Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд цар тахал гэж нэрлэгдээд байгаа Ковид-19 халдварыг тархаахгүй байх болон сэргийлэх чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид халдвар хамгааллын ямар дэглэм барих талаар мэдээлэл өглөө.
Ковид-19 вирусний халдварын голомтод ажиллаж байгаа 1130 албан хаагчдад 500 мянган төгрөгөөс нэг сая төгрөгийн урамшуулал үзүүлэхээр болсон. Үүний санхүүжилтийг Улсын онцгой комисст ААН байгууллагууд болон иргэдээс ирүүлсэн хандиваас гаргахаар тогтсон юм. Халдварын тархалт дөрөв болон тавдугаар саруудад эрсдэл дагуулах магадлалтай байгаа учраас иргэдийг амны хаалтаа тогтмол зүүж, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг мөрдөх шаардлагатайг Эрүүл мэндийн сайд санууллаа.
Тэрбээр мөн "Бусад орны жишгээр маш сайн хөл хорих хэрэгтэй байна. Иргэдийг маск зүүгээгүй бол торгодог болмоор байна. Энэ ажлыг хууль хяналтын болон цагдаагийн байгууллага хариуцдаг баймаар байна. Энэ арга хэмжээ рүү орохгүй бол халдвар тархах эрсдэл хаяанд ирлээ" гэсэн байр суурь илэрхийлэв.