БНХАУ-ын Ухань хотоос анхны тохиолдол нь илэрсэн шинэ төрлийн коронавирусийн халдвартай холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “БНХАУ-ын Ухань хотод олон хүн халдварласнаас гадна АНУ-д бүртгэгдсэн мэдээлэл байна. Энэ мэдээлэлтэй холбоотойгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай тогтмол холбоотой ажиллаж байгаа. Хил, гаалийн байгууллага, нисэх байгууллагатай хамтарч ажиллаж, мэдээлэл зөвлөгөө өгч ажиллаж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусийн халдварын Эрсдэлийн үнэлгээг хийсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага БНХАУ-ыг өндөр эрсдэлтэй, бусад орнуудыг дунд эрсдэлтэй гэж үнэлсэн. Харин Дэлхийн хэмжээнд тархах эрсдэл нь бага гэж үзсэн. Гэхдээ алс АНУ-д энэ вирус халдварласан мэдээлэл байгаа учраас манай улс хил залгаа орны хувьд сэрэмжтэй байх ёстой.
БНХАУ-д 14 эмч, эмнэлгийн халдварласан мэдээлэл байна. Вирус нь ахуйн замаар халдварлаж байсан бол агаар дуслын замаар ч тусах эрсдэлтэй гэж анхааруулсан. Одоогийн байдлаар энэ өвчнийг эмчлэх вакцин гараагүй байгаа. Шинэ төрлийн эмчилгээ хийж байна.
Вирусын халдварын шалтгаан тодорхойгүй учраас уушгины хатгалгаа өвчнөөс сэргийлэх, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг Эрүүл мэндийн дэд сайдаар батлуулан аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төвүүдэд хүргэн хэрэгжүүлж ажиллаж байна.
Нэгдүгээр сарын 10-наас эхлэн БНХАУ, Хонгконгоос онгоцоор ирсэн халуурсан, ханиалгасан, амьсгалын замын халдварын сэжигтэй зургаан хүнийг ХӨСҮТ-д түр тусгаарлан. Онош тодруулах шинжилгээ хийж, шинэ коронавирусын халдвар биш болох нь тогтоогдсон.
Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, эрүүл мэндийн байгууллагуудад сэрэмжлүүлэг, мэдээлэл, авах арга хэмжээний талаар албан тоот хүргүүлсэн. ДЭМБ-аас халдварын хяналт, сэргийлэлт, тохиолдлын тодорхойлолт, тандалт, эрсдэлийн харилцаа холбоо, лабораторийн талаар гарсан түр зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Амьсгалын замын халдварын тандалт идэвхтэй ажиллаж байна” гэлээ.
Сэтгүүлчдийн асуултад ЭМЯ-ны холбогдох мэргэжилтнүүд хариулт өглөө.
-Коронавирусын халдвараас хэрхэн сэргийлэх ёстой вэ. Энэ талаар зөвлөгөө, мэдээлэл өгнө үү?
-Агаар дуслын замаар хэн ч өвчлөх эрсдэлтэй учраас тухайн бүс нутагт зорчихгүй байх, амны хаалт зүүх, гараа тогтмол савандаж угаах, гар халдваржуулагч хэрэглэх, түүхий болон хагас боловсруулсан амьтны гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх, өндгийг сайтар чанаж хэрэглэхийг зөвлөж байна. Ямар нэгэн байдлаар халуурах, хүчтэй ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад яаралтай хандахыг зөвлөж байна. Эрүүл мэндийн байгууллагаас гадна иргэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. ЭМЯ, эмнэлгийн байгууллага Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ирүүлж буй зөвлөмжийг дагаж, халдвараас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангаж ажиллаж байна. Иргэд, эмнэлгийн байгууллагын хамтын ажиллагаа чухал байна.
-Вирусийн гарал, халдвар нь юунаас үүсэлтэй вэ?
-Амьтны гаралтай вирус гэж үзэж байгаа. Далайн гаралтай бүтээгдэхүүн худалдаалдаг, наймаа эрхэлдэг хүмүүсээс энэ вирус анх илэрсэн. Одоо бүх юм тодорхойгүй байна.
Сэтгэгдэл ( 1 )
bidnees illvvl medeeleltei b.maar yumdaa