Ө.Энхтүвшин: Японоос ирсэн энэ удаагийн нислэг МАШ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ

2020 оны 04 сарын 03

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 15:55 цагт Буянт-Ухаа нисэх буудалд газардсан. Тус онгоцоор нийт 266 хүн ирж байгаа бөгөөд тэднээс хоёр иргэн коронавирус өвчний халдвар авсан байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн тул тусгаарлалтад авсан талаар Улсын Онцгой комиссын Шуурхай бүлэг мэдээллээ. Иргэдийг урьдчилан бэлтгэсэн тээврийн хэрэгслээр ХӨСҮТ-д хүргэжээ.

Түүнчлэн энэ нислэгээр ирсэн иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Тоёоко Инн", “Корпорэйт"; зочид буудал болон ОБЕГ-ын дэргэдэх Давтан сургалт, сургалт сэргээн заслын төвийн “Онцгой Жаргалант” сувилалд 21 хоног тусгаарлах юм.

Онцгой байдлын ерөнхий газар дээр байрлаж байгаа Улсын онцгой комиссын Шуурхай штабад Монгол улсын Шадар сайд Ө.Энхтүвшин тусгай нислэгийн үйл ажиллагаатай танилцаж, мэдээлэл хийлээ.


Ө.Энхтүвшин "Эх орондоо ирье гэсэн хүний тоо 6100 байна. Цаашдаа нэмэгдэх хандлагатай. 47 орнуудад байдал амаргүй байгаа учраас манай иргэдийн хувьд хүнд байна. Хамгийн хүнд асуудал бол Ази иргэдийг ялгаварлан гадуурхах байдалд өдөр өдрөөр нэмэгдэж, дэлгүүр орж чадахгүй хүрсэн байна. Бид иргэдээ авчирна. Гэхдээ нислэгийн хэлэлцээртэй улс орноос иргэдээ авчирна. Тиймээс нислэгийн хэлэлцээр хийх боломжгүй байгаа газраас иргэд бусад улсаар дамжин ирж байна.

Дараагийн нислэгийн дөрөвдүгээр сарын 08-ны өдөр БНСУ-руу хийнэ. Нисэх баг маань иргэдийн адил 21 хоног тусгаарлагдах учраас нислэгийг ойрхон хийх хүсэл байгаа боловч боломжгүй байна.

БНСУ-аас өчигдөр ирсэн иргэдээс шинжилгээ өгч чадаагүй 18 хүн байгаа, бусад нь өгсөн. Харин бусад орны хувьд шинжилгээ хийлгэе гэдэг манай улсын шаардлагыг хангах боломжгүй гэдгийг мэдэгдсэн. Бид өөрийн оношлуураа авчраад онгоцонд оношилъё гэсэн хүсэлт тавихад мөн боломжгүй гэсэн. Энэ нь тухайн улсын хуулийг зөрчиж байгаа асуудал юм байна.

Токиогоос ирж байгаа иргэд шинжилгээ хийгдээгүй, маш өндөр эрсдэлтэй иргэд ирж байна. Энэ нислэгээр АНУ-аас иргэд дамжиж ирж байгаа. Тиймээс онцгой анхаарал татаж байна. Өвчний өндөр халдвартай орноос ирсэн иргэдийг яаралтай ХӨСҮТ-үү шилжүүлнэ. Бусад иргэдийн гурав хоногийн дараагаас шинжилгээ авна. Бид нэг нэгээр нь байрлуулах зохион байгуулалт хийж байгаа. Гэхдээ мэдээж зайлшгүй дэргэд нь асран хамгаалагч байх шаардлагатай болон гэр бүлээрээ байх шаардлагатай иргэдийг хамтад нь тусгаарлана. Бүх зүйл хяналтад байна." гэв.

Top