Дэлхийн тэргүүн баян, “Amazon” компанийг үндэслэгч Жефф Безос хөрөнгө нь 200 тэрбум ам.долларт хүрсэн түүхэн дэх анхны тэрбумтан болжээ.
“Forbes” сэтгүүлд бичсэнээр, түүний хөрөнгийн хэмжээ энэ түвшинд удаан тогтоогүй бөгөөд лхагва гарагт 199.7 тэрбум ам. доллароор үнэлэгдээд байна. Гэсэн хэдий ч энэ нь Безосын хувьд дээд амжилт юм. Өнгөрсөн долоодугаар сараас эхлэн түүний хөрөнгийн хэмжээ тогтмол өсөж байгаа бөгөөд долоодугаар сард Безосын хөрөнгө 172 тэрбум ам.долларт хүрч, 2018 оны есдүгээр сард тогтоосон амжилтаа эвдэж, шинэ дээд амжилт тогтоож байсан билээ. Түүний хөрөнгө өсөж буй нь “Amazon” компанийн хувьцаа тогтмол өсөж байгаатай холбоотой. Мягмар гарагийн байдлаар, тус компанийн нэг хувьцаа 3346.49 ам.долларт хүрч, зах зээлийн үнэлгээ нь 1.68 их наяд ам.доллар болжээ. Безос тус компанийн 11.1 хувийг эзэмшдэг бөгөөд тэрбээр 2017 оноос эхлэн “Forbes” сэтгүүлийн гаргадаг дэлхийн тэргүүн баячуудын жагсаалтыг тэргүүлсээр иржээ.
Сэтгэгдэл ( 0 )