Тусгаарлалтаас гарсан иргэдийг орон нутаг, дүүрэг ХЯНАНА

2020 оны 04 сарын 06

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас Коронавирусний нөхцөл байдлын үеэр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. 2020.04.06

2020 оны гуравдугаар сарын 03-ны өдрийн Токиогийн нислэгээр ирсэн иргэдээс 68 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа аж.  Түүнчлэн Цэргийн төв эмнэлэгт 14 иргэн,  "Жаргалант" сувилалд  хоёр иргэн,  "Тоёоко" зочид буудалд 188 иргэн, нийт 273 хүнийг тусгаарласан байна.

Нийт тусгаарлалтад байгаа иргэдийн дунд 0-5 настай 68 хүүхэд байгаа бол 6-17 настай 157 хүүхэд байгаа аж. Өнгөрсөн тав хоногийн хугацаанд 955 хүн тусгаарлах байрнаас гарсан бол өнөөдөр нэмж 455 хүнийг гаргахаар бэлдсэн байгаа гэх мэдээллийг ОБЕГ-ын Дэд дарга, Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр өглөө. 

Тусгаарлалтаас гарч байгаа иргэдийн нэр, гэрийн хаяг гэх тодорхой мэдээллүүдийг орон нутаг, дүүргийн удирдлагуудад хүргүүлж байгаа бөгөөд үүнээс цааш дүүрэг, орон нутгийн засаг захиргаа харьяаллын иргэдээ гэртээ өөрийгөө тусгаарлаж байгаа эсэхэд нь хяналт тавьж ажиллах үүрэг хүлээх ажээ. 

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Гадаадын 45 улсаас 6313 иргэн буцаж ирэх хүсэлт гаргасан. Эрүүл мэндийн шалтгаантай 84, ахмад настай 32 иргэн байна. Мөн амьдрах орон байргүй болж байгаа гэсэн олон иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан. Эдгээр иргэдийн хүсэлтийг ЭСЯ-дуудаас Гадаад харилцааны яаманд ирүүлж байгаа. ГХЯ-аас иргэдийн хүсэлтийг Улсын Онцгой комисст уламжилж байна.

Сошиалд "Гадаадын иргэд Монголд ирж байна" гэсэн шүүмжлэл гарч байгаа. Дипломат албаны ажилтан, түүний гэр бүлийн иргэдийг Улсын онцгой комисст мэдэгдсэнээр зөвшөөрөл олгож байгаа. Токио - Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр гадаадын дөрвөн иргэн ирсэн. Япон улсын хоёр, Испанийн нэг, АНУ-ын нэг иргэн байсан. АНУ, Испанийн иргэн нь хүүхдүүд. Эцэг, эх нь монгол иргэншилтэй.

Олон нийтийн зүгээс хардалт байна. Онгоцонд багтахгүй, ирж чадахгүй байгаа учраас хардах, буруу ташаа ойлгох тохиолдол гарч байгаа.

Дөрөвдүгээр сарын 8-нд Сөүлээс тусгай нислэг үйлдэнэ. Ямар шалтгаантай иргэн эх орондоо ирж болохыг өнгөрсөн баасан гарагт цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн.

Эрүүл мэндийн шалтгаантай иргэн, өндөр настан, бага насны хүүхэдтэй эхчүүд гээд тодорхой шалтгаантай иргэдийг тусгай нислэгээр авчирна. Шалгуур хангасан Монгол Улсын иргэнийг эх орондоо авчирна. Ирэх хүсэлтэй олон иргэн байна. Онгоц 250 хүний суудалтай. Суудлын тоогоор иргэдийг авчирна. Аль болох олон хүнийг эх орондоо авчрах тал дээр анхаарч ажиллаж байна” гэсэн мэдээлэл өглөө. 
 

ШУУД ҮЗЭХ
 

 

 

Top