Шинэ Монгол Улсаас нэг дүү, багш мэргэжлийн анхны төв “Ард олондоо соёл гэгээрлийн хөтөч” нэгэн зууны түүхтэй Улаанбаатарын Багшийн сургуульдаа Г.Лхахүү гавьяат, ардаараа овоглосон багш юм. Монгол Улсын Ардын багш Г.Лхахүү, хувь заяагаа атгаж төрсөн санааны сэдвийг, аавын охинтой холбосон мөр бадгаар дүрсэлж, шүлгийн үйлдлийн үгүүлэмжээ ээж, эх хүний ухаарлаар уясаан тодруулж, холбодог бичвэр хийсэн номоо “ЭЦЭГ ЭХ, ЭЛГЭН НУТАГ, ЭХ ХЭЛ МИНЬ.УБ.2019” гэх нэрийн гурвалаар утгалжээ. Номын дуу, шүлгийн бичлэгийн голлох мөр бадгийн онцлогийг нь хэлний бус дүрслэхүйг өргөн хэрэглэж, агуулгаараа сургаал захиас хэлж, заншил ёсны төрх ааль авир агуулсан сургамжтай мэргэжлийн салбарыг тодотгогч үг хэллэгээр чимэн зөөлрүүл[эвфемизм]-сэн дүрслэлт бүтээцтэй хэлц, сургаалын давхардал хийгээд, мөр бадагт оролцсон дан үг хэллэг[троп]-ийг нь утгалбарлавал, Монгол хүний бага балчир насыг үгээр хэрхэн хүмүүжүүлэхийн уламжлалыг хураан илэрхийлэхийг хичээсэн нь харагддаг өвөрмөц шүлгүүд болсныг тэмдэглэе. Амьдралд, хүүхэд нас, цааш алслаад оюутан залууст шүлгээ уншуулах нь Г.Лхахүү багшид бол, яривал бүтэж, бодвол хүрдэг гэх ухаарлыг түгээх мэргэжлийн зорилго төдийгүй шүлэглэх аргын төрөл зүйлдхи түүний хувийн бичвэр бусдаас ялгарах, эзэн зориулалтын эсвэл нэрлэсэн зохиолд тохирохуйц төрөл[жанр]-ийн үнэлэмж гарч ирэх биз. Г.Лхахүү, хүчлэлгүйхнээр, эгшиглэн[эвфония]-т дөлгөөн зөөлнөөр сургамжлах уянгалаг аясын үг хэллэг, утгалбараар бүрдсэн мөр, бадгууддаа өөр дотор нь, биохэмнэлийн тэнцвэржил илэрхийлэх цагийн гурвал[бага, идэр, өтөл]-ыг багтаан шүлэглэдгийн учир нь түүний уншигч нараас шалтгаалж байна. Үнэхээр л, “Нутгийн буурлаас зүүгдэж нэг, эсвэл нуугдаж нэг, заавалчгүй нулимс дуслахуйц” дурсамж нээдэг үй цагийн төлөөллүүд[хүүхэд, залуус, өтөл]-ийг Г.Лхахүү эзэнтэй болон хөрөг шүлэг байдлаар зураглаж бичсээр байгаа нь, “Заах, зохиох, хайрлах”-ын ухааныг гурамсан үйлдлийн бүтээц болгосноос гадна, шүлгийн номын уншигчдаа, “Эцэг эх, элгэн нутаг, эх хэл минь.УБ.2019” гэдэг утгын гурвалаар нэгтгэж, энэхүү номоо хүрээлж нэрлэсэн нь хүртэл бас л хугацааны үгүүлэмжээрээ Г.Лхахүүгийн шүлэг найруулдаг гаршсан туршлагыг харуулах аж. Г.Лхахүүгийн шүлэг, зохиолын номуудыг ажиглавал, “...Хөлчүү зэрэглээ, хөлөрсөн манхан, хуйлрах зээрийн сүрэг, сөгдөж төрдөг цоохор цоохор янзагууд”-ын хөдөлгөөн, үйлдлийн хосмол нь уншигчдын сэтгэл базсан гүн санаа, утгыг илэрхийлэх өвөрмөц мөр бадгийн дүрслэлийг буй болгоход чиглэжээ. Мөн “Од эрхэс ягуу ягуухнаар цайрч, тэнгэр савслагаасаа хяраалан хаяарч гэгээрэх өглөөгүүр эртлэн боссон эзэгтэй нар нь гэрийн өрхөө татдаг бол, эрчүүд нь гэрэлт тэр өдрүүдээр амьдралаа өөд дэвжүүлэгчид” байдлаар уншигддаг агуулгатай шүлгүүд доторх жирийн хүмүүсийн талаарх дүрт сэтгэмжүүд нь амьсгаа лугшин лугшсаар уужрах мэт тайшрал өгөхүйц утгалбар үгс, уран хэллэгийг дүрслэлд оруулсныг ч Г.Лхахүүгийн бичвэрээс ажиглав. Нутаг, хүн хоёрыг авиа дууриалган[ономатопея] тайлбарлах самбарын үг хэллэгээр бус,
“Нуурандаа чуулах шувууд шиг
Нутгаа үрс тань санаад ирлээ[34т]” гэхэд, харилцан зэрэгцүүллээр адилтгасан мөрүүд байгаа бол, “Юунд дургүй байх бол оо?”[68т]” шүлгээ,
“Хэрцгий догшин харилцаа
Хахир хатуу үг хэл
Хэрэглээгүй харамч түүнд
Хэн ч гэсэн дургүй дээ[68т]” гэж эм хүйс, эмэгтэйлэг, эх ээжлэг төрхийн гэмээр хүйс ялгасан сургамжаар дүрсэлдэг, бас хэн нэгний танилыг орлохуйц сэтгэгдэл, мэдээллийн үг хэллэг, зөв зүг, зөв хувиргалыг мөр бадгийн найруулга дотор суулгаж, аж төрлийн ухаан нээдэг уран санаа Г.Лхахүүд байна. Г.Лхахүү, ганц ганцхан угтуул үг[пролог]-с, голлосон оруулбар, мөн мөрийг утгын байраар нь зэрэгцүүлж харуулсан дүрслэлийг шүлэгтээ хэрэглэснээр,
“Нарны гэрлийн тод цацраг
Настны нүнжгийн сод улбаа[Аав, ээж хоёр минь]” гэх мөрүүд нь авахын бус, харин ч өгөх[89]-ийн утгын аятайхан эвлүүлэг болжээ. Дүрслэлийн дээрх эвлүүлгэ шиг мөр, бадгийн загвартай шүлгүүддээ Г.Лхахүү аливаа сургаал[сентенция]-т, санааг цомтгодог тойрууллын аргыг ашигласнаар, “Ээжийн мээм[хөх], амь нас, хүйн холбоо, аврал ивээл, ачлал буян, сэтгэлд үерлэх[17т]” юм, юмыг төлөөлөхүйц “ААВ ЭЭЖ, НАР НАСТАН, ГЭРЭЛ НҮНЖИГ, ХАНЬ МИНЬ[27т]” гэсэн зэрэгцсэн үгсээр босоо, эсвэл хэвтээ шугамыг дүрслэх үйлээр нь эрэмбэлж, түүндээ “Наран сарны гэрэл туяа[Миний хөөрхөн үрс.22т]-г уусгаж өгсөн хөндлөнгийн үгүүлэмжээр хос шугамыг огтлолцуулсан нь утга, үгүүлэмж сарниулах голлох дутагдэл боловч, хүний сайныг хардаг[80т] бичлэгт гаршсан “Ахмад багш[28т]”-ийн хувьд, аргагүй л мэргэжил[профессионализм]-ийн бичлэгийн талаас бол бас л зөвтгөх онцлог биз. Үгүүлэгчийн аминч[эгоист] яриагаар зурагласан гэр бүлийн үйлдлийн үгүүлэмжээр дэмжүүлсэн шүлгийн нь нэг, “Морьтон Монголын гайхамшгийн үлгэр[Ах нар минь.20т]” сэдэвт зохиолдоо Г.Лхахүү, бусад бичвэртээ сонгон дүрсэлсэн, “Мандухайн удам[23т]”-ын адилтгал, мөн зүйрлэлийн давхардал, бас нийгэмдхи мөнгө зоос, ширээ суудлын төлөөх үзэл бодлын шүүмж, гэр бүлийн эзэгтэй нар болох “Галын бурхан[21т]” бүсгүйчүүдийн “Ухаан түгээгч[12т]”, үл сэмрэх “Мяндас зөөлөн уран ааль[Галын бурхад.21т]” хийгээд, тэдний түшиг хань нөхөд, өөрсдийгөө, “...Хазайвал тэгшлэх багана” минь тэдгээр бүсгүйчүүд гэх бардамнал, итгэл хөөрлөөр харилцан огсолзох өрх гэрийн эзэд, хөвгүүд эрчүүд[Миний хүргэд(26т)]-ээ тодотгосон баялаг үгүүлэмж нь намтар бүтээлд байдаг дүрслэх арга юм. Ингэ ботголсон айлд хамаагүй буудаггүйг “Ботго[50т]” шүлгээс, харин “Үрээ төрүүлэх, харж ижилсэх, уургаараа амлуулан дагуулах”, үйлдлүүдээс, “Зүүний үзүүрт тогтсон эрдэнэ Зүсээ нийлж удамших хувь”[10т] заяаны өглөгч, өсгөн байжуулах ажлын “Их сургууль[14т]” болсон “Ээжийгээ хайрлах[15т]” үг хэллэг,ээжийн бүүвэйллийн дунд үр хүүхдээ “ариулж болгож[82т]” байгааг “Даахь үргээв[53т]”, “Удирдлагатай машин[55т]” зэрэг хүүхдийн зохиолын төрөл зүйлээр ялгарах хөөрхөн шүлгүүд Г.Лхахүүд олон байна. “Эх хүний жаргал[11]” сэдвээс үүдэж, “Алтан бүхнээ салган урж урсгаж, ивлээгүй битүү бүхнээ нээж[15т]” бичсэн болон “...гүн бясалгалын...[13т]” олон шүлгүүд, тэдгээрийн мөр бадгуудаас “ Нутагтаа ирлээ[34т]” гэх ээнэгшил, мөн “...Ингэ тэг гэж зүгээр нэг хэлдэггүй[79т]”-г сануулж, “Эрдэнэ мэт үгсийн...[11т] тоо тооцуурыг Г.Лхахүү шүлгээрээ хэлж, уншигч залууст мэдрүүлсэн нь онцлог. Харин “Хөх цав[36]” нэртэй уул усны шүлэгтээ лус савдгийг, “Бүрд нуур[37т]” шүлгийн “Болор шиг гялалзсан Булгийн найман ундаргатай Буман үеэс улбаалсан Байгалын бүтээл Бүрд нуур[37т]” гэсэн бадагтаа Г.Лхахүү дээдсийн үе үеийн санааг хэд дахин гүйцээсэн эх нутгаа гэх төгс бодлыг тэрхүү Бүрд нуурын “Хөхрөн мэлтийх толиог нь” харж бодот байдлын хуулбарыг урвуулан шилгээх сэтгэлийн үйлдлийг дүрслэх мэргэн үг[крылатые слова] ашиглан илрүүлжээ. Хэлзүйн сэтгэмж[лото], хэлний тоглоом, оньсого таавар, танин мэдэхүйн чигийн сэдэвтэй бүтээгч санааны “хэрсүү шүлгүүд”-ээ, зөв бичих дүрэм, сургалтын үр өгөөж, дүн банг тоймлосон бага насныхны үнэлэмжтэй холбож, “Өргөлтөт, балархай эгшиг[58т]”, “Эр эм эгшгийн дуу[59т]”, “Урт, богино, хос эгшиг[63]”, “Эгшиг зохицох ёс[66т]” гэх шиг хичээл сургалтад хэрэглэдэг нэр томъёоллыг шийдвэрлэх агуулгын “хөөрхөн” бичвэр болгожээ. Г.Лхахүүгийн бүтээлийг ангийн булан, хичээлийн самбарт тавихаас гадна, хүүхэлдэйн бүтээлийг орлон дэлгэц, хүүхдийн жүжиглэлийн тайз дээр үг үсэг гэж орхилгүйгээр сурагч бүрийн нүдэн дээр амилан дүр босгодог нь гадаад байдлаараа, хүүхдийн баримтат зохиолыг санагдуулах аж. Үндсэн эгшгүүд таниулах үйлдлийн төрмөл санааг, “Үгийн үе[65т]” нэртэй шүлэг болгосон Г.Лхахүүгийн бичлэгийн агуулгаас сонирхъё. Түүнд,
“Үндсэн гуайнх 7 хүүхэдтэй
Үнэхээр тэд өнөр юм аа
Гийгүүлэгчийнхтэй тэд чинь
Гэмгүй сайн нөхөрлөдөг юм[65т]” гэжээ. Энэ бол дүрт тоглолтын яриа юм. Үүнээс ажиглавал, Г.Лхахүүгийн “Эцэг эх, элгэн нутаг, ах хэл минь.УБ.2019” номын хүүхдийн гэгддэг эдгээр шүлгийн ач тус бол, бага насныхны аман сургалтын бүрэлдхүүн хэсгийг төлөөлөх загвар бүтээлийг орлож байна. Ийнхүү эх хэлний хичээл, үйлдвэрлэлийн явц маш дэлгэрэнгүй харагддаг нь Г.Лхахүүгийн шүлгүүдийн сэдвийн онцлог төдийгүй, хүүхдийн хүлээсэн зорилго нь “цээж шүлэг”-ээ ярилцвал бүтдэг, бас уншвал бодсондоо хүрдэг ухаарал төрөхүйц орчинг үүсгэхүйц ур ухаарал төрүүлдэг нь онцлог байгааг нэмэн тэмдэглэе.
Утга зохиол судлаач, профессор Д.ХҮҮ
Сэтгэгдэл ( 0 )