SARS-ийг санагдуулсан вирусийн тархалтыг үл тоож болохгүй!

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 23

-Сар шинийн бэлтгэлээ Хятадаас базаахаас өмнө эрхэм уншигч та дахин нэг бодож үзээрэй-

Урд хөрш Хятадын баруун хойд хэсгийн Ухань хотод дэгдсэн титэмт буюу корона вирусээр үүсгэгдсэн уушгины шинэ төрлийн хатгалгаа цар тахлын хэмжээнд хүрээд байна.

Яг одоогоор 570 хүн энэ вирусээр өвчилж, дэлхийн дөрвөн улс, БНХАУ-ын тусгай захиргааны гурван бүс нутагт тархжээ. Хамгийн сүүлийн мэдээллээр энэ вирусийн улмаас  17 хүн амиа алдаад байна. Аль хэдийнээ далайн чанадад бүр тодруулбал АНУ-д өвчний нэг тохиолдол бүртгэгдээд амжсан.

Дэлхий дахин энэ вирусээс эмээж ОХУ, Сингапур, АНУ-д хилийн шалган нэвтрүүлэх газарт вирус илрүүлэх төхөөрөмж суурилуулан, урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг цаг алдалгүй өгч байна. Шинэ оны босгон дээр дэгдсэн энэ вирусийг эхэндээ аюул тарих хэмжээнийх биш гэж үзэж байсан ч халдварлаж буй өвчтөнүүдийг тоо хяналтаа алдаж Ухань хотод хөл хорио тогтоох хэмжээнд хүрчээ.

Олон улс цар тахал болчих вий гэж айж буй энэ өвчин Монгол Улсад дэгдэхгүй гэх баталгаа бий юу? Мэргэжилтнүүдийн хэлж байгааг харсан ч, вирусийн дэгдэлтийг анзаарсан ч дэгдэхгүй гэх баталгаа байхгүй. Шадар сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийнхний дүгнэлтээр Монгол Улсад дэгдэх магадлалыг “дунд” гэж тогтоожээ. Дээрээс нь өвчний голомт болсон Ухань хотод вирусээр халдварласан хүмүүсийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа нь санааг зовоож байна. Одоогоор тус хотод монголын 250 гаруй иргэн сурдаг гэх тооцоо бий. Улирлын амралт, баяр ёслол зэргээс шалтгаалан ихэнх нь эх орондоо ирээд байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага БНХАУ-ын уламжлалт сар шинийн баярын өдрүүдэд тохиож байгаа нь тархалтыг улам нэмэгдүүлэх хандлагатай гэж анхааруулсан. Тиймээс өвчин дэгдсэн Ухань хот ер нь БНХАУ-д шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг зөвлөмж болгоод байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага БНХАУ-ын уламжлалт сар шинийн баярын өдрүүдэд тохиож байгаа нь тархалтыг улам нэмэгдүүлэх хандлагатай гэж анхааруулсан.

Удахгүй дээ, сар хүрэхгүй хугацааны дараа сар шинийн баяр тохиох гэж байна. Бид сар шинийн бэлтгэлээ урд хөршөөсөө л голчлон базааж ирсэн. Энэ удаад эрхэм уншигч та баярын бэлтгэлээ базаахаас өмнө нэг зүйлийг бодоод үзээрэй. Энх мэндийн ерөөлтэй сар шинийн баяраа тэмдэглэх гээд коронавирус дэгдсэн Хятадыг зорих уу? Монгол төгрөгөө дотооддоо үлдээж шинэлье гэх залуусын уриалга гараад ч удаагүй байна. Хятадын сар шинийн баярын үеэр тархалтын хэмжээ хэд дахин нэмэгдэхийг сануулсаар байхад монголчууд бид үүнийг чихнийхээ хажуугаар өнгөрүүлж яавч таарахгүй. 

БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах яам бусад салбар байгууллагууд энэ сарын 22-ны өглөө буюу өчигдөр өвчний нөхцөл байдлын тухай мэдээлэл хүргэхдээ вирусын хувьд мутацид орох аюултай байгаа ч вирусийн хэв шинж, аюул тарих хэмжээгээрээ SARS буюу шувууны томууг гүйцэхгүй гэж мэдэгдсэн. Түүнчлэн БНХАУ-ын засаг захиргаа шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн халдварт өвчний тархалтыг хянах бүрэн боломжтой гэж мэдэгдэж буй. Гэвч Associated Press, Guardian, Thomson Reuters агентлагууд БНХАУ-ын засаг захиргааг халдвар авсан хүний тоог санаатайгаар бууруулж мэдээлсэн гэж хардаж буй.

Өмнө нь 2008-2009 онд дэгдэж байсан H1N1 вирусийн тархалтаар ч мөн халдвар авсан хүний тоог санаатайгаар дарж байсан тухай дурджээ. Одоогоор 460 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа ч энэ тоо аль хэдийнээ 1000 хол давсан байх боломжтой аж. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын дунд үеэс эхлэн дэгдэж эхэлсэн энэ вирус хүнээс хүнд халдварладаг байж болзошгүйг ДЭМБ-аас энэ сарын 14-ний өдөр мэдэгдсэн бол БНХАУ-ын засаг захиргаа энэ сарын 20-ний өдөр албан ёсоор нийтэд зарласан. Түүнчлэн халдварын голомтод ажиллаж байсан эрүүл мэндийн 14 ажилтан дээрх вирусээр халдварлаад байна.

Энэ удаад эрхэм уншигч та баярын бэлтгэлээ базаахаас өмнө нэг зүйлийг бодоод үзээрэй. Энх мэндийн ерөөлтэй сар шинийн баяраа тэмдэглэх гээд коронавирус дэгдсэн Хятадыг зорих уу? Монгол төгрөгөө дотооддоо үлдээж шинэлье гэх залуусын уриалга гараад ч удаагүй байна. Хятадын сар шинийн баярын үеэр тархалтын хэмжээ хэд дахин нэмэгдэхийг сануулсаар байхад монголчууд бид үүнийг чихнийхээ хажуугаар өнгөрүүлж яавч таарахгүй. 

БНХАУ-ын 60 гаруй нисэх буудлуудад халдвар тогтоох шинжилгээ, ариутгалын бодис цацах ажил үргэлжилж байна. Одоогоор нийслэл Бээжин, Шанхай, Шеньжень хотуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэлсэн. Учир нь халдвар дээрх хотуудад тархах магадлал өндөр байсан учраас тэр.

Австрали, Филиппин, ОХУ, АНУ-ын таван томоохон хотод ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээ авч Ухань хотоос ирсэн өөрийн улсын иргэдийг түр тусгаарлан нарийн шинжилгээнд хамруулж байна. Түүнчлэн нисэх буудлуудад өвчний шинж тэмдэг, өвчний голомт болсон Ухань хотод зорчихгүй байхыг анхааруулсан зурагт хуудас байршуулаад эхэлжээ.

Эрдэмтэд энэ вируст одоогоор нэр бодож олоогүй байна. Эмнэл зүйн кодын хувьд nCov2019 гэж нэрлэсэн энэ вирус одоогоор вирус туссанаас хойш 10 хоногийн дотор шинж тэмдэг илэрдэг болохыг тогтоосон. Тэр дундаа ахимаг насны болон өөр бусад архаг, хууч өвчинтэй хавсарвал амь насанд халтай байгаа аж. Тайландад бүртгэгдсэн тохиолдлыг харвал Их Британийн харьяат 32 настай нэгэн эрэгтэй коронавирусын шинэ төрлийн халдвар илрэхдээ уушгины архаг өвчтэй нь хавсран илэрсэн учраас амь насанд нь халтай байсныг Guardian сонин мэдээлсэн юм. БНХАУ-ын засаг захиргаа Ухань хотоос гаралтай дээрх халдварыг SARS-н халдварын ангилалд оруулжээ.

Одоогийн байдлаар 13 мужид 570 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд эрдэмтэд вирусийн эх үүсвэрийг тогтоож чадахгүй байна. Гэхдээ судлаачид халдварын анхдагч эх үүсвэр нь амьтан гэж үзэж байна. Учир нь Ухань хотын далайн бүтээгдэхүүн, амьд амьтан зардаг зах дээр ажиллаж байсан хүмүүс анх халдвар авсан юм. Дэлхийн улс орнууд өвчин үүсгэгч 2019-nCoV гэх техникийн нэршил аваад буй коронавирусийн тархалтыг зогсоохоор бүхий л хүчин чармайлтаа дайчлан ажиллаж байна.

Энэ удаагийн вирусийн дэгдэлтийг олон талаар нь 2003-2004 онд дэгдсэн SARS буюу амьсгалын цочмог хам шинж өвчний дэгдэлттэй адилтгаж болно. Эмнэл зүйн шинж, анх тархсан байдал, тархалтын хэмжээ зэрэг нь дэндүү төстэй байгаа.

Хятад, Америкийн эрдэмтдээс бүрдсэн баг шинэ төрлийн коронавирусийн эсрэг вакцин бүтээхээр ажиллаж байна. Хятадын эрдэмтэд вирусийн генийн бүтцийн мэдээллийг шуурхай өгсөн тул вакцин бүтээх ажлыг түргэтгэжээ. SARS-ыг үүсгэгч коронавирусийн генийг бүтцийг тогтооход нэг жилийн хугацаа авсан аж. Вакцин гаргаж авсан тохиолдолд халдвар авсан өвчтөнүүдтэй ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад хамгийн түрүүнд олгоно гэж АНУ-ын Хьюстоны анагаах ухааны коллежийн судлаач Питер Хотец онцолжээ.

Энэ удаагийн вирусийн дэгдэлтийг олон талаар нь 2003-2004 онд дэгдсэн SARS буюу амьсгалын цочмог хам шинж өвчний дэгдэлттэй адилтгаж болно.

Эмнэл зүйн шинж, анх тархсан байдал, тархалтын хэмжээ зэрэг нь дэндүү төстэй байгаа. SARS вирусийн хамгийн анхны тохиолдол Хамгийн анхны тохиолдол 2002 оны арваннэгдүгээр сард Гуандун мужид бүртгэгдсэн. Улмаар 2003 оны хоёрдугаар сар гэхэд 350 тохиолдол бүртгэгдэж таван хүний амь насыг авч одоод байлаа. Өвчний дэгдэлтийн эхлэл явц нь яг одоогийн нууцлаг коронавирустай адилхан байгаа биз. Дээрх өвчний улмаас 9000 гаруй тохиолдол бүртгэгдэж 37 улсад тархан 774 хүний амь насыг авч одсон юм. Халдварт өвчний эдийн засгийн хор хохирлыг зургаан их наяд доллар гэж үздэг.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top