Балба Эверест рүү авирах зөвшөөрөл олгож эхэлжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 31

Балбын эрх баригчид жуулчдын виз олгохоо зогсоосноос хойш дөрвөн сарын дараа Эверест ууланд авирах зөвшөөрөл олгож эхэлжээ.

Долоодугаар сарын 31-нээс эхлэн уулчдад зөвшөөрөл олгож эхэллээ гэж Балбын Соёл, аялал жуулчлал, иргэний тээврийн яамны аялал жуулчлалын газрын дарга Мира Ачарья мэдээлжээ. Уулчид Хималайн уулсын 414 оргилд гарах боломжтой. Намрын авиралтын улирал эхлэхээс өмнө аялал жуулчлалын салбарыг аажмаар сэргээх зорилгоор тус улсын Засгийн газар зочид буудал, ресторануудад үйл ажиллагаагаа сэргээхийг мөн зөвшөөрчээ.

Балбын эрх баригчид олон улсын нислэгийг наймдугаар сарын 17-ноос эхлэн сэргээхээр төлөвлөж байгаа бөгөөд одоо үйлчилж буй хорио цээрийн дүрэм  ёсоор гаднаас ирсэн иргэд хоёр долоо хоног тусгаарлалтад байх юм. Гэхдээ гаднын жуулчдад үйлчлэх хорио цээрийн дэглэмийг хэлэлцэж байгаа аж.

Коронавирусний цар тахлын улмаас Балбын Засгийн газар өнгөрсөн гуравдугаар сарын 14-нөөс ууланд авирах зөвшөөрөл олгохоо түр зогсоосон билээ. Балба улс жилд энэ төрлийн зөвшөөрлийн төлбөрөөс дөрвөн сая ам.доллар олдог. Ирэх намар Жомолунгма уулан авирах зөвшөөрлийн үнэ таван мянган ам.доллар байх гэнэ.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Балбад 19.5 мянга гаруй халдвар илэрснээс 52 хүн нас баржээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Со ах(202.179.27.87) 2020 оны 08 сарын 02

Балба, Түвд, Бутан гэсэн улс нэртэй өндөр уулын овог аймгуудад иархсан covid 19 тэднийг бүрмөсөн устгах байх даа.

0  |  0
Top