ЯПОН I “Нанмадол” хар салхины улмаас 2 хүн амиа алдаж, 150 хүн бэртэв

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 20

Номхон далайд үүссэн “Нанмадол” хар салхи Японыг дайран өнгөрч, хоёр хүний амь насыг авч оджээ.

Хар салхины улмаас 150 гаруй хүн гэмтэж бэртсэн талаар Японы хэвлэлүүд мэдээлэв. Амиа алдсан хоёр хүний нэг нь Миязаки мужид хөрсний нуралтын улмаас гэр нь сүйдсэн эрэгтэй бол нөгөө хүнийх нь цогцсыг живсэн автомашины дороос гаргаж иржээ.

Хирошима мужид нэг хүн сураггүй алга болсон байна.

“Kyushu Electric Power Co.,” компаниас мэдээлснээр 350 мянган гаруй байшин барилга тоггүй болжээ.

“The Japan Railway group”-ээс хурдны галт тэрэг өнөө өглөөнөөс /2022.09.20/ хэвийн ажиллаж эхэлсэн байна. Гэхдээ галт тэрэг бага хурдаар явж байгаа аж.

Агаарын тээврийн компаниуд Кюүшү болон Кансай мужууд руу хийх нислэгүүдээ цуцалжээ.

Хар салхины хүч өнөөдөр сулрах төлөвтэй байгаа бөгөөд лхагва гарагийн өглөөг хүртэл Японы төв болон зүүн хэсэгт 100-120 мм тунадас орохыг анхааруулсан байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top