АНУ-ын “Amazon” корпорацыг үндэслэгч, дэлхийн тэргүүн баян Жефф Безосын хуучин эхнэр Маккензи Скоттын хөрөнгө 68 тэрбум ам.долларт хүрснээр дэлхийн тэргүүн баян эмэгтэйгээр тодорчээ.
Блүмберг агентлагийн мэдээлснээр, түүнээс өмнө дэлхийн хамгийн чинээлэг эмэгтэйчүүдийн жагсаалтыг “L'Oreal” компанийг эзэмшигч Франсуаза Беттанкур Майерс тэргүүлж байсан юм. Түүний хөрөнгө 66.8 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна. Өнгөрсөн долоодугаар сард Скотт АНУ-ын хамгийн баян эмэгтэйгээр тодорч, “Walmart” худалдааны сүлжээг үүсгэн байгуулагчийн охин Элис Уолтоныг ардаа орхиж байв. Элис Уолтон 63.6 тэрбум ам.долларын хөрөнгөтэй.
Дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн нийт жагсаалтад Безосын экс эхнэр 12-рт бичигдэж байна.
Өнгөрсөн оны долоодугаар сард Жефф Безосоос гэрлэлтээ цуцлуулахдаа Скотт “Amazon” компанийн дөрвөн хувийг эзэмших эрхтэй болсон. Тухайн үед энэ нь 38.3 тэрбум ам.долларт хүрч байсан бөгөөд цар тахлын үед тус компанийн хувьцаа огцом өссөн билээ.
Безосын өөрийнх нь хөрөнгө одоогийн байдлаар 207 тэрбум ам.долларт хүрээд байна. Тэрбээр хөрөнгө нь 200 тэрбум ам.долларын хязгаарыг давсан анхны хүн болж байсан билээ. Безос интернет худалдаа эрхэлдэг “Amazon” компанийг 1994 онд үүсгэн байгуулжээ.
Сэтгэгдэл ( 0 )