Г.Уранчимэг: Хүн төрөлхтөнгүй дэлхий одоо л бүтэн амьсгалж байгаа юм шиг санагдаж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 21

Өнөөдрийн ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГА

Шинэ төрлийн коронавирусний халдвар гарч, дэлхий дахиныг цочирдуулснаас хойш таван сар гаруй хугацаа өнгөрлөө. Улс орнууд үүд хаалгаа барьж, дэлхийн өнцөг булан бүрд эх орондоо харьж чадахгүй хүмүүс байна. Монгол Улс ч чадах чинээгээрээ гадаадаас иргэдээ татан авч байгаа. 10 мянга гаруй монгол хүн эх орондоо харих хүсэлт гаргасан ч одоогийн байдлаар боломж хомс хэвээр.

Цар тахлын үед хүний нутагт байгаа монголчууд маань хэрхэн амьдарч байна, тэдэнд учирч байгаа зовлон, бэрхшээл юу байгаа талаар Швейцарт амьдарч байгаа монгол оюутантай онлайнаар холбогдож, ярилцлаа.

 


-Сайн байна уу? Та Европын ямар оронд амьдарч байна? Тэнд хэдэн монгол хүн байдаг вэ? Коронавирусний халдвар хэр байна?

-Намайг Г.Уранчимэг гэдэг. Би Швейцар улсын Женев хотод амьдардаг, оюутан. Энд албан бус тоогоор 3000 орчим хүн оршин суудаг. Ихэнх нь хараар амьдардаг болохоор бодитой тоо гаргахад хэцүү. Өнөөдрийн байдлаар (Тавдугаар сарын 17) Швейцар улсад 30572 хүн лабораторийн шинжилгээгээр коронавирусний халдвар авсан гэж тогтоогдсоноос сүүлийн 24 цагийн дотор 58 хүн шинээр бүртгэгдсэн.

-Анх халдварын талаар хэзээ сонссон бэ? Айж байв уу?

-Анх хоёрдугаар сарын сүүлээр гуравдугаар сарын эхэн үед Швейцарын хөрш орнууд болох Франц, Италид хүмүүс халдвар авч байна гэж дуулсан ч энд ороод ирнэ гэж бодоогүй. Яг үнэндээ нэг их айгаагүй. Яагаад гэхээр энд орчин нь маш цэвэрхэн дээр нь ДЭМБ байдаг болохоор гайгүй л байх гэж бодсон. Харин Монголчууд маань Уханьтай ойр болохоор болгоомжтой байгаасай гээд гэрийнхнээ сэрэмжлүүлдэг байлаа. Тэгсэн гуравдугаар сарын эхээр Итали улсын иргэнээс дамжин, анх энд орж ирсэн. Швейцарчууд тэр үед азиудын тараасан өвчнийг италичууд муухай бохир болохоороо аваад ороод ирлээ гэлцдэг байсан. Юунаас хамгийн их айж байсан бэ гэхээр энд өртөг маш өндөр газар. Нэг ширхэг цэвэр ус гэхэд л монгол мөнгөөр 10000 төгрөг гэдэг. Ажилгүй л бол амьдрахад хэцүү дээ. Сар бүр байрандаа 400-2000 франк төлөх ёстой. Энэ нь монгол мөнгөөр 1.5 саяас 6 сая төгрөг. Тэгээд л оюутнууд бол сургалтын төлбөр, хоолны мөнгө гээд явж өгнө дөө. Энд хараар амьдардаг хүмүүс, дөнгөж ирсэн оюутнууд яаж байгаа болдоо гэж бодохоор гол харлах үе байсан.

-Европынхон анх коронавирусийг огт тоохгүй, хамгаалахгүй байх шиг санагдсан...

-Харин тийм. Би ч гэсэн их гайхдаг байсан. Бүр өдөрт л 100-200 хүн өвдөөд байхад маск зүүхгүй, телевизээрээ энэ талаар гаргахдаа манайх шиг сенсаацлаж гаргахгүй дурдаад л өнгөрч байх шиг санагдсан. Эхэндээ хөгшин хүний өвчин, маск зүүсэн бол өвчтэй гэсэн үг, азиуд л өвддөг гэсэн ташаа ойлголтууд их байсан юм шиг. Нэг талдаа хөнгөн хуумгай байсны улмаас өдөрт зуу зуугаараа өвдсөн. Нөгөө талдаа нийгэмд хий хоосон хөөсрөлт бий болгохгүйгээр ард түмнээ тайван байлгах бодлого барьж байгааг нь буруутгах аргагүй. Гэхдээ огт арга хэмжээ авахгүй байсан уу гэвэл үгүй. Гуравдугаар сарын дунд үеэс эхэлж хагас карантины байдалд (Дэлгүүр орж болно, 2 метрийн зайтай зорчино, 5-аас дээш хүн нэг дор цуглахгүй гэх мэт) шилжиж,  40 орчим хоног гэр гэртээ байцгаалаа. Энэ хугацаанд нийт хүн амын 1% нь өвдсөн байна. Миний хувьд Монголд байхдаа өдөр бүр завгүй амьдардаг байсан. Энд ирээд ч гэсэн Улаан загалмайд сайн дурын ажил, ресторанд угаагч, цагийн багш, хичээл хийх гээд өдөр бүр л завгүй гүйдэг байлаа. Харин карантинаас хойш 40 хоног гэртээ байна гэдэг миний амьдралын хэмнэлийг орвонгоор нь эргүүлсэн өөрчлөлт болсон.

-Өндөр хөгжилтэй улсууд байж маш их хүнээ алдлаа. Итали, Испани гээд л?

-Цар тахал бол хүнийг арьс өнгө шашин шүтлэгээс нь үл хамаарч бүгдийг л дайрдаг гэдгийг сүүлд ойлгож байх шиг. Хүн ер нь давахгүй гэсэн даваагаа гурав давна гэдэг дээ. Америк, Итали, Швейцар гээд бүгд л өөрсдийгөө тусдаа өөр зэрэглэлийн хүмүүс гэж боддог юм шиг. Гэхдээ хүн бүр адилхан л ууж идэж, амьсгалдаг. Өвдөх дээрээ тулбал бүгд л адилхан.  Монголчууд маань ч гэсэн бид бол махаа иддэг тусдаа хүмүүс гэж ярьж байхыг их сонссон. Гэхдээ өвчнийг тэр тусмаа цар тахлыг басаж болохгүй байх.

-Харин дараа нь азиуд тараалаа гээд арьс өнгөөр ялгаварлаж эхэлсэн...

-Ялгаварлан гадуурхалт мэдэрсэн үү гэвэл мэдэрсэн. Германд байдаг найзыг маань трамвайд явж байхад нь хэсэг бүлэг хүмүүс “Муу ХЯТАДЫГ эндээс гарга” гэсээр байгаад түлхэж гаргасан тухай надад ярьж байсан. Цар тахал гараад удаагүй байсан болохоор азиудыг нэг нүдээрээ ч үздэггүй байсан үе л дээ. Ер нь л сүүл рүүгээ хятад хүмүүсийн зовлонг ойлгоод ч байх шиг. Нэг настай эмэгтэй гудамжаар надтай зөрөхдөө “Энэ хятад залуусыг тусдаа замаар явуулж байж болохгүй юм байхдаа” гэж нэгэндээ яриад өнгөрсөн. Гудамжинд гарахаараа л ХЯТАД гэж хэлүүлээд байсан болохоор аль болох гарахгүй байхыг хичээдэг байсан.

-Хичээл, сургууль цуцлагдаж, хөл хорио зарлахад юу бодож байв?

-Улсаас хөл хорио зарласан ч манай сургууль онлайнаар хичээлээ орсоор байгаа. Чанарын хувьд танхимаар орсноос дутахгүй зааж байсан болохоор хичээлдээ нэг их санаа зовоогүй. Харин ажил хийж чадахгүй байгаа болохоор коронагаас болоод аав, ээжээсээ мөнгө авч байна. Монголд байхдаа мөнгө бараг авдаггүй байсан болохоор одоо авна гэдэг… Ээж минь дүүгийн улсаас өгсөн 100 мянган төгрөгийг хүртэл шавхаад над руу явуулсан. Аав, ээжийн минь явуулдаг мөнгө эндэхийн ханшаар бодвол бага ч гэсэн өөрсдөө адилхан хүнд байгаа мөртөө намайг гэж байна шүү дээ. Цаг сайхан болохоор ачийг нь хариулна даа гэж боддог. Бас энд үеэл маань байдаг, сайн найзуудтай болохоор юу ч гэсэн хоосон хоночихгүй, хичээлээ хийж сууна. 

-ЭСЯ, Консулын газартайгаа холбоотой байсан уу?

-Элчин сайдын яамны пэйж хуудсыг дагадаг. Швейцарын их сургуульд сурдаг оюутнуудыг дотуур байраа суллахыг шаардаж байгаа гэдгийг сонсоод, мэдээлэл авах зорилгоор нэг удаа утсаар ярьсан. Миний хувьд дотуур байранд байдаггүй ч хэрвээ бусад оюутнууд байх газаргүй болбол Монгол руугаа буцах магадлалтай гэж бодсон. Хэрэв үнэхээр буцах дээрээ тулбал хамт эх орон руугаа явчихсан ч яах вэ дээ гэж эхэндээ бодож байлаа. Энэ талаар ЭСЯ-аас тодруулахад оюутнуудыг хил хаасан болохоор явах ямар ч боломжгүй гэсэн тодорхойлолт гаргаж өгөөд, дотуур байранд үлдээхэд туслах арга хэмжээ авч байгаа гэсэн. Ямартай ч ЭСЯ-ны утас 24 цаг холбогдох боломжтой, бидний санал сэтгэгдлийг сонсож байгаад баярласан. Намайг хэрэв явахыг хүсвэл нэрээ бүртгүүлж болно шүү. Тусгай үүргийн онгоц ирвэл мэдэгдэнэ гэж хэлсэн. Би хэсэг бодсоны дараа нэрээ бүртгүүлэхгүй байхаар шийдсэн.

-Францад 2, Германд 9, Италид 1, Туркт 5, ОХУ-д 100 гаруй монгол хүн халдвар авсан. Гадаадаас иргэдээ татаж авахаа боль гээд л Монголд байгаа монголчууд хэсэг ярьсан. Гадаадад байгаа монгол хүний хувьд энэ талаар юу гэж бодож байна? Эмзэглэсэн үү?

-Манай монголчууд харин ч боломжоороо ард иргэдээ эх оронд нь буцааж байна гэж ойлгосон. Нэг бичлэг яваад байсан даа. Хятадаас 31 монгол иргэнээ татаж авчраад онгоцноос буулгаж байгаа бичлэгийг үзээд сэтгэл их хөдөлсөн. Аав, ээжтэйгээ утсаар ярихдаа аль болох санааг нь зовоохгүйг хичээдэг боловч нэг удаа тэсэлгүй нүдэнд нулимс цийлгэнээд ирэхээр нь уйлж байгаагаа харуулахгүй гээд камераа хаасан. Гэхдээ хоолойны өнгөнөөс намайг гадарласан байх л даа. Аав минь надад “Миний охинд хэцүү байгаад боломж нь олдвол ирсэн ч болно шүү дээ. Боломжийнхоо хэрээр аав нь тусална” гэж хэлсэн. Би харилцуураа тасалсныхаа дараа удаан бодсон л доо. Одоохондоо биднийг татах боломжгүй байгаа бол тэр л биз. Угаасаа давагдашгүй хүчин зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй байх. Биднийг албадаж гадаадад аваачаагүй. Өөрийн сонголтоороо ирсэн. Энхийн цагт гарсан юм чинь энхийн цагт очно гэж бодоод “Би эндээ үлдэнэ” давлагаанд нэгдсэн байгаа. Ер нь бол насанд хүрсэн хүн шиг хариуцлагаа үүрэхийг хичээж байна. Сурахаар ирсэн юм чинь хэцүү байлаа гээд намайг авсангүй гэхгүй.
 


-Гадаадад 32 монгол хүн халдвар аваад 13 нь эдгэжээ. Ер нь амьдарч байгаа орондоо эмчлүүлэх боломж, хангамж хэр байдаг юм бол?

-Хангамжийн хувьд оргүйгээс охинтой нь дээр гэдэг шиг л байна. Энд долоо хоног бүр 50 франкаар хүнс авах карт өгдөг. Минийх захиалаад ирээгүй л байгаа хэ хэ. Гэхдээ бусад монголчууд маань аваад эхэлсэн гэж сонсоод арай сэтгэл өег байна. Энд тэндхийн хүнс тараах, мөнгө өгч буй тусламжид монголчууд маань их хамрагдаж байна гэсэн. Ер нь монголчууд маань хэл мэдэхгүй нэгэндээ мэдээ орчуулж өгч сошиал группдээ оруулах, хүнсний карт авахад нь туслах зэргээр хэцүү үед дэмтэй байх шиг анзаарагдсан.

-Эх орондоо байсан бол дээр байж гэсэн бодол төрдөг үү?

-Эх орондоо байсан бол аавдаа өглөө бүр цай чанаж өгнө, өвөө дээрээ аль болох их очиж хоол хийж өгнө, ээж дүү нартайгаа цагийг их өнгөрөөх байсан гэж боддог. Өмнө нь Монголд байхдаа яагаад ч юм нэг л их завгүй хүн гүйгээд байдаг байж дээ.

-Коронавирус хүн төрөлхтөнд их юм ойлгууллаа гэж та нэг нийтлэлдээ бичсэн байсан. Яг юу өөрчлөгдөв, юуг бид шинээр ойлгох ёстой вэ?

-Хүн төрөлхтөнгүй дэлхий одоо л бүтэн амьсгалж байгаа юм шиг санагдаж байна. Биднийг гэрийн хорионд байсан энэхүү 40 хоногт зарим нь их уйдсан байх харин үлдсэн нь бид дэлхийг ямар болгосноо анзаарсан байх. Бидний хоригдсон 40 хоногт агаарын бохирдол 60-65 % буурлаа. Бидний хоригдсон 40 хоногт азоны давхарга урьд нөхөгдөж байна. Бидний хоригдсон 40 хоногт амьтад тааваараа тарвалзлаа. Ингээд бодохоор корона биш бид өөрөө дэлхийн вирус юм биш үү?

-Дэлхий хэзээ ч дахин хуучин хэвдээ орохгүй гэж яриад байгаа. Таны бодол?

-Цаг сайхан болох байх. Монгол хүн амны бэлгээрээ гэдэг болохоор дэлхий ээж цэвэрлэгээ хийж байна гэж ойлгоод сайн цагийг тосон авахдаа л бэлдэх хэрэгтэй гэж бодож байна.

Top