Амфан супер хар салхины улмаас 80 гаруй хүн амиа алджээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 22

Энэтхэгийн зүүн хэсэг болон Бангладешийг нөмөрсөн “Амфан” хар салхи 1999 оноос хойш бүртгэгдсэн асар хүчтэйд тооцогдож байна. Эрх баригчид хар салхи болон коронавирус гэсэн хоёр талбарт тэмцэхэд хүрсэн нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна. Өнөөдөр /2020.05.22/ сэргээн босголтын ажил эхлээд байна.

Супер гэх тодотгол аваад буй Амфан хар салхи олон зуун км үргэлжилсэн сүйрлийн бүс үлдээгээд байна. Энэтхэгийн Баруун Бенгал муж байгалийн гамшигт хамгийн их өртжээ. Энд хар салхины улмаас 72 хүн амиа алдаж, олон мянган байшин, барилга нуржээ. Калькутта хотын нисэх онгоцны буудал усанд автаад байна. Олон арван мянган байшингийн дээвэр нурснаас гадна нэг сая гаруй айл өрх гэрэл цахилгаангүй болоод байна. Мужийн эрх баригчид Амфан хар салхи коронавирусээр илүү хохирол учруулсан гэж мэдэгджээ.

Бангладешт гамшгийн улмаас долоон хүн амиа алдаж, олон мянган фермийн аж ахуйг сүйтгэжээ. Хар салхины хурд 200 км/ц хүрч байсан бөгөөд Энэтхэгийн цаг уурын газар Амфан хар салхийг хар салхины хамгийн дээд ангилал болох супер циклон хар салхи гэж нэрлээд байна. Байгалийн гамшигтай холбогдуулан Энэтхэгт 600 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн бол Бангладешт 2.6 сая хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Амфан хар салхи 1999 онд 10 мянга орчим хүний амийг авч одсон хар салхинаас хойш тохиож буй хамгийн хүчтэй хар салхид тооцогдож байна. Коронавирусний цар тахлын улмаас хар салхины улмаас хохирсон иргэдийг байрлуулахад хүндрэл учирч байна.

Энэтхэгт халдвар авсан хүний тоо 100 мянгыг даваад байгаа бол Бангладешт 25 мянган тохиолдол бүртгэгдээд байна.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top