Диана гүнжийн дүү Китти 60 настай саятантай гэрлэнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 23

Диана гүнжийн эрэгтэй дүүгийн охин болох 29 настай Китти Спенсер дэлхийн сайхан бүсгүйчүүдийн нэгт зүй ёсоор ордог. Их Британийн модель Китти гоо үзэсгэлэн, дээд язгуур, өндөр боловсролоороо бусдаас ялгардаг нэгэн. Тэгвэл Китти Спенсер 60 настай бизнесмен эрийн эхнэр болохоор шийдсэн нь зарим хүнийг гонсойлгожээ. Түүний найз залуу Майкл Льюис шинэ оны өмнөхөн Киттид гэрлэх санал тавьсан байна. Китти түүний эхнэр болохоор шийдсэнээ ээждээ болон гэр бүлийн бусад гишүүддээ дуулгажээ. Бүсгүйн гэр бүлийнхэнд Майкл их таалагддаг учир тэд дуртай байгаа гэнэ.

Майкл их хөрөнгөтэй хүн ч гэсэн даруухан, их ухаалаг хүн гэж Киттигийн найз нар ярьжээ. Хосуудын харилцаа 2018 онд ил болсон бөгөөд Киттигийн хувьд энэ нь анхны гэрлэлт бол бизнесмен эрийн хувьд өмнө нь гэрлэж байсан, насанд хүрсэн гурван хүүхдийн аав гэнэ.

Китти нь Диана гүнжийн дүү Чарльз Спенсер гүн болон Их Британийн загвар өмсөгч Виктория Айткен нарын охин юм. Эцэг эх нь 1997 онд салж, Китти дүү нартайгаа хамт ээжтэйгээ байхыг сонгожээ. Бүсгүй багаасаа тансаг амьдралд өссөн ч өндөр боловсролтой, Диана гүнжийн адил буяны үйлсэд оролцож, орон гэргүй хүмүүс болон ахмад дайчдад тусалдаг билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top