Хиймэл эрхтэн, халзан, арьс цайх “өвчтэй” Барби хүүхэлдэй гаргана

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 29

Барби хүүхэлдэй үйлдвэрлэгч “Mattel” компани энэ жил гоо сайхны талаарх ойлголтын өргөн хүрээг илтгэх хүүхэлдэйн шинэ цуврал гаргаж эхэлжээ.

Шинэ цувралд үсгүй, арьс цайх өвчний шинж тэмдэгтэй, “хөгжлийн бэрхшээлтэй” хүүхэлдэйнүүд багтжээ. Арьс цайх өвчний шинж тэмдэгтэй хүүхэлдэй бүтээх явцад тус компани шинж тэмдгийг илүү бодитой зөв харуулах үүднээс арьсны эмч нартай хамтран ажиллажээ. Ингэснээр хүүхдүүд хүрээлэн буй ертөнцийг илүү өргөн хүрээнд ойлгох, Барби байх, Барби шиг харагдах нь ямар байдгийг илүү ойлгоход дөхөмтэй гэж тус компани үзэж байна.

Шинэ цувралын загваруудын зургийг тус компани өөрийн Инстаграмдаа байрлуулсан ба 60 мянга гаруй лайк авчээ. Үсгүй Барбигийн хувьд тус компани төрөл бүрийн өвчин эмгэгээс болж үсгүй болсон хүүхдүүд өөрийнхөө тусгалыг олж харна гэж найдаж байна. Хиймэл эд эрхтэнтэй Барбиг бүтээхдээ хиймэл гартай 12 настай Жордан Ривз гэгч охинтой хамтарч ажиллажээ. Өнгөрсөн жил цайвар арьстай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэлдэй гаргаж байсан бол энэ жил бараан арьстай, алтан хиймэл хөлтэй хүүхэлдэй үйлдвэрлэх гэнэ. Барбигийн найз Кен мөн энэ жил дүрээ өөрчилнө. Тус компани урт үстэй Кен гаргахаар болжээ. Дөрвөн төрлийн бие галбиртай Кен хүүхэлдэйнүүд 13 өөр арьсны өнгөтэй, есөн өөр өнгийн нүд, 22 өнгийн үстэй гарч байна.

Сүүлийн таван жилд “Mattel” компани Барби хүүхэлдэйн загварт ихээхэн өөрчлөлт оруулж байгаа билээ. Тус компани хүйс, гоо сайхны талаарх хэвшмэл ойлголтоос татгалзахыг эрмэлзэж байгаа аж. Өдгөө таван төрлийн биеийн галбиртай, 22 арьсны өнгө, 76 төрлийн үсний хэв загвартай, 94 янзын өнгө бүхий үстэй, 13 өөр өнгийн нүдтэй худалдаанд гарч байна.

Өнгөрсөн жилд Их Британид тэргэнцэртэй Барби хүүхэлдэй хамгийн эрэлт ихтэй байжээ. Саяхан тус компани тодорхойгүй хүйсийн хүүхэлдэй гаргаж байсан. Ийм загварын хүүхэлдэйний үсийг хүүхдүүд дураараа өөрчилж болох ба даашинз эсвэл өмд өмсгөхөө өөрсдөө сонгох боломжтой гэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top