Гар барих ёс. 2500 гаруй жилийн өмнөөс нийтийн дунд тогтсон ёс ийнхүү дурсамжид үлдэх хувьтай байж. Нам дагасан даргын хүүхэд ч, цүнх барьсан нэгэн ч, хэдэн тэрбумын хэлцэл хийж буй бизнесмен ч, нэгдүгээр ангийн жаахан хүүхэд ч ялгалгүй нэгэнтэйгээ гар барьж мэндэлдэг нь ёс. Гэвч нэгэн цагт ёс байсан зүйл ондоо цагт цээр болих тавилантай байв. Одоогоос 2000 гаруй жилийн өмнө Ассирын хаан III Шалманесер хаан Вавилоны холбоотонтойгоо найрамдсаны тэмдэг болгож гар барьж байсан түүх бий. Тухайн цагт энэ нь гартаа зэвсэг нуугаагүй гэдгийг илтгэдэг байсан гэдэг.
Түүхийн олон нугачаа давсан энэ ёс нийтийн дунд тогтсон хүндэтгэлийн ёсны нэгэн хэв шинж болно гэж тухайн үедээ Ассирын хаан төсөөлөөгүй нь лавтай. Голцуу барууны орнуудад гар барих нь ёс болтлоо дэлгэрсэн байна. Гэвч яг хэддүгээр зуунаас эхтэй вэ гэдэг нь түүхэнд тодорхой бус. Барууны орнуудад дэлгэрсэн энэ ёс нүүдэлчин монгол түмэнд моторын дуутай хамт орж ирсэн юм. 30-аад оны сүүл хүртэл монголчууд гар барьж мэндэлдэггүй байсныг монголч эрдэмтдийн олон тэмдэглэлээс харж болно.
Орчин цагийн хүн монголоос үүссэн гэдгийг нотлох гээд үлэг гүрвэл гээч аварга амьтныг олж нээсэн Рой Чепмэн Эндрьюсын тэмдэглэлд монголчуудыг зүрхэндээ гараа тавиад амрыг эрэн мэндэлдэг байсан гэдгийг тэмдэглэн үлдээсэн байдаг. Үүнээс хойших олон монголч эрдэмтэн үүнийг нотолсон нь бий. Гэвч социализмын бүтээн байгуулалт, үзэл суртлын тэр он жилүүдэд хоцрогдсон феодал ёсыг түлхэн хаяад гар барих барууны ёсыг дагаж мөрдөхөөр болсон юм.
Ассирын хаанаас эхлээд үзэл суртлын нөлөөгөөр нүүдэлчин монголчуудад хүрсэн гар барих ёс эдүгээ үхлийн аюулт өвчний үүтгэл, шалтгаан болж хувирчээ.
АНУ-ын Вашингтоны их сургуулийн нийгмийн салбар сургуулийн профессор Дороти Жонсоны “Гар барихын хүч” гэдэг ном бий. Хэдийгээр гар барих нь тогтсон ёс мэт боловч энэ нь нийгэмд эзлэх байр сууриа нэмэгдүүлэх, алив хэлэлцээрийг өөрийн талд эргүүлэх, хэн нэгэнтэй холбоо тогтоох хүч болж хувирсан гэдгийг дурдсан байдаг. АНУ-ын үе, үеийн Ерөнхийлөгчид ч чухамдаа энэ хүчээр засаглалын эрх мэдэлдээ хүрсэн нь гашуун үнэн. Хуурай хуулийн үед ид мандаад АНУ-ыг “захирч” байсан гэмт хэргийн бүлэглэлүүд ч чухам энэ л хүчээр оршин буйгаа тодорхойлж байлаа. Монголчуудад ч ялгаагүй.
Ассирын хаанаас эхлээд үзэл суртлын нөлөөгөөр нүүдэлчин монголчуудад хүрсэн гар барих ёс эдүгээ үхлийн аюулт өвчний үүтгэл, шалтгаан болж хувирчээ. Шалтгаан болсоор гурван сарыг үдэж. Энэ хооронд Их Британи, Итали, Франц гээд өөрсдийгөө соёлт ертөнцийн төв гэж тодотгосон улс гүрнүүд гар барих ёсноосоо татгалзав. Татгалзаад тэд тохойгоо нийлүүлэх ёсыг хэвшүүлэх гэж нэг хэсэг үзэв. Ямар сайндаа Германы канцлер Ангела Меркел гар барих гээд бантаж байх вэ дээ. Өнөө хэр нь манай хэдэн улстөрчид гар барьчих гээд балмагдаж байгааг та харсан л байх.
Гар барихаас сэргийлэх тухай орчин цагт соёлт ертөнцөд хэд, хэдэн удаа мэдэгдээд адлагдсан эрдэмтэд бий. Үүний нэг нь Лос Анжелесын их сургуулийн анагаахын салбар сургууль. Тус сургуулийн эрдэмтэд гар барих нь нэгээс нөгөөд вирус халдаах хамгийн том зам болохыг тогтоожээ. Дэлхий даяар элдэв халдварт өвчний тархалт их байдаг нь чухам үүнтэй холбоотой аж. Үүнийг 2000-аад оны эхээр мэдэгдэж байсан ч тухайн цаг үед үүнийг нь ойлгож сонсохоос илүүтэй эв хавгүй хошин шогчдын үзүүлбэрийн сэдэв болоод л өнгөрсөн.
Гэвч 2003 онд амьсгалын замын цочмог хам шинж буюу САРС-ын халдвар тархсан нь гар барих ёсыг халах бас нэгэн дохио болов. Гэхдээ үүнээс 17 жилийн дараа дэлхий даяар дэгдээд өдгөө гурван сая хүнд халдварлаад буй коронавирус хамгийн том сануулга болжээ. Магадгүй хоёр илүү мянган жилийн ёс түүх болон үлдэх хувь заяатай ч байж мэдэх юм.
Одоо барууны орнууд хоёр хуруугаа гозойлгох, гараа зүрхэндээ аваад бөхийх зэрэг мэндчилгээний олон хэлбэрүүдийг санал болгож байна. Зарим нь үүнийг хэвшүүлэхийн тулд нэр хүндтэй эрдэмтэд, олны танил хүмүүсийг ч ашиглаж байна. Барууныхан гар барихаасаа татгалзаж буй энэ цаг үед монголчууд бид яагаад хуучны сайхан мэндчилгээгээ сэргээж болохгүй гэж.