон уул уурхайн салбар Монгол Улсад үүсээд 97 жил болжээ. Улсын төсөвт энэ салбар 2.4 их наяд төгрөг төвлөрүүлж, шууд ажлын байрны 50 орчим хувийг энэ л салбар дангаараа хангаж байна. Ачаа үүрдэг, ашиг олдгоороо энэ салбар манай улсын тэргүүлэх салбар мөн. Гэвч бодлого тойрсон маргаан, мега төслийн маргааш, цааш тэмүүлэх зорилго зэрэг нь өнөө цагтайгаа эсрэгцсээр есөн арваныг элээгээд нэгэн зуун руугаа дөхөж байна.
САЛБАРЫН ЭСРЭГЦЭЛ
Монголын эдийн засгийн 70-аас илүү хувийг уул уурхайн салбар эзэлж буй. Үүнийг батлах ганц тоо байгаа нь 2.4 их наяд төгрөг. Уул уурхайн салбар арваннэгдүгээр сарын байдлаар улсын төсөвт 2.4 их наяд төгрөгийг татвар хураамж хэлбэрээр төвлөрүүлжээ. Төсөвт оруулсан орлого нь хагас тэрбумыг давж 26.7 хувиар өсөөд байна. Энэ бол гайхаад байхаар үзүүлэлт биш. Ардчилсан нийгэмд алхан арсан сүүлийн 30 жилийн 20-д нь уул уурхайн салбар ачааны хүндийг үүрсээр ирсэн. Ялангуяа арвин баялаг нөөцөөрөө дэлхийд танигдсанаас хойш үүрэх ачаа улам нэмэгдсэн юм.
Уул уурхай гэлтгүй эрдэс баялгийн салбар зөвхөн улсын төсөвт жин дарахаас гадна бусад салбарт ч шууд утгаараа нөлөөлж байдаг. Арай мэргэжлийн хэлээр хэлбэл үржүүлэх нөлөө нь энэ юм. Монгол Улсын экспортын 90 илүү хувийг зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж, гол орлогыг нугалж байгаа ч олон нийт үүнийг зөвхөн өнгөцхөн утгаар нь харсаар өнөөг хүрчээ.
Уул уурхайн салбар экспортын голыг нугалдаг юм байж. Ачааны хүндийг үүрдэг юм байж. Хоёр тэрбумаар нь улсын төсөвт төвлөрүүлдэг юм байж. Харин үүний эсрэгцэл нь захиран зарцуулалт юм. Захиран зарцуулах эрх нь бодлого боловсруулагчдад бий. Өнгөрсөн жилүүдэд бодлого боловсруулагчид уул уурхайн салбарыг зөвхөн төсвийн орлогыг бүрдүүлэгч гэж харсаар ирсэн. Үйлдвэрлэлийн үр ашигтай салбар гэж харахгүйгээр зөвхөн нэг талаас нь харсаар өнөөг хүрчээ.
Монгол бол уул уурхай дагасан мөчлөгийн эдийн засагтай, үүнийгээ тойрсон улс төртэй гэдэг нь уул уурхайн салбарт баримталж ирсэн бодлогын баримт бичгээс тодорхой харагдана.
БОДЛОГЫН ЭСРЭГЦЭЛ
Уул уурхайн салбар тэлсээр Монголын эдийн засаг болохынхоо хэрээр үе, үе солигддог улс төрийн “салхи” зүг бүр эргүүлсээр байсан нь нотлох албагүй үнэн. Ердөө ганцхан жишээ татъя. Монголчууд баялагтай гэдэг нь дэлхийн чихэнд сонсогдож, “minegolia” гэж өхөөрдүүлж байсан 2007 он. Өхөөрдүүлсэн Монгол Улсыг зөв бодлогоор залж чадвал Сингапур, Японы ирээдүй ойрхон байна гэж улстөрчид нь маадайж байсан цаг.
Маадайсан улстөрчид гэтэл ямар шийдвэр гаргасан гээч. Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар авахаар болов. Ах нар гэж авгайлдаг ОХУ-д мөрдөгдсөн ухвар мөчид татварыг “Бортуун” гишүүн хуулаад “гэнэтийн ашиг” гэх “гэмгүй” нэр оноогоод энэ хууль батлагдсан. Гэтэл баялаг ихтэй гэж байсан Монгол Улсад алт тушаалт огцом унаж, уул уурхайн компаниуд хаалгаа барих дээрээ тулав. Хувь заяаны шоглоомоор яг энэ үед одоо хүртэл маргаашаа шийдээгүй байгаа “Оюу Толгой” гэх төсөл яг энэ татвараас болоод саатаж байлаа. Улмаар алт олборлогчид цаашлаад, эрдэс баялгийн бусад компаниуд татвар төлөхөөс зайлсхийх болсон юм. Гэнэтийн ашгийн татвар нэр шигээ монголын эдийн засагт гэнэтийн шок болох зам дээрээ гарсан нь энэ. Гадна дотнын элдэв зөвлөгөөгөөр энэ шок үүсгэхээсээ өмнө 2011 онд хүчингүй болсон билээ. Алдсан хугацааны боломжийг тооцвол энэ хууль уул уурхайн салбарын хамгийн муу түүх юм.
Алдсан тооцооллоосоо яг дөрвөн жилийн дараа буюу 2014 онд “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого” батлагдсан байдаг. УИХ-н 18 дугаар тогтоолоор дөрвөн зүйл бүхий энэ бодлогод тунхгийн шинж чанартай олон заалт бий. Гэхдээ үүнээс аль нь ч хэрэгжсэн юмгүй зөвхөн цаасан дээр л үлдсэн. Бодлогын баримт бичиг 2014-2025 онд хэрэгжих хугацаатай.
Геологийн судалгаа, лиценз олголт зэргийг шилэн тунгалаг болгож, нээлттэй өрсөлдөөний тогтолцоог бий болгон, орчин үеийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулна гэсэн үг одоо бодлого санаачилсан улстөрчдийн цээжинд ч байхгүй байх.
Дээр өгүүлснийг үгээр базъя гэвэл ердөө сахилга хариуцлага. Өнгөрсөн жилүүдэд бид зөвхөн ухахаа урьтал болгодог байснаас бус хариуцлага гэдэг үгээ ор тас мартаж орхижээ. Мега нь байна уу, микро нь байна уу том, жижиг уурхай ялгалгүй хариуцлагатай л байвал эдийн засаг цаашлаад экологийн тэнцвэрт байдалд ч нөлөөлдөг аж.
“Хариуцлагатай уул уурхай, компанийн эдийн засагт үзүүлж байгаа үр өгөөж гэдэг зөвхөн орон сууц, сургууль цэцэрлэг, зам барьснаар бус өргөн утга агуулгаар нь харах учиртай. Ямар хандлагаар уурхайг удирдаж байгаагаас шалтгаалан хариуцлагатай, хариуцлагагүй гэдгийн ялгаа гарна” гэж Монгол уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Д.Энхболд ярьж байсан юм.
Хариуцлагатай уул уурхайн балгаар Тостын нуруу, Ноён уул зэрэг байгалийн тогтоц, говь нутгийн экосистемд сөрөг нөлөө үзүүлэх гэж байсныг жирийн иргэд, эрүүл сэтгүүл зүйн тэмцлээр зогсоосон. Хариуцлагагүй байсан гэдгээ монголын төр одоо ч хүлээн зөвшөөрч байгаа. Тиймээс ирэх жилүүдэд сахилга хариуцлагыг чангаруулна гэдгээ Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний чуулганд оролцох үеэрээ хэлж байв.
МЕГА ТӨСЛИЙН ЭСРЭГЦЭЛ
Монголын эдийн засгийг бүрдүүлдэг “Оюу Толгой” гэх мега төслийн асуудлууд нь ч бас мега гэдгийг би ч харлаа, чи ч харлаа. Үндсэн гэрээгээр байгуулагдсан “Оюу Толгой” компани өнгөрсөн есөн жилийн хугацаанд 2.5 тэрбум ам.долларыг татвар, хураамж хэлбэрээр бүрдүүлсэн гэх баримт бий.
Гэхдээ одоо бидний өгүүлэх түүх үүнээс ондоо. Мега асуудлууд нь эрх баригчдын ажил хэрэгч бус хандлага, эргэж буцсан харалган бодлого зэргээс хамаарна. Хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанид ч мөн олон асуудал бий. Монголын дотоодод асуудалтай байгаа Рио-д одоо хөрөнгө оруулагчид ч эргэлзэж буй. Үр ашиг өгнө, өгөхгүй, Фрийдландын гарт Монголыг өглөө, авлаа, манайх, танайх гэж маргалдсаар энэ жил л нэг юм ажил хэрэгч санал тавив. УИХ-ын 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар “Оюу Толгой” ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоол”-ыг 100 хувийн саналаар батлагдлаа.
Уг тогтоолд далд уурхайн санхүүжилтийн талаар 2015 онд байгуулсан нэмэлт төлөвлөгөөг сайжруулах, “Оюу Толгой” төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг 53 хувиас бууруулахгүй байх, Монголын талын 34 хувийн хувьцааг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, АМНАТ-т оруулах хувилбарыг судлах зэрэг чухал заалтыг тусгасан билээ. Үүнээс хамгийн чухал нь ордын зэс, алт, мөнгө болон бусад дагалдах элементийн нөөцийн үнэлгээг дахин тогоож, ТЭЗҮ-ийг дахин боловсруулах шаардлага байлаа.
УИХ-ын тогтоолыг хөрөнгө оруулагч Рио Тинто компани арванхоёрдугаар сарын 11-нд хүлээн авсан юм. Гэхдээ хөрөнгө оруулагч талаас Монгол Улсын Засгийн газартай 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 оны хувь нийлүүлэгчдийн нэмэлт өөрчлөлт болон 2015 онд гарын үсэг зурсан “Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-г бүх талаар хүчин төгөлдөр гэдгийг ил үгээр далд утгаар сануулсан.
Ил болж өгдөггүй далд уурхайн асуудлаа ч одоо шийдэж чадахгүй байна. Хөрөнгө оруулагч талаас геологийн нөхцөл байдлаас шалтгаалсан гэж өнгөрсөн зургаадугаар сард албан ёсоор мэдэгдэв. Анх төлөвлөж байснаас 16-30 сараар хойшилж 2023 оны зургаадугаар сард, 5.3 тэрбумын бүтээн байгуулалтын зардал нэмэгдэж 1.2-1.9 тэрбумаар нэмэгдэх болсон юм. Гэтэл үүнийг нь Рио Тинтогийн дотоодод ажиллаж байсан нэгэн ажилтан Австралийн эдийн засгийн “Financial Review” сонин хөөрөгдсөн өртөг гээд улайм цайм хэлж орхисон. Одоо хүртэл энэ “шүгэл үлээгч”-ийн мэдээллийг Рио Тинто эрс няцаасаар байгаа.
Ил болдоггүй далд уурхайгаас гадна барайлгаж орхихоор нэг зүйл байгаа нь Засгийн газар хуулиа сахидаггүй гэх ойлголт. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх арванхоёрдугаар сарын 05-ны өдөр Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн дөрвөн ч заалтыг зөрчсөн гэдгийг хуулийн заалтаар нь тайлбарласан. Гэвч хууль зөрчсөн хэдий ч “Дубайн гэрээ” хүчин төгөлдөр үйлчилнэ гэдгийг шүүхээс зарласан билээ.
ТӨГСГӨЛИЙН ОРОНД
Эсрэгцсээр буй уул уурхайн салбартай эсрэгцэх зүйл бишгүйдээ бий. Хариуцлагатай уул уурхай гэж ярих болсон энэ цаг үед бид зөвхөн БНХАУ руу хэрхэн ахиу нүүрс тээвэрлэх вэ гэж ярьсаар дэлхийн хөгжлөөс хойно хоцорсоор байна. Уур амьсгалын өөрчлөлт, экологийн тэнцвэрт байдал гэж ярих болсон энэ цагт хоёр хөршөөс эхлээд дэлхий нийт уламжлалт цахилгаан станцаас татгалзан сэргээгдэх эрчим хүчээ бодлогоор дэмжинэ гэдгээ зарлачихлаа. Нүүрсний хувьд бидний цор ганц тулах цэг болсон БНХАУ ойрын 25 жилд нүүрсний уурхайг бууруулна гэж мэдэгдсэн. Оросууд байгаль орчин нөхөн сэргээх тухай хуулиа чангатган сахилга хариуцлага мөрдүүлэхээр боллоо. Хятад ч мөн тэдний жишгээр замнаж байна.
Харин бид уул уурхайн салбар хөгжсөн 90 илүү жилийн сүүлийн 30 жилд нь дэлхийн зах зээл дээр түүхий эдийн ханш битгий буурчхаасай билээ гэж сонгуулиас сонгуулийн хооронд залбирсаар. Гурван жилийн дараа уул уурхайн салбар 100 жилтэйгээ золгоно. Мега төслийн маргааш, бодлогын эсрэгцэл, эдийн засгийн парадокс өөрчлөгдөх үү?
Сэтгэгдэл ( 0 )