-Франц улсад нас баралт хамгийн өндөр байна-
Японоос оруулж ирсэн “Авиган” гэх эм нь коронавирусийг дарангуйлж, хүчийг нь сулруулдаг болохыг эрдэмтэд баталжээ. Албан ёсны нэршил нь “Фавипиравир” буюу худалдааны нэр нь “Авиган” гэх энэхүү эмийг коронавирусний эсрэг тэмцэхэд үр дүнтэй талаар өнгөрсөн нэгдүгээр сараас хойш яригдаж эхэлсэн юм. Японы эл эмийг олон орон захиалж авчээ. Коронавирусний халдварын улмаас үүссэн уушгины үрэвслийг эмчлэх зорилгоор улс орнууд худалдаж авч байгаа “Авиган” нь Японы “Fujifilm Toyama Chemical” компанийн вирусний эсрэг бэлдмэл юм.
Коронавирусний халдварын голомт Хятад улс үр дүнтэйг нь батлаад байгаа “Авиган” эмийг бусад орон ч коронавирусний улмаас уушгины үрэвсэл нь хүндэрсэн, хүнд байдалтай байгаа өвчтөнүүдэд уулгаж байна.
Хятадын Засгийн газар “Авиган”-ыг албан ёсоор “Ковид-19” вирусний өвчлөлд хэрэглэхээр болсноо мэдэгдсэн. Бусад вирустэй харьцуулахад маш хурдацтай хувирч чаддаг RNA агуулсан коронавирусний эсрэг энэхүү эмийг анх удаа Хятадын Уханьд 300 гаруй хүнд туршиж үзсэн юм. Эмийг хэрэглэсний дараа өвчтөнүүдийн 91 хувьд нь рентген шинжилгээгээр хатгааны сүүдэр арилсан байжээ. Мөн гаж нөлөө багатай аж. Хятадын компани “Авиган” эмийн эрхийг худалдаж авсан гэгдэж байгаа ч мэдээлэл батлагдаагүй байна. “Авиган”-ыг анх зургаан жилийн өмнө гаргаж авсан, Эбола вирус болон чичрэг өвчний үед хэрэглэж байсан гэх мэдээлэл байгаа юм.
Монгол Улс мөн өвчтөнүүддээ “Авиган”-ыг хэрэглэж байгаа. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл дөрөвдүгээр сарын 5-нд "Улс орон бүрийн мөрөөсөл болоод байгаа коронавирусний эсрэг "Авиган" эмийг Японоос авчирсан. Эмч нар маань энэ мэдээнд их баярласан. Эрүүл мэндийн салбартай холбоотой асуудлыг боломжтой бүх хэлбэрээр Засгийн газар шийдвэрлэж байгаагийн нэг үр дүн энэ эмийг авчирсан явдал. Үнэ өндөр шинэ брэнд эм" гэсэн мэдээлэл өгсөн. Харин ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнөөдөр өгсөн мэдээллийнхээ үеэр "Японд үйлдвэрлэсэн, коронавирусний эсрэг "Авиган" эмийг маш яаралтай худалдан авалт, захиалга хийж авчирсан. Өвчтөнүүдийн эмчилгээнд хэрэглэж байгаа. Монгол Улс хамгийн сүүлийн үеийн, яг энэ коронавирусний эсрэг үр дүнтэй байгаа энэ эмийг хэрэглэж байгаа" гэсэн юм.
Франц улсад нас баралт хамгийн өндөр байна
Коронавирусний халдвар дэлхий дахинд ямар байгаа, өвчлөлтэй тэмцэх үр дүн болон хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хүргэе. Вирусний тархалтын тоогоор дэлхийд тэргүүлж байгаа АНУ-д нас баралт найм дахин нэмэгдсэн бол Испанид тав дахин нэмэгдэж, өчигдрийн байдлаар нас баралт Франц улсад хамгийн өндөр байна. Тус улсад нас баралт 10 мянга даваад байгаа юм. 7131 хүн эрчимт эмчилгээнд хэвтэн эмчлүүлж байгаа бол өндөр настны асрамжийн газарт нас баралт их байгаа аж. Япон, Филиппинд нийслэл хотдоо өндөр тархалттай байна. Коронавирусний халдварын үед олон нийтийг хамарсан арга хэмжээ хориотой байгаа учир дуучин Леди Гага энэ сарын 18-нд дэлхий нийтэд зориулж тоглолтоо онлайнаар шууд дамжуулахаа зарлажээ. Мөн ДЭМБ-аас “Дэлхийг уншъя” гэх арга хэмжээг зохион байгуулж, хүүхдийн номын зохиолчид өөрсдөө номоо уншиж өгөх юм. Түүнчлэн хувийн хамгаалах хэрэгсэл хомсдолд орсон энэ үед хэрэглээг нь уртасгах, дахин хэрэглэхтэй холбоотой зөвлөмжүүд нэмэгдсэн байгаа юм.
Хорио цээрийг цуцалбал тархалт эргэж сэргэнэ
Коронавирусний халдварын голомт болсон Хятадын Ухань хотод хатуу чанга хорио цээрийн дэглэм өчигдрөөс цуцлагдаж байна. Дотоодын нислэг, галт тэрэгний хөдөлгөөн сэргэсэн ч Хятад улсад урьдчилан сэргийлэх арга хэмжээг улам эрчимтэй үргэлжлүүлэн авч хэрэглэх шаардлагатай байгааг албаныхан анхааруулжээ. Чех улсад хорио цээрийн дэглэмийг энэ сарын 30-ныг хүртэл сунгах шийдвэр гаргасан билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ сарын 7-нд хийсэн хурлаар халдварын тархалтыг хумих зорилгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг цуцлах болоогүй байгааг анхааруулсан талаар ЭМЯ-ны өчигдрийн 11:00 цагийн мэдээллийн үеэр хэллээ.
Хорио цээрийг цуцалбал халдварын тархалт эргэж сэргэхийг ДЭМБ-аас дэлхий дахинд хандан анхааруулж байна. Өмнөд Солонгост өвчлөл буурч байгаа ч залуус баар цэнгээний газраар ихээр явснаар тархалт эргэж нэмэгдсэн байна. Тус улсын Эрүүл мэндийн яам коронавирусний халдвар аваад эдгэрсэн 51 өвчтөнөөс вирус дахин илэрсэн тухай мэдээлжээ. Тэдгээр 51 өвчтөн эдгэрээд хөл хорионоос гармагцаа халдварын шинж тэмдэг нь дахин илэрсэн байна. Вирусний халдвар дахин илэрсэн 51 өвчтөн тус улсын Умард Гёнсан аймгийн харьяат иргэд байжээ. Өмнөд Солонгосын халдварт өвчин судлалын төв үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан тус улсад эдгэрсэн өвчтөнүүдийг дахин шинжилгээнд хамруулах ажиллагааг зохион байгуулахаар болжээ. Халдвар зүйчдийн үзэж байгаагаар эдгэрсэн өвчтөнүүдээс вирус дахин илрэх магадлал 70 орчим хувьтай байгаа аж
Европын орнуудаас Турк улсад халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж буй. АНУ-ын халдварын голомтын төв болоод байгаа Нью- Йоркт нэн шаардлагатай байгаа амьсгалын аппаратыг Калифорниос илүүчилж илгээж байгаа талаар тус муж улсын захирагч мэдээлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )