Монгол хэл үнэхээр арвин баялаг ажээ. Үүний нэг жишээ бол Газрын тосны дарга Д.Амарсайхан ОХУ-аас шалтгаалж тасарсан нефтийн экспортоос болж зүйр үгээр загнуулж бас зүйр үгээр заналхийлсэн гэж байгаа. Ардын зүйр цэцэн үгээр Газрын тосны дарга маань яаж загнуулсныг уншигч танд хүргэе. “Энэ Амарсайхан одоо “Сүх далайтал үхэр амар” гэдэг шиг үйлдвэр барьтал ингээд яваад байх уу чи” гэхэд нөгөө талаас “Үхрийн сүүлэн дээр хутга” гэгчээр ингээд л дандаа Оросын хараат байх уу гэтэл “хөөе Амарсайхан, алийн болгон ингээд “хойд хормойгоо авч урд хормойгоо нөхөх юм бэ” юу бодож байна” гэхэд нөгөө жижүүрээс хэн нь ч юм өмөөрөх аяс гэрэлтүүлж, “Ямар ч байсан л үйлдвэртэй болох хэрэгтэй. “Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй” гэдэг дээ, хичээх юм бол болно ш дээ, уг нь аль хэдийнэ л ярьж байснаараа ажил болгосон бол ганц хоёр жижиг үйлдвэртэй болчихгүй юу” хэмээв. Харин удтал дуугүй суусан нэгэн эрхэм “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэдэг дээ, нэг юм ярьж эхлээд хаячих юм чинь, яаж урагшлах вэ” хэмээн толгой сэгсэрчээ. Харин удаан хугацаанд загнуулсаар байгаад дөжирчихсөн Д.Амарсайхан огт тоосон шинжгүй дүлий дүмбэ оргин суугааг харсан нэг эрхэм “үүнийг хар аа, “тэнэгийн дотор уужуу” гэж энэ дээ” хэмээн загнахад нөгөө нь “бид л толгойг нь илээгүй бол юу гэж ингэх вэ. “Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ” гэдэг л болж байна” гээд л цэцэн түмний түшээд ч бууж гарчээ. Харин тал талаас нь боргоод байхаар өмөөрөгч талаас “За яахав, “эр хүн туг ч барина, тугал ч хариулна” гэдэг дээ, алдаагаа засаад ажиллахад болохгүй юм хаа байна” хэмээгээд хурал таржээ. Толгойгоо эргэтэл баахан зүйр цэцэн үгээр булуулсан Д.Амарсайхан дарга ордны үүдэн дээр гарч нэг сайхан амьсгаа авангаа “Эр хүн долоо дордож найм сэхдэг юм” та нар хараарай” хэмээн бас зүйр үгээр заналхийгээд оджээ.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )