Жон Болтон: Би Трампыг Путинтай уулзуулахдаа эмээсэн

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 22

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтон 2018 онд Трампыг Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Хельсинкт нүүр нүүрээ харан уулзахад нь болгоомжилсон талаараа ярьжээ. Жон Болтон “Тэр юу ярихыг би мэдэхгүй байсан” хэмээн “ABC News”-ийн сэтгүүлчийн “Та яагаад Трамп, Путин хоёрыг нүүр нүүрээ харан ярилцахад эмээсэн юм бэ” гэсэн асуултад хариулсан байна.

Болтон Путиныг харилцан ярилцагчаа мэддэг ухаалаг, хүчтэй удирдагч гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп үүний өмнө үндэсний аюулгүй байдлын зөвлөх асныгаа дурсамж номоо бичсэнээр нууц мэдээллүүдийг ихээр задалж, хууль зөрчиж байна гэж мэдэгдсэн билээ. Жон Болтоны ном багагүй эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. АНУ-ын Хуульзүйн яам уг номын хэвлэлтийг хориглохоор Трампын зөвлөх асныг шүүхэд өгсөн ч Колумбиа тойргийн Холбооны шүүх тус яамны нэхэмжлэлийг түтгэлзүүлжээ. Шүүх уг нэхэмжлэл “нөхөж баршгүй хохирол учрах”-аас урьдчилан сэргийлж чадахгүй гэж үзсэн байна.

Доналд Трамп экс зөвлөхөө харгис, тэнэг хүн гэж буруутгасан билээ. Трамп болон АНУ-ын Хуульзүйн яам Жон Болтоны номыг худал түүхүүдээр дүүрэн, Америкийн үндэсний аюулгүй байдлыг эрсдэлд оруулна гэж үзэж буй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top