Г.Баярсайхан өөр дээрээ гал дуудав

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 13


“Урт” нэртэй хууль гэгчийн маргаан тэмцэл улам ширүүсэх янзтай. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй хэсэг гишүүд анх санаачилж батлуулсан энэ хууль ард түмнээ бослогод уриаллаа хэмээх цөс нь хөөрсөн зарим хүмүүс төр засгийнханыг  хараан зүхэж эхлэв. Уг хуулиар байгаль экологоо аварч үлдэх учиртай байв. Гол мөрний урсац, усны сан, ойн санг “Урт” нэртэй хуулиар хамгаалж, байгальд халтай үйл ажиллагаа явуулж буй 146 компаний лицензийг цуцлахаас өөр замгүй болсон юм. Гэтэл УИХ-ын хэсэг гишүүд тэдгээр компаниудыг өмөөрөн байгаль дэлхий сүйрэх яах вэ, жаахан алт ухаж аваад үхье гэсэн шиг хөгийн юм яриад байгаа нь ийнхүү иргэдийг босч тэмцэхэд хүргэж байна. Г.Баярсайхан зэрэг цөөн хэдэн гишүүн харин “Урт” нэртэй хуулийг өөрчлүүлэхгүй байхын төлөө тууштай зогсох  бололтой. Г.Баярсайханы хувьд УИХ дахь ногоон бүлгийг ахалж байгаа. Тэрээр “Урт” нэртэй хуулийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх болсонд дургүйцлээ илэрхийлэн “Тэгж яривал бид Засгийн газрыг Олон улсын экологийн шүүхэд өгнө” гэлээ. 1994 онд Мексикийн Мехико хотод 24 улс орны байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг байгууллага, хуульчид цуглан хуралдаж Олон улсын экологийн шүүхийг байгуулсан юм байна.  Хэрвээ Г.Баярсайхан нарын гишүүд тус шүүхэд хандвал “Урт” нэртэй хуулийг гадаад дотоодын компаниудад ашигтайгаар өөрчлөх гэсэн хөлсний улс төрчид нь боож үхэхдээ тулах болов уу. Тэдгээр гишүүдийн тэргүүн эгнэээд О.Чулуунбат ч нэгдэн оржээ. Дургүйцлээ илэрхийлж буй иргэд харин хөлсний гишүүдийг “Байгалийн алуурчид” хэмээн нэрлээд байна. Мөн иргэдийн зарим нь Г.Баярсайхан нарын хүмүүсийг дэмжихдээ “Наад хэдэн алуурчин чинь та нарт ч бас гай болж мэднэ. Нэг үгээр хэлбэл Г.Баярсайхан өөр дээрээ гал дуудлаа. Гэхдээ шантрах хэрэггүй. Ингэж байж л амжилт олно. Эх байгалиа хамгаалж үлдэнэ” гэцгээж байгаа ажээ.

Х.Тулга

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top