Эрдэмтэд сүүлийн мөстлөгийн үед агаарын температур хэд байсныг тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 28

Дэлхийд тохиосон сүүлийн мөстлөгийн үед агаарын температур дунджаар есөн хэмтэй байсныг эрдэмтэд тогтоожээ. Тэд дэлхий дээрх олон арван агуйд мөстлөгийн үед тогтсон чулуулаг болон Гринланд, Өмнөд туйлын мөсийг судалсны дүнд ийм дүгнэлтэд хүрчээ гэж эрдэм шинжилгээний “Nature” сэтгүүлд мэдээлжээ.

АНУ-ын Аризонагийн их сургуулийн дэд профессор Жессика Тирни тэргүүтэй эрдэмтдийн мэдээлснээр, тухайн үед дэлхий дээрх агаарын температур дунджаар 6.1 хэмээр буурчээ. Дэлхийн түүхэнд хамгийн сүүлд ойролцоогоор 2.6 сая жилийн өмнө мөстлөг болж байжээ. Түүний гол онцлог нь мөстлөгийн хамарсан талбай, хөрсөн дээрх температур мөстлөгийн үеийн турш тогтмол байгаагүй аж. Эрс хүйтрэх болон эрс дулаарсны улмаас олон мянган жил тутам мөсөн давхарга түрж, ухарч байсан гэнэ. Хамгийн сүүлд ийм дулаарал ойролцоогоор 13 мянган жилийн өмнө тохиосон бөгөөд өнөөг хүртэл үргэлжилж байгаа аж. Харин мөсөн давхаргын түрэлт 33 мянган жилийн өмнө эхэлж, 26 мянган жилийн өмнө оргил үедээ хүрчээ. Эрдэмтэд эл үйл явдлын үр дагаврыг өнөөгийн дулаарлын үе хэр удаан үргэлжлэх, уур амьсгал хэрхэн өөрчлөгдөхийг олж мэдэхийн тулд судалж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top