...Алцайж хэвтэхээс өөр анхилгүй, Амьсгаа хадгалсан авгайчуулыг...

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 13


Равжайн Чулуунбазар

1945 онд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт төрсөн. 1969 онд МУИС-ийн монгол хэлний анги дүүргэж Дорноговийн Зүүнбаянгийн сургуульд насаараа багшилжээ. 1975 онд “Сулинхээр” хэмээх анхны номоо гаргасан. 2008 онд “Соёолон шүлгийн тоос”, 2011 онд “Уяхан замбуутив” шүлгийн түүврүүд хэвлүүлжээ. Р.Чойномын нэрэмжит шагналт, хэл шинжлэлийн магистр.

Равжаа, Чойном хоёр

/Харилцаа шүлэг/

Чойном:

Улаан тугаас үнэтэй амь

Уушиг зүрх минь шатаж...

Улсын мунхгийг ажих бүр

Уур минь аяндаа асаж байна

Равжаа:

Ядуу ардыг нохойн гуяар даллаж

Ямбатан баяцуул ноёдын сэнтийд заларч

Ялсан нам, сонгуулийн тойргийг

Янчаан мөнгөөр зодож явахад уур минь хүрч байна

Чойном:

Намрын ялаа шиг найгаа барсан бөхчүүд

Начны найраагаар наймаа үсэргээд

Наадам бузарласан найгүй банди нар

Нанчид сархадтай навсайтлаа барилдаж байхад уур минь хүрч байна

Равжаа:

Гадаадынхантай нийлж эрхтэн дархтнууд

Газрынхаа эрдэнэсээр гараа угаагаад

Гарсан угаадсаа ард түмэнд уулган

Гахай, нохой шиг доромжилж байхад уур минь хүрч байна

Чойном:

Аваад явчихаж болохгүй,

Алаад идчихэж болохгүй

Алцайж хэвтэхээс өөр анхилгүй

Амьсгаа хадгалсан авгайчуулыг хараад уур минь хүрч байна

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top