Оросын "Зөн билгийн тулаан 8" тэмцээний оролцогч Алсу Газимзянова "Ертөнцийн сүйрэл хэдийнэ эхэлчихсэн" хэмээн сэрэмжлүүлж байна.
-"Зөн билгийн тулаан"-ы талаарх таны сэтгэгдэл?
-Одоо энэ тэмцээн шоу болон хувирчээ. Би түүнийг үзэхээ байгаад удаж байна. Тэр тухай дурсахад одоо ч надад шаналантай байдаг. Их сөрөг, хүнд сэтгэгдэл үлдсэн. Хэрэв тэр тулаан миний амьдралын нэг хэсэг биш шоу байсан бол би арай амар хялбар хандах байсан биз. Тулааны нэрийг сонсоод л хүнд дурсамж хөвөрдөг. Тэр үед зураг авалтын багийнхантай ярилцаж байхад манай буюу "Зөн билгийн тулаан-8"-ыг хамгийн хатуу, ширүүн гэж ярьж байсан. Ялангуяа, маш хүнд хэцүү үйл явдлууд кадрын цаана үлдсэн.
-Энэ шоу танд юу өгөв?
-Тэмцээний дараа би өөртөө илүү итгэлтэй болсон. Өмнө нь хийж байгаагүй зүйлээ хийж сурлаа. Хүмүүс намайг зөн билэгч хэмээн тоож, итгэж найдах болсон. Уг нь би тэр үед арай уян хатан, төвийг сахисан байр суурь баримтлах ёстой байсан байх. Нөхөр бид хоёрт /зөн билэгч Анатолий Емельянов/ казаньчууд их найдвар тавьсан. Гэхдээ шоун дээр бүх зүйл ямархуу байсныг үнэнээр нь хэзээ нэг цагт харуулах байх. Тэр үед бидэнд итгэж байсан хүмүүс үнэнийг ухаарч ойлгох байх. Тэр шоуг маш олон хүн үзсэн байсан, Оросын таван хүн тутмын нэг нь. Би мэдээж, өөрийгөө бусдаас хүчтэй гэхгүй. Надаас хүчтэй, ухаантай хүмүүс хэзээд байх болно. Тэгээд ч энэ тулаанд орсон л бол Оросын хамгийн хүчтэй зөн билэгч болно гэсэн үг биш. Гоц чадвартай хүн олон бий. Зарим нь камерын өмнө ажиллаж чаддаггүй, мөн шоуны форматад таарахгүй гээд шалгаруулалтад бүдэрсэн. Ер нь зөн билэгтэй гээд байгаа хүмүүсийн хоёр хувь л жинхэнэ гоц чадвартай. Тэгээд ч ийм хүмүсийг эрдэм шинжилгээний хүрээлэнд шалгаж тогтоох ёстой мэт. Гэхдээ би үзүүлсэн амжилтандаа сэтгэл хангалуун байдаг. Ер нь муу зүйл тохиолдсон ч үргэлж талархах ёстой.
-Манай шоуг үзэж байгаад далдын чадвартайгаа ойлгосон хүн байдаг. Ийм юм байж болох уу?
-Удам дамжин өвлөгдсөн чадвар хамгийн хүчтэй байдаг. Иймээс гоц чадвараа гэнэт нээнэ гэдэг ёстой утгагүй. Одоо зүгээр л бөөнддөг болжээ, моодонд орсон бололтой. Хүн өөрөө чадвараа нээж чадахгүй. Түүнд онцгой нөхцөл байдал, үхэл амьдралын зааг дээрх тэмцэл, стресс зэрэг хүчин зүйл нөлөөлдөг. Үнэндээ энэ нь гоц чадвар гэхээсээ зөн совин, хүчтэй мэдрэмж байх талтай. Та ч үүнийг мэдэрч болно. Нэг юм тохиолдоод л гоц чадвараа нээхээс биш хоёр секунд, эсвэл ганц өдөрт зөн билэгчийн чадвар бүрэн гүйцэд илрэхгүй.
-Гоц чадвар гэж ер нь юу вэ?
-Би 29-тэй. Гэтэл заримдаа 70 настай мэт санагддаг. Би өчнөөн юм үзсэн, үе үе солиорсон юм шиг байдаг. Харин дараа нь би энэ бүхэн юу болохыг ойлгосон. Далдыг харагч бол ердийн хүн биш, огт өөр. Зөн билэгч ба шизофрени өвчтөн зэрэгцэн алхаж байдаг гэж болно. Яагаад гэвэл толгой нь "нэг л биш" зөнбилэгч олон. Мөн эсрэг тохиолдол бий. Өөрсдийгөө хэвийн биш гэдэг хүмүүс далдын хүчтэй байх тохиолдол гардаг. Энэ бол бурхны хишиг. Ирээдүйг зөгнөн хэлэх нэг хэрэг, харин талийгаачдыг харж, сонсож, харьцана гэдэг өөр. Та астралд саатаж, хий биетүүд, мөн чанартай тааралдах болно. Тэнд маш аймшигтай. Гэвч энэ бүхнийг үзэж өнгөрөөсний дараа л туршлага сууж, зөгнөлөө тайлж сурна. Хүмүүс биднийг нэг удаа юм хараад л болчихдог, бүх зүйл сайн гэж боддог. Үнэндээ бид тэндээс авч байгаа мэдээлэл бүрийнхээ төлөө шийтгэл хүлээж байдаг. Заримдаа астрал биднийг явуулдаггүй, тэгээд залбирч мөргөн, тэмцдэг. Энэ бол асар их хүч хөдөлмөр, хариуцлага. Хэрэв та буруу тайлж ойлгосон бол яана? Хэрэв та өөрийн төсөөлөл, уран сэтгэмжээ тэнд үзсэн юмтайгаа хольж хутгавал яах вэ. Иймээс зурагтын өмнө сууж, зөн билэгчдийн ажиллаж байгааг хараад гоц чадвараа нээсэн гэж байгаа хүнийг би зүгээр л зөн совинтой гэж бодож байна. Хэнийг ч яаж ч пиардаж болно шүү дээ.
-Дэлхий дээр ойрын үед багагүи сүйрэл гамшиг болно гэж та өнгөрсөн жил зөгнөсөн?
-Зөгнөл маань биелж эхэллээ. Эко системд саатал гарах болно. Шилжилт хөдөлгөөн болж, агаарын хэмийн баланс өөрчлөгдөн, амьтан ургамлын төрлүүд устана. Гэхдээ амьдралд юу ч тохиолдсон инээмсэглэ, наранд баярлаж таларх гэж би бүгдэд хэлдэг. Бүр хамгийн бүрхэг өдөр ч гэсэн. Та өөрийгөө төдийгүй ойр дотны хүмүүсээ, байгаль эхээ хайрла. Бид бол орчлон хорвоогийн нэг хэсэг. Мөн төрсөн үрээ хаядаг эхчүүдэд хандаж хэлэхэд энэ бол хэзээ ч арилшгүй нүгэл. Ямар ч нүглийн төлөөсийг долоон үеэрээ үүрч, төлдөг гэдгийг мартаж болохгүй. Минийхээр бол бүх юм нь сайн сайхан гэр бүлүүд яагаад хаягдсан хүүхдүүд болон өвчтэй хүмүүст ямар нэгэн зүйлээр тусалж болохгүй гэж. Бидний хэлсэн үг бүр буцаад ирдэг. Энд бол бид зөвхөн зочид. Гэтэл одоо арай дэндүү ичгүүргүй авирлаж, байгаль орчноо юу болгож хувиргав даа. Биднийг үүний төлөө элдэв өвчин, сүйрэл, гамшгаар шийтгэж байгаа юм. Ханиад томуу л гэхэд өмнөхөөс харгис хэлбэртэй болж хувирна. Японы цацраг идэвхт бодис ч санамсаргүй тохиолдол биш. Тэнд ч, энд ч газар хөдөлнө. Бидний тэгж их хайрлаад байдаг техник сааталд орж, бид хэн ч биш гэдгээ ойлгоно. Мөн харь гарагийнхантай холбоо тогтоох байх.
-2012 онд хорвоогийн төгсгөл ирэх үү?
-Та яагаад тэгж бодож байгаа юм. Хорвоогийн төгсгөл хэдийнэ эхэлчихсэн шүү дээ. Ертөнц ганц өдөр сүйрэхгүй. Биднийг аажмаар, удаан устгах болно. Тэгээд ямар гай тарьж, юу хийснийг маань бүгдийг харуулах юм. Иймээс бид бүгд мөргөж залбиран, уучлал гуйх ёстой. Энэ итгэл үнэмшлийг өгдөг хүч бий. Та бид хүрээлэн байгаа бүхнийгээ хайрлаж хамгаалах нь хамгаас үнэт зүйл юм.
-Танд голдуу ямар зорилгоор ханддаг вэ?
-Атаархал маш их байна. Над дээр ирсэн 10 хүний зөвхөн нэг нь ирээдүйгээ мэдэхийг хүсдэг бол бусад нь ид шидийн аргаар амжилтад хүрч, мөнгөтэй болж, өөртөө дурлуулах гэх юм. Би тэдэнд "Энэ бол хувь тавилан, үйлийн үр, туршилт" гэж тайлбарладаг. Эхлээд нүглээ наминчилж, залбираад дараа нь ямар нэгэн арга хэрэглэх эсэхээ шийдэх хэрэгтэй. Яагаад гэвэл таны хийсэн нүглийг хүүхдүүд чинь үүрнэ шүү дээ. Миний хувьд амьдралын утга учир нь итгэл. Бурхны заасан замаар явах ёстой. Заавал таван удаа намаз уншиж, мацаг барих шаардлагагүй. Гэхдээ ядаж л энгийн зүйлийг ойлго, хэнд ч муу юм бүү хүс. Хүн өөрөө хөрөнгө мөнгөтэй болж, хайр дурлалтайгаа учирч чадна. Та бид өөрсдийгөө орчлонгийн нэг хэсэг гэдгээ мэдэрсэн цагт л гайхамшиг бий болно. Мөнгөөр бүх юмыг худалдаж авч болно гэж үздэг хүмүүст би тусалж чадахгүй. Би бүгдэд сайн сайхан, аз жаргалыг хүсч байна. Өөртөө, эсвэл бурханд, наранд итгэ. Ядаж л ургамал ногоо гээд ямар нэг ариун гэгээн зүйлийг шүт. Сөрөг муу зүйлийг биш шүү.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )