Дэлхийн мисс Монголд халтуурдав

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 14


Хүмүүнлэгийн элч, мисс Б.Гантогоогийн урилгаар дэлхийн мисс, Энэтхэг улсын гоо бүсгүй Парвати Оманакуттан болон Косово улсын гоо бүсгүй, мисс Тараку Морена, Монтенегро улсын гоо бүсгүй, мисс Станишик Нина нар Монголд  дэлхий даяар аялж буй “Ногоон торгон тууз” эко хөгжлийн аянд оролцохоор  ирсэн билээ. Төслийн хүрээнд хоёр хоногийн хугацаатай ирсэн ч миссүүд маань “Гоёо” брэндийн ноолууран хувцаснуудыг өмсч сурталчилгаанд зургаа авахуулаад амжив. Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын “Үндэсний шилдэг брэнд”-ээр шалгарсанаас гадна байгальд ээлтэй “Цэвэр үйлдвэрлэл” явуулдаг гэдгээрээ “Гоёо” брэнд  “Made in Organic Mongolia” шошго ашиглах эрх авсан учраас ийнхүү дэлхийн хэмжээний миссүүд дэмжжээ.  Тэд тансаг бүхний илэрхийлэл болсон  ноолууран хувцсыг өмч үзэнгүүтээ гайхалтай хэмээн дуу алдсан төдийгүй “Имейлээр зураг авахуулж болох уу. Ийм сайхан даашинзтай зургаа дэлхийн бусад оронд аялах үедээ хүмүүст харуулмаар байна” гэцгээж байлаа. Зураг авалт дуусахад тус брэндийн хамт  олон миссүүдэд дахин давтагдахааргүй цорын ганц үйлдвэрлэсэн, 1000 ам долларын үнэтэй, “Сваровски” шигтгээгээр чимэглэсэн тансаг зэрэглэлийн ноолууран даашинз бэлэглэлээ.  Монголд анх удаагаа ирж байгаа миссүүдийн хувьд ч “Гоёо” брэнд тэдний хувьд эчнээ танил гэнэ. Итали, Герман, Орос, Австрали,  Швейцарь зэрэг дэлхийн 10 гаруй орны 200 гаруй путик дэлгүүрээр   борлуулагдахын зэрэгцээ эх орондоо ирсэн гадна дотны хүмүүсийг нүүрийг тахладаг  “Үндэсний шилдэг  брэнд” маань энэ удаа  ч гэсэн үүргээ сайн биелүүлэв.  Харин  “Гоёо”-ийн ноолууран хувцаснууд  миссүүдэд ихээр таалагдсан төдийгүй тэд Монголыг тодорхойлох нэрийн хуудас болж чадах сайхан бүтээгдэхүүн байна.Найз нөхөд болон гэрийнхэндээ Монголоос бэлэг болгон авч явна гэцгээж байлаа. Ямартай ч дэлхий дахинаа аялж ногоон орчинг уриалаад байгаа гоо бүсгүйчүүд маань  чемодан дүүрэн ноолууран хувцастай, хэтэвч дүүрэн доллартай, сэтгэл өндөр буцлаа.

Д.Сэндэр.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн  портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top