Дэлтэй шувуу буюу Жан.Шагдар

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 07

Аргалын удамт хонин сүрэг маань

Алагланхан сувдранхан өсөж байна

Халзан цагаанхан хурганууд нь хө

Хашаа дүүрэн тоглонхон байна

 

Ай хө зэ хө ай түмэн сүрэг ээ

Үй түмээр өсгөсөн

Малчин түмний минь алдар аа

Малчин түмний минь алдар аа...

Жан.Шагдарын шүлэг Х.Сэргэлэнгийн аялгуу “Хаврын найраг” дууг урлагийн гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан нар дуулж олны хүртээл болгосныг ард түмэн андахгүй. Малчин түмний сэтгэлийг сэргээсэн сайхан дуу өдгөө ч дуулагдсаар буй. Энэ л бүтээлийн эзэн Жанчивын Шагдар хэмээх билэг танхай найрагч нэгэн цаг үед халгиж, цалгиж явсан. Тэрээр “Хаврын найраг”, “Дэлтэй шувуу”, “Эх орон танаа”, “Тод магнай”, “Тэмээн дээрээс наран ойрхон”, “Оторчны баясгалан”, “Өдрийн од”, “Наран төглийн өглөө” зэрэг олон арван дууны шүлэг, гуч гаруй ном туурвисан нэрт сэтгүүлч, Алтан гадас одонт, МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч билээ. Жанчивын Шагдар нь 1935 оны модон гахай жил Булган аймгийн Орхон суманд Шувуутын голын Арбулагийн Ямаа майлдагийн хондонд төрсөн бөгөөд “Би Лодонгийн Түдэв, Далай лам хоёртой чацуу” гэж бахархан ярьдаг хүн байжээ. Уран бүтээлийн гараа нь “Тал дахь уулзалт”, “Болжмор хожимджээ” хэмээх номуудаас нь эхлэлтэй бол “Түүчээ тогоруу” яруу найргийн түүвэр нь 1979 онд МЗЭ шагналыг түүнд авчирсан юм. Өдгөө ч энэхүү ном нь залуу зохиолчдын эрж хайдаг ховор эрдэнэ билээ. Сүүлчийн ном нь “Шувууд буцах цаг” байсан бөгөөд түүнийг 1994 онд 59 насандаа бурхан болсны дараа Төрийн шагналт зохиолч Дамбын Төрбат хэвлүүлж байжээ. Түүний азтай, адтай, аатай өнгөрүүлсэн амьдралын түүхээс хүү Ш.Цогтжаргал нь дурсан ярьсныг дор сийрүүлнэ. Дашрамд дуулгахад гурван Шагдар байсан учир ялгаж Жан.Шагдар гэж дууддаг байжээ.

АЧ ХҮҮ Ц.БИЛГҮҮН НЬ ӨВӨӨГИЙНХӨӨ БИЙРИЙГ ХАТААХГҮЙ ЯВАА

Ш.Цогтжаргал “Би чинь “бүтэхгүй” нөхөр байсан шиг байгаа юм. Аав маань намайг энэ нөхөр хотод байвал болох, болохгүй нөхөдтэй нийлээд замрах нь гэж бодсон уу яасан, хөдөө “цөлчихсөн”. Булган аймгийн Дашинчилэн сумын 10 жилийн сургуульд монгол хэлний багшаар өдий болтол ажиллалаа даа” гээд инээмсэглэв. Жан. Шагдар нь Түмэнжаргал, Цогжаргал, Суумэргэн хэмээх гурван хүүтэй. Бага хүү Суумэргэн нь аавынхаа дурсгалд зориулж “Сүүлчийн пионерууд”, “Гэгээн үргэлжлэл” хэмээх ном хэвлүүлсэн төдийгүй, Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн ойгоор “Эх орон танаа” дууных нь нэрээр дурсамж тоглолтыг нь хийж байжээ. Дунд хүү Цогтжаргал нь Н.Оюунчимэг хэмээх Булган аймгаас гаралтай бага ангийн багш бүсгүйтэй ханилж Дашинчилэн суманд монгол хэл, уран зохиолын багшаар 30 гаруй жил багшилж байна. Тэрбээр Мягмаржаргал, Билэгжаргал, Билгүүн гэх гурван хүүхэдтэй. Түүний бага хүү Билгүүн нь үзэг цаас нийлүүлж суух дуртай, үе тэнгийнхэндээ элэгтэй, утга уран зохиолд хайртай залуу бий. Ц.Билгүүн “Өвөөгийнхөө бийрийг хатаахгүй юм сан гэж хичээж явна” гэсэн юм. Чухам л энэ сэжмээр түүний урилгыг хүлээн авч Дашинчилэнд зочилж Жан.Шагдар хэмээх эрхмийн тухай дурсамжийг нь сонсох завшаан тохиосон билээ. Идээ будаа сөгнөсөн гэрийнхээ хойморт Ш.Цогтжаргал гуай тухлаад эртний түүхийг ихээ холоос уудална уу гэлтэй сонин содон үүцээ задлаж эхлэвэй.

Үүц задлахаас өмнө олон арван жил дуулагдаж ирсэн “Эх орон танаа” дуугаар нь цацал өргөж, олонтой, одтой амьдарч, эх орондоо энэ биеэ зориулан, эгшиг дуугаа мөнхлөн, зохиол бүтээлээ үлдээж, тод мөрөө тамгалсны учир өчүүхэн бичээч надад үнэ хүндтэй үүрэг оноогдон буйг өөрийн биеэр мэдэрч сууна даа.

“Униар татсан хөндийд чинь

Унаган бие минь өсөн жаргав аа

Унаган бие минь жаргасны учир

Ухаан хүчээ тандаа зориулна аа

 

Нарны буман цацрагт чинь

Нас бие минь тэнхрэн жаргав аа

Нас бие минь жаргасны учир

Нандин бүхнээ тандаа зориулъя...”

ИРЭЭДҮЙН АРДЫН УРАН ЗОХИОЛЧ НАРТАЙ ИХЭРЛЭЖ ЯВСАН ОН ЖИЛҮҮД

“...Манайх Улаанбаатар хотноо 50 мянгатад одоогийнхоор мэргэжилтний хорийн 19 дүгээр байранд амьдардаг байлаа. Аав маань гоёж гоодохыг мэдэхгүй хээгүй талдаа хүн байсан боловч оюун мэдлэг, найз нөхдөөрөө гангардаг хүн байсан даа. Мишигийн Цэдэндорж гуай “Наддаа нар, гэртээ гэгээ” гэж хэлэх дуртай хүүхдэд хайртай, манайхаар бууж мордох дуртай хүн байв. Шанжмятавын Гаадамба гуай таг таг хийсэн дуутай, ямаан сахалтай эр байсан бөгөөд аанай л гэрээр минь орж гарч амтат чихэр бидэнд өгдөг байсан сан. Дэндэвийн Пүрэвдорж гуай их цэмцгэр хүн байсан даа. Яаж ч ууд идсэн үс гэзэг нь гялалзаад, хувцас хунар нь толийгоод жигтэйхэн. Шаравын Сүрэнжав гуай хар өглөөгүүр өрөөсөн гуталтай, сангийн войпороо зарж уух гээд явж байсан хүн шүү дээ. Шараа тайлах гээд явж байгаа нь тэр байхгүй юу. Бэгзийн Явуухулан гуайнх 50 дугаар дэлгүүрийн урд байлаа. Манайхаар ирсэн улс шүлэг найргаа дуудаад л , дуу хуур болоод л сүртэй гэж. Сэнгийн Эрдэнэ гуай их ганган хүн байлаа. Манайд ирээд аваргуудтай ууж байгаад хүмүүс ч яваад өгч мань хүн ч унтаад өгч л дээ. Өглөө Монголын радиогоор Төрийн сүлд дуу эгшиглэхэд С.Эрдэнэ гуай “За одоо бүгдээрээ тарцгаая” гээд босоод ирж байгаа юм даа. Оройны сүлд дуу л гэж бодсон шиг байгаа юм. Түүний хүү хотын дарга асан Бат-Үүл бол 40, 50 мянгатын атмаан байлаа шүү дээ. Бат-Үүл хүн амьтныг нэг л цохиход хэр баргийн атмаан эргэж ирдэггүй байв. Бат-Үүл ах Битлзийн пянз цуглуулдаг байлаа. Барууны орны гоё гоё дуутай. Хөгжим хангинаад л сайхан даа. Монголын Зохиолчдын Хорооны зуслан Шадивланд байдаг. Зохиолчид зундаа лагерьт гарахдаа хүүхдүүдээ аваад явна аа. Хүүхдүүд нь их нийлж тоглоно оо. Зохиолч Банзрагчийн охин Дэлгэрмаа гэрээсээ огт гардаггүй хүүхэд байж билээ. Ном уншаад л суугаад байна. Гэрээсээ гарахдаа хүртэл номоо бариастай...” гээд л Цогтжаргал гуай тэртээ он жилүүдээ нэхэн нэхэн ярьсаар байв. Үнэхээр л тэр үеийн сэхээтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж хөдөлмөрлөж байсан Жан.Шагдар гуай алдарт шүүмжлэгч Ц.Мөнх, зохиолч Ш.Ванчаарай Ардын уран зохиолч Тангадын Галсан, хүүхдийн зохиолч С.Надмид, Монголын радиогийн Б.Халтар, сэтгүүлч Ж.Бадамдаш, Соёлын гавьяат зүтгэлтэн Галсангийн Жамьян, Төрийн шагналт зохиолч, яруу найрагч Пүрэвжавын Пүрэвсүрэн, уянгын өгүүллэгийн нэрт мастер Сэнгийн Эрдэнэ, Ардын уран зохиолч Балжирын Догмид гээд олон сайчуудтай нөхөрлөж явсан.

“ЭРГЭХ ДӨРВӨН ЦАГ” ЗОХИОЛОО БИЧИХИЙН ТУЛД БҮТЭН ЖИЛ МАЛ ДАГАЖЭЭ

Түүнийг 1959 онд МУИС-ийн монгол хэлний ангийг онц дүнтэй төгсөхөд нь “Залуучуудын үнэн” сонины сурвалжлагчаар томилжээ. Сониныхоо эрхлэгч болтлоо дэвшсэн тэрээр “Залуу үе”, “Залгамж”, “Пионерын үнэн”, “Залуучуудын үнэн” гээд дөрвөн сонины толгой дээр сууж байснаараа бахархах дуртай байжээ. “Залуучуудын үнэн” сонины эрхлэгч хийж байгаад мэргэжлийн зохиолчийн томилолт өвөрлөн Булган аймгийн Хишиг-Өндөр сумыг зорьж БНМАУ-ын хөдөлмөрийн баатар, хоньчин Зундуйн Очир гуайг бүтэн жил даган мал маллаж “Эргэх дөрвөн цаг” баримтат зохиолоо бичсэн түүхтэй. “Эргэх дөрвөн цаг” бүтээл нь сурах бичигт байдаг байсан бөгөөд саяхныг хүртэл Хишиг-Өндөр сумынхан хэвлүүлж залуу малчдад гарын авлага болгон тараадаг байжээ. Мөн “Спортын мэдээ” сонины эрхлэгчээр ажиллаж байхдаа 1980 онд Москвагийн Олимпод Олимпын хорооны дарга Д.Дамдин, сэтгүүлч Ц.Балдорж нартай хамт явж байсан юм. Тэрээр “Залуучуудын үнэн” сонины эрхлэгчээр олон жил ажиллаж байгаад Монголын Зохиолчдын хорооны “Утга зохиол” сонины ажилтан, мөн Дуурь бүжгийн эрдмийн театрт мэргэжлийн зохиолчоор ажиллаж байв. Амьд сэрүүн ахуйдаа дуурийн цомнол, роман бичнэ гэж их ярьдаг байсан боловч бүтээж, туурвиж амжаангүй нь харамсалтай. Чин ван Ханддоржийн тухай найраглал, мөн “Бутач” гэдэг роман бичнэ гэж ярьдаг байсныг нь өдгөө хүү нь дурсав. Түүний овог болох Жанчив гэдэг бол өвөөгийнх нь нэр бөгөөд эцэггүй өссөн болоод ч тэр үү “Бутач” гэдэг роман бичнэ гэж боддог байсан шиг байгаа юм. Өдгөө түүний “Дэлтэй шувуу” бүтээл нь төрөлх нутагт нь морины хөшөө болон мөнхөрсөн билээ. Хожим Бурхан шашинтны төвийн “Номын хүрдэн” сонинг эрхлэн гаргаж, “Шинэ хөдөө”, “Бодлын солбицол” сонинд ажиллаж, “281-ийн холбоо”-нд төрийн шагналт яруу найрагч Очирбатын Дашбалбар, Зундуйн Дорж нарын хамт тэргүүлэгч гишүүнээр хүчин зүтгэж байжээ. Мөн “Монгол адуу”, “Монгол тэмээ” нийгэмлэгүүдийг үүсгэн үндэслэн байгуулсан нийгмийн зүтгэлтэн байсныг нь тэр цаг үеийнхэн шагшран ярьцгаадаг аж. Тиймдээ ч тэмээн дээрээс наран ойрхон байдгийг дуу алдан бичээ биз ээ.

Х.Сэргэлэнгийн аялгуу “Тэмээн дээрээс наран ойрхон” дууг нь нэрт дуучин П.Адарсүрэн агсан дуулж байсан түүхтэй.

“Сонихон зэргэлээт говь минь

Солонгын долоон өнгөтэй дээ хө

Солбио хүрэн ат минь хө

Сарын газраа жонжоотой доо хө

Солбио хүрнээ унахаар

Тэнгэрийн наран ойрхон доо хө

Цолмон чамайгаа зорихоор би

Наран шингэхэд хүрнэ ээ хө

Заган шугуйт говь минь

Замилан хорвоод алдартай даа хө

Зандан хүрэн ат минь

Замын холдоо жонжоотой доо хө...”

ЗОЛГҮЙ ОСЛООС ГАНЦААР АМЬД ҮЛДСЭН УС УУХ ХУВЬ ЗАЯА

С.Удвал гуай Зохиолчдын хорооны дарга байлаа. 1972 оны зун СССР улс байгуулагдсаны 50 жилийн ойд Монголын зохиолчдыг урив. Жан.Шагдар гуай “Нар шингээгүй”, “Усны эргүүлэг ба Борзооны явдал” туужуудыг бичсэн Пэрэнлэйн Лувсанцэрэн болон дөнгөж Орост сураад ирсэн хорин хэдтэй цэл залуухан Ж.Төмөр нартай явахаар болов. Төмөрийн аав бол 1939 онд дайнд оролцож Улсын Баатар болсон эх оронч Жүгдэрнамжил юм. Тэр гурав онгоцоор нисээд, Москвагаар дамжиж, Азарбажены нийслэл Бакуд онгоцоор буужээ. Бакугаас раб гэдэг машинаар Азарбажены зохиолчдын хорооны Гатов тэргүүтэй зохиолчид, жолоочтойгоо нийлээд найман хүн явсны гурав нь монгол байлаа. Өөд өөдөөсөө харж суудаг суудалтай раб тэрэгний урд Ж.Төмөр суусан бол Ж.Шагдар гуай хамгийн хойд талд урагшаа хараад, бусад нь урд урдаасаа хараад сууж таарч. Хар зам дээр сүнгэнэтэл давхиж явав. Чанх урдаас нь том оврын маз машин хурдтай ирж явааг урагшаа харж сууснаараа Шагдар гуай л эхэлж харж. Баруун гараараа бариулнаас барьж амжсанаа л санах бөгөөд нэг сэртэл жолооч, Ж.Төмөр хоёр цонхоороо шидэгдчихсэн байж. П.Лувсанцэрэн гуай л амьд байсан аж. Лувсанцэрэнгээ татаж чангааж арай гэж гаргаад байж байтал юу ч үгүй чихэгдэж гамбир болсон машин нь шатаж эхэлжээ. Ганган костьюмтэй хүмүүс шатаж байхыг нүдээр харснаа хожим хүүхдүүддээ ярьжээ. Шагдар гуайн зүүн эгэм хугарч, чамархайдаа сорвитой үлджээ. Зургаан хүн газар дээрээ нас барж, Лувсанцэрэн хүнд бэртэл авч, их хэмжээний түлэгдэлтэй байсан учраас сарын дараа амьсгал хураасан харамсалтай хэргийг тухайн үед нуун дарагдуулсан уу, нэг их шагшин шуугиагүй гэдэг. Шагдар гуай Бакугийн эмнэлэгт 45 хонож хөл дээрээ боссон юм. С.Удвал гуай энэхүү гунигт мэдээг дуулгахаар Шагдар гуайн гэрт ирснийг 13-хан настай байсан Цогтжаргал хүү тод санадаг аж. С.Удвал гуай үгээ зөөж ядан “За, Найдан минь, танай хүн чинь л амьд шүү” гэж хэлээд санаа алдахад нь би эхийнхээ нулимсыг анх удаа үзэж билээ гээд чимээгүй болов. Ээж нь хань ижлээ тэр аймшигт ослоос амьд үлдсэн гэдэгт нь итгэхгүй “Та нар худал хэлж байна” гээд уйлж байсан гэдэг. Цогтжаргал гуай “Тухайн үед үзэл суртал, хоёр улсын найрамдалт харилцаанд сэв суух том хэрэг байсан учраас энэ хэргийг хав дарсан гэж боддог” хэмээн хэлсэн юм. “Аав минь эх орондоо эсэн мэнд эргэж ирэхэд бөөн юм болсон доо. Зохиолчид ирээд л бие хааг нь асуугаад л. Гаадамба гуай “Манай Шаагаа 100 насална аа” гээд л. Аав минь “Би юуных нь урт наслах вэ дээ. Төмөр, Лувсанцэрэн хоёрынхоо толгойг залгичихаад ирлээ гэж маш их харамсан гашуудаж, бор дарсыг их хүртсэн дээ. Лувсанцэрэн минь байсан бол их юм хийх хүн байсан даа гэдэг байсан сан” хэмээн нэмж хэлэв. Жан.Шагдар гуайн хийсэн, бүтээсэн, туурвисан, амьдарсан түүх нь адуу янцгаах шиг, модод сэрвэлзэх, агтын төвөргөөн шиг, шувууд сэрэх шиг тийм л өөр. Магадгүй тэр дэлтэй шувуу байсан байх. Хүний орчлонд хийморьтойхон ирээд, хийморьтойхон буцсан дэлтэй шувуу л байсан байх.

“Хоногийн газраас бөмбөрөн гүйгээд

Холхи газрын хаяаг хүрсэн

Хүмүүн үеэс цуутай ажнай

Хүслийн алдрай дэлтэй шувуу

Тахийн удамт монгол адуу

Тахилга сүлдэнд мөнхөрсөн адуу

Эрийн заяа молор эрдэнэ билээ

Эргээд олдошгүй морин эрдэнэ...”

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ц. Отгонжаргал(92.211.190.197) 2020 оны 08 сарын 09

М. Найдан гэж миний нагац эгч байлаа. Жан. Шагдарын эхнэр, Ш. Цогтжаргалын ээж.

0  |  0
Санаа(103.229.121.90) 2020 оны 08 сарын 08

Найдан нь Шагдар гуайн эхнэрүү эсвэл хүү Цогтжаргалын эхнэрүү

0  |  0
В.Алзахгүй (103.57.95.165) 2020 оны 08 сарын 07

Сайхан бичсэн байна даа. Онцгой содон сайхан хүн байлаа. Хүлэг, морь уран бүтээлийн нь гол сэдэв байсан юм. 1969 онд манай аймагт очиж, Пионерийн үнэн сониндоо бүтэн 2 нүүр бэлтгэн гаргаж байв. Гэрэл зургийг нь ч өөрөө авсан. Миний тухай ”Манай Алзахгүй” гэж зурагтай бичсэн байж билээ. Яах аргагүй том яруу найрагч, зөн билэгтэй хүн байлаа. Дараа дэлгэрэнгүй бичнэ ээ. ЭНэ хэн гэдэг хүн бичсэн юм бол, нэрээ бичвэл зүгээр юм даа. Баяр хүргэе.

0  |  0
Top