Тоо худлаа ярьдаггүй. Тиймээс тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотой тоо баримт өгүүлье. Монголын тэтгэвэр авагч хоёр ахмад тутмын нэг нь зээлд дарлуулан амь зууж байгаа нь үнэн. Нийгмийн даатгалын сангаас өнгөрсөн оны байдлаар 421.1 мянган иргэн тэтгэвэр авч байгаа. Үүний 54.5 хувь буюу 229.4 мянган хүн 763.3 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа юм. Тэд арилжааны банкнаас өрх гэрийн санхүүгийн хэрэгцээг хангах, хүүхдийн сургалтын зардлыг санхүүжүүлэх, бусад зээлийн өр, хүү төлбөрийг төлөх зэрэг зорилгоор зээл авчээ. Тэгэхээр яах ч аргагүй залуу насаа ажил хөдөлмөрт зарцуулан, түүнийхээ үр шимээр улсынхаа хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсан ахмад настнуудын хамгийн том дарамтыг арилгахын тулд тэтгэврийн зээлийг нэг удаа улсаас хааж өгөх асуудлыг эцэслэх нь нийгмийн шаардлага. Улсын хэмжээнд дундаж тэтгэвэр 376.9 мянган төгрөг байгаа. Тэгвэл тэтгэвэр авагчдын 53.8 хувь нь доод хэмжээ буюу ердөө 270-370 мянган төгрөгөөр сарынхаа амьжиргааг залгуулдаг. Гэвч тэтгэврээс өөр орлогогүй иргэд тэтгэврийн зээл авч, банкны хүү нэмж төлснөөр ядууралд өртөх, санхүүгийн болон сэтгэл зүйн дарамтад орох, зайлшгүй шаардлагатай өдөр тутмын хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрсэн. Энэ шаардлагыг үндэслэн Монголын хамгийн том гурван даргаас бүрддэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс чиглэл гарч, Засгийн газраас хуулийн төсөл боловсруулан УИХ-д оруулснаар галт тэрэг нэгэнт хөдөлсөн. Галт тэрэг зорьсон газраа хүрэх нь ч хүрнэ. Ахмадуудын зээл ямар нэг байдлаар чөлөөлөгдөх нь ойлгомжтой. Гэхдээ яаж, ямар замаар гэдгийг бодолцох учиртай. Нийгмээс хамаардаггүй эдийн засгийн боломж бололцоо гэж зүйл бий. Өөрөөр хэлбэл, хаанаас ямар мөнгө гаргаж ахмадуудынхаа зээлийг тэглэх вэ гэдэг асуулт хаа хаанаа төрж байгаа.
Хуулийн төсөлд тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөрийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани эзэмшлийн Салхитын алт, мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаас олох орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас буюу бонд гаргах замаар бүрдүүлэхээр зэхсэн. Бондын хүү нь зах зээлийн ханшнаас харьцангуй доогуур зургаан хувь байх аж. Чухам энэ зургаан хувийн хүү л эргэлзээ төрүүлээд байгаа юм. УИХ-ын гишүүд ч Монголбанкны мөнгөний бодлогын хүү 11 хувь байхад зургаан хувийн хүүтэй бондыг хэн тоож худалдаж авахын учрыг олохгүй суугаа. Бодлогын хүү бол өнөөдрийн төгрөгийн хүү буюу арилжааны банкуудаас Төв банканд байршуулж буй мөнгөний хүү. Үүнээс доогуур хүүтэй бонд гэдэг бол бараг л үнэгүй цаас гэж ойлгож болно. Зургаан хувийн хүүтэй үнэт цаас худалдан авч алдагдалд орох арилжааны банк лав гарахгүй. Мөн зургаан хувийн хүүтэй бондод Хөгжлийн банк баталгаа гаргаж байгаа. Үүнийг нь Монголбанк худалдаж авна. Хэрэв Монголбанкны өөрийн хөрөнгө буурсан тохиолдолд Засгийн газар бонд гаргаж, Төв банканд эзэмшүүлнэ. Төсөлд ингэж холион бантан болгон тусгасан нь л алдаа. Товчхондоо, Монголбанк мөнгө хэвлэн өмнөх үеийнхээ алдааг давтах мэт харагдаж байгаа. Үүний оронд Засгийн газар баталгаагаа гаргаад, зах зээлийн зарчмаар нь хөрөнгийн биржид бонд гаргахад бүх эргэлзээ алга болно. Засгийн газрын бонд Төв банкны бодлогын хүүтэйгээ уялдсан байхад л хангалттай. Өнөөдөр бодлогын хүү 11 байгаа бол Засгийн газрын бондын хүү 12 хувиас дээш тогтоно. Хөрөнгө оруулагчдын сонирхлыг зах зээлийн шаардлага хангасан бүтээгдэхүүн татах бөгөөд Засгийн газар зогсоосон дотоодын бондын арилжаагаа сэргээх л асуудал. Монгол Ардын Нам амласан шигээ ач санах тухай хуулиа санхүүжүүлэхийн сацуу эдийн засагтаа элдэв савлагаа үүсгэхгүй шийдвэрлэх гарц бол энэ. Нэгэнт хөдөлсөн галт тэрэг очих өртөөндөө ямар нэг саадгүй хүрэхэд ийм шийдэл тус болно.
УИХ дээр өрнөж буй хэлэлцүүлгийн явцад тэтгэврийн зээлийг тэглэх дээд хэмжээ зургаан сая төгрөг болгох асуудал яригдаж эхэлсэн. Нийт тэтгэврийн зээлтэй 229 мянга ахмад настны 21 мянга нь зургаан саяас дээш төгрөгийн зээлтэй гэхээр энэ бол боломжит хувилбар.
Ингэснээр банкнаас тэтгэврийн зээл аваагүй 194 мянган ахмад настанд Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогыг барьцаалж гаргах үнэт цааснаас нэг сая төгрөгтэй тэнцэх хэмжээний нэрлэсэн үнэтэй үнэт цаас эзэмшүүлэх боломж бүрдэж байгаа. Нийгмийг талцуулаад буй ялгаж, ангилсан гэдэг асуудал үүгээр эцэслэгдэх бололтой. Мөн цаашид тэтгэврийн зээлийг зургаан сараас дээш хугацаагаар олгохгүйгээр зохицуулж байгаа юм билээ. Тиймээс төгсгөлд нь бүхэл бүтэн тэтгэврийн системд өөрчлөлт оруулах бололцоотой Салхитын мөнгөний ордыг танилцуулъя. Тус орд 808.3 тонн мөнгө, 1117.1 кг алтны нөөцтэй бөгөөд урьдчилсан тооцооллоор цэвэр ашиг нь нэг их наяд 50.4 тэрбум төгрөг болохоор байгааг албан мэдээнд дурджээ.
Сэтгэгдэл ( 0 )