Нийслэлд одоогоор таван замын хөдөлгөөнийг хааж засвар, шинэчлэлтийн ажил хийж байна. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагаас Ажилчны гудамжны замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж ХУД-ийн Замын цагдаагийн постоос Говь ХК-ийн урд уулзвар хүртэлх 1.1 км замын хучилтын ажлыг хийж байна. Харин Х хорооллын уулзвараас Саппорогийн аюулгүйн тойрог хүртэлх 1.2 км авто замыг өнгөрсөн баасан гарагаас эхлэн тав хоног хаасан бөгөөд Тотал Инж компани нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж байна. Түүнчлэн нэгдүгээр төрөхийн урд замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, энэ сарын 19-нийг дуустал засварын ажил хийгдэнэ. Мөн Төрийн ордны баруун хойд уулзвараас зүүн хойд уулзвар хүртэлх 200 метр замын хөдөлгөөнийг 23:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл түр хааж, зам барилгын ажил гүйцэтгэж байна. Үүнээс гадна Шар хадны замын хэсэгт Эрдэнэтолгойн уулзвараас Газар холдингийн уулзвар хүртэлх зам, Бага тойруугийн замын Анкарагийн гудамж буюу “Зоос гоёл”-ын уулзварын хойд талаас СУИС-ийн зүүн урд уулзварын баруун тал хүртэлх хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа юм. Харин Толгойтын төмөр замтай уулзвараас Сонсголонгийн уулзвар хүртэлх нэг км авто замыг энэ сарын 3-11-ний өдрүүдэд хааж, шугам сүлжээний ажил болон төмөр замын уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийсэн. Хучилтын ажлыг нэмж гүйцэтгэн өнөөдөр уг замын хөдөлгөөнийг нээх ажээ.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )