Засгийн газрын хуралдаанаар шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үүднээс 2020.02.13-ны өдрөөс буюу маргаашаас эхлэн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт /хэсэгчлэн/ шилжүүлэх тогтоол гаргасан.
Мөн гамшгаас хамгаалах бэлэн байдлын болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх эрсдэлийг бууруулах зорилгоор Улсын онцгой комисс, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэсэн заалт бүхий тогтоол гаргаад байгаа.
Тэгвэл Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийн Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах хэсэг буюу 10.1-д Онцгой байдлын байгууллага, гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд нь гамшгаас хамгаалах бэлэн байдлын дараах зэрэгтэй байна гэж заасан байдаг аж. Гамшгийн үеийг хуульд,
10.1.1. Өдөр тутмын бэлэн байдал
10.1.2. Өндөржүүлсэн бэлэн байдал
10.1.3. Бүх нийтийн бэлэн байдал хэмээн ангилахаар заажээ.
Харин өндөржүүлсэн бэлэн байдлын үед “Тодорхой нутаг дэвсгэр, объектод гамшгаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж дараах арга хэмжээг авна” гэж заажээ.
Гамшгаас хамгаалах хуульд
10.4.1. Гамшгийн зарлан мэдээллийн дохиог хүн амд хүргэх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх, хэрэгжүүлэх;
10.4.2. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэх;
10.4.3. Гамшгийн зарлан мэдээллийг хүн амд шуурхай, хүртээмжтэй хүргэх;
10.4.4. Хорио цээрийн дэглэм тогтоох, хүч хэрэгсэл, гамшгийн болон орон нутгийн нөөцийг дайчлах;
10.4.5. Гамшгийн нөөцийг улсын хэмжээнд Засгийн газрын шийдвэрээр, орон нутагт тухайн шатны Засаг даргын шийдвэрээр нэмэгдүүлж ажиллан гэж заасан байна.
Сэтгэгдэл ( 0 )