“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-өөс хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг өгөх шийдвэр гаргасантай холбогдуулан өнөөдөр /2020.02.17/ УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан болон гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар мэдээлэл өгч байна.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-өөс нэгж хувьцаанд 90 төгрөг олгох бөгөөд 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96480 төгрөг оногдох юм.
Компанийн тухай хуулийн дагуу ТУЗ-өөс гаргасан уг шийдвэрийг энэ оны тавдугаар сарын 1-ний дотор Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэх аж. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны ногдол ашиг хуваарилах шинэ журмын дагуу 2020 онд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг олгох юм байна. Ингэхдээ иргэд хувьцааны дансаа баталгаажуулсан байх шаардлагатай юм байна.
Энэ үеэр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг "Өнөөдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК иргэддээ анх удаа ногдол ашиг олгохоор боллоо. 2016 оноос хойш “Эрдэнэс-Тавантолгой” ХК цэвэр ашигтай ажиллаж байгаа. 2019 оныг хүртэл хуримтлагдсан өр төлбөрийг дарж барагдуулсан. Энэ нь манай хамт олон уурхайчдын ажлын үр дүн. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 2.511.000 хувьцаа эзэмшигчид, 85 хувийг эзэмшиж байгаа төрд ногдол ашиг олгох нь зүйтэй гэж үзсэн.
Иргэддээ хандаж хэлэхэд нэг эх үүсвэрээс албан ёсны мэдээлэл авахыг хүсье. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг компанийн веб сайт, пэйж хуудас, Эрдэнэс-Тавантолгой апликейшн, 1072 пэйж хуудас болон 1800-1072 тусгай утаснаас авах боломжтой. Мөн хувьцаа эзэмшигчдийн хурал хүртэл даваа гараг бүрийн 13:00 цагаас ногдол ашиг болон компанийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тогтмол өгч ажиллах болно. Бид хувьцаа эзэмшигчдийн хурлыг дөрөвдүгээр сарын 17-нд гэж төлөвлөж байгаа" хэмээн мэдээлэл өглөө.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг дараах хуваариар явна.
- Иргэд бүртгүүлэх ёстой.
- Дөрөвдүгээр сарын 17-нд болох хувьцаа эзэмшигчдийн хурлаар ногдол ашиг олгох эрхийг нээнэ.
- Тавдугаар сараас эхэлж ногдол ашиг олгож эхлэх бөгөөд 2020 онд багтааж ногдол ашиг олгох ажиллагааг хийх юм байна.
Сэтгэгдэл ( 2 )
Ногдол ашиг гэж орилоод байсан хүмүүс битий л архинд өгчөөрэй
Б.Ганхуяг захиралтай хамт олонд ажлын амжилт хүсье