Ардчиллын дууч буюу Гүнрэгжавын Ишхүү

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 01

Шинэ мянганы босгон дээр “Өвсөн шугуй” хэмээх номоо хэвлэлтээс авчихаад догдлонгуй алхаж явсан эр хар сур шиг элдүүр нь ханасан найрагчийг сургаар сайн мэдэх ч нүүр тулан уулзаж, сэтгэл дэлгэсэн нь тэр өдөр байв. Ардчиллын анхдагчдын нэг, Монгол Улсад 1989 оны намар ардчилсан хувьсгал мандах гэж манцуйдаа тийчилж байхад жагсаал цуглаанд манлайлан оролцож явснаар нь, 1994 онд хэвлэгдсэн “Хаврын зэрэглээ” номоор нь, анд нөхдийнх нь халуун сэтгэлийн хоймроос гээд энэ хүнтэй бүр эртний танил мэт уулзаж байснаас хойш цагийн тоосонд хорин оныг эрх шиг хэлхээд орхижээ. Жаргал зовлонгийн нар сартай өдрүүдэд насны зөрүүтэй ч эр улс юу эсийг туулах сан билээ. Ямартай ч Гүнрэгжавын Ишхүү хэмээх найрагчийн дотоод ертөнц, түүний сэтгэлийн орон зайд хойч үеийнх нь нэгэн шүлэгч жиргэн суугаа гэдэгт эргэлзэх хэрэггүй. Зөвхөн би ч бус утга зохиолын хэдэн үеийнхэн олон арваараа түүний дотоод ертөнцөд тухалж байдаг тийм л нөмөртэй бөгөөд олонтой нэгэн.

Тэр аливаа асуудалд уужим хандаж, эерэг гэрэлтэй талаас нь хардаг ч гэнэт эрсхэн шийдвэр гаргаж, шулуухан хэлэх нь бий. Магадгүй уулын өндөр усны ширүүн урсгалд төрсөн хүний араншин үе үе цухалздаг байх. Гэнэт говь, тал шиг налайж байх нь ч бий. Учир нь тэр Завхан аймгийн Цэцэн-Уул хэмээх говь, хангай хосолсон бишрэм сайхан нутагт  эцгээс тасарч, эхээс унаж, тэнд өссөнтэй нь холбоотой байх. Хангай нутгийн хүн зоны хурц түргэн араншин, говь талын хүний уужим занг тэр ав адилхан, тэн тэнцүүлэн өвлөж авсан нь бас л ховор тохиолдол.  Аливаа хүнд, тэр тусмаа уран бүтээлч хүний зүрх сэтгэлд төрж өссөн нутаг, байгаль эхийн давтагдашгүй араншин тэр чигээрээ оршдогт л хамаг учир бий.

Социализмын үеэ л шүлэг зохиол бичин  өөрийн гэсэн омогшилтой  монгол шүлэгтэй, шулуухан үгтэй хархүү Цэцэн-Уулынхаа дунд сургуулийг дүүргээд Хөвсгөл аймгийн Ойн техник мэргэжлийн сургуульд сурахаар аяны дөрөө дөрөөлж  амьдрал замын мөр дээр анх жолоо сунгасан нь энэ аж. Аймаг алгасан эрдмийн аянд дөрөөлсөн хархүү Хөвсгөл аймаг дахь Ойн мэргэжил эзэмшин, нутагтаа ажиллаж, улмаар цэрэгт татагдан улсын нийслэл Улаанбаатар хотод хөл тавьж, Цэргийн нэгдсэн дунд сургуулийг Автын ашиглалтын инженер мэргэжлээр дүүргээд авав. Түүний амьдралд хөл тавьсан зам нь инженер, техник, жолооч, цэрэг хэмээж байсан ч хэдэн бор шүлгээ тарни мэт хүлхэж явсан нь ойлгомжтой. Г.Ишхүүгийн уран бүтээлээс өөрийн араншин, үндэсний  үзэл нэвт харагдана, бүр үнэртэнэ. Олон бүтээлээс нь харж болох ч түүнд олны оюун тархинд шингэж, бүр омогшуулах “Монгол бичиг” хэмээх шүлэг бий.

“Орой намрын цасыг зурагласан бугын жим Монгол бичиг

Олон усны хаваржааны омголон булаг Монгол бичиг

Дэлхийг тамгалсан морьдын туурайн тоос Монгол бичиг

Дээвэрт цагаан гэрийн цэнхэр утаа Монгол бичиг

Дээдэс хаадын тамган дахь дардас бүхэн Монгол бичиг

Дэнжийн цэцгийг займчуулсан морины явдал Монгол бичиг

Дүүрэн дэлгэр нарын нуман солонго Монгол бичиг

Дүүгүүр шидсэн чулууны цуулсан зам Монгол бичиг

Дүүгээ дагуулж гүйлдсэн нугын жим Монгол бичиг

Дүрэлзэн асах галны хөх ир Монгол бичиг”

дуун алдаснаас л хар. Үндэснийхээ босоо бичгийг дээдлэн бичихдээ мөр шад бүхнээ, бүр үг үсэг бүхнээ Монгол уламжлалт ахуйтай холбосон байгааг уншигч та анзаарсан байх. Монгол уламжлалт ахуй соёлоос гадна Азийн цээжинд, дэлхийн дайдад босоо үлдэх Монгол туургатан байгааг, үндэсний аюулгүй байдал талаас нь дотоод сэтгэл рүү нь гүн шингээж өгсөн гэдэг нь харагддаг. Тухайлбал,

... “Ар, Өвөр, Халимаг, Буриад, аль аль нь монгол бичиг” хэмээн ганцхан мөрөнд дэлхийн Монгол туургатнаа бичиг соёлоороо өөртөө өмчилж чадаж байна. Тэгвэл

“Цастын монгол, Цагаан монгол, Хазаар монгол цаг цагийн монгол бичиг

Цасан дээгүүр туусан малын цацаг мөр монгол бичиг

Тэртээ хөтлийг давж яваа тэмээн жин монгол бичиг

Тэнгэр газрыг нэхэж байгаа бороон дусал монгол бичиг” аль аль талаас нь яв цав, хаашаа ч эргэлзэх хэрэггүй уран сайхнаар хүргэж байгаа нь найрагчийн авьяасаас гадна жинхэнэ ур чадварыг давхар илтгэнэ.

Ийм л нэг уламжлалт Монгол ахуйдаа өсөж, үүн дундаа нэгэн жарныг элээсэн эр идэрхэн залуудаа Тосонцэнгэл хотын Мод боловсруулах камбинатад мужаанаар ажлын гараагаа эхлүүлэхдээ ч, Зэвсэгт хүчний 107, 014, 197, 026 дугаар ангид цэрэг, түрүүч, жолооч, ахлагч, офицер хүртэл дэвшин ажиллахдаа ч хэдэн шүлгээ нандигнаж явсан нь хожмоо “Хаврын зэрэглээ” ном болж, утга зохиолын ертөнцөд шуугиан тарьсан хэрэг. Анхны номоороо мөр зэрэгцэн туурвигчид төдийгүй нэрт судлаачдын анхааралд орно гэдэг амаргүй. Амьдрал аяны зам харгуйд өөрийн мэдэлгүй хөтлөгдөж явсан хархүү ийнхүү “Хаврын зэрэглээ” анхны номоороо амьдралынхаа мөр замыг “Утга зохиол” хэмээн нэгэнт шийдсэн нь дамжиггүй. Хаашаа ч гажихгүйгээр шүү.

Харин тэр хоёр дахь ном болох “Өвсөн шугуй”-гаа шинэ зууны эхээр  бүтээх цагт утга, уран зохиолын талбарт үе тэнгийнхэнтэйгээ нэгэнт лавшран орсон үе байв. Тэр үеэс эхлэн энэ айлын босго гэгээн хэсүүлчин, сахил санваартан, эрдэмтэн мэргэд, эгэл ардууд гээд дандаа зөвийн хөлөөр элэгдсэн байдагт утга учир нь нь оршино. “Зан сайтай айлд хүн бүхэн чуулна” гэдэг дээ. Энэ л Г.Ишхүүгийн хэмээх Монгол айлд Монголын уран зохиолын ерээд оны төлөөлөл бүгд л дамжаад гарсан. Энэ тухай тэдний босгыг элээсэн нөхөд нэг тийм халуун дулаан дурсах нь олон учраас би нурших нь илүүц хэрэг. 

Нэгэнт зам шуударсан нөхөр 2003 онд бичиг соёл, утга, уран зохиолдоо элэг татаж, Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх Сэтгүүл зүйн курсыг төгсөөд авав. Орчлонгийн долгиот замд өөрийгөө олон талд сорьж яваа эр хүний араншин гэхээсээ илүүтэй бичгийн мэргэдийн замаар нэгэнт гарсан энэ хүн зам мөрөө улам гэрэл гэгээтэй болгох гэсэн их ухааных байх. Тийм ч учраас чөлөөт хэвлэлийн алтан цаг үед “Мөнгөн хонх”, “Аяны богц”, “Гэм зэм”, “Маш нууц” сонинуудад сэтгүүлч, редактор, хариуцлагатай нарийн бичгийн даргаар дэвшин ажиллаж, өнөөх л ардчиллын дуу хоолойг утга зохиолоос гадна сэтгүүл зүйн индэр дээрээс хүргэж байсан том гавьяа түүнд бий. Цагаан морин жилийн хувьсгалаас тодорсон олон сэтгүүлч, уран бүтээлчид байдаг ч ийнхүү эгэл амьдрал дундаас хэний ч ханьгүй, өөрийнхөө зүрх сэтгэлийг тулж боссон нь хэд билээ. Тэр яах аргагүй чөлөөт хэвлэлийн индэр дээрээс ардчилал, эрх чөлөө хэмээх зүйлийг үзгээрээ сийлж явсан, өдгөө ч сийлж яваа уран бүтээлч.

Г.Ишхүү дөч гаруй жил их утга зохиолд зүтгэж, уран бүтээлийн 10 гаруй ном туурвихдаа ардчиллын дуу хоолой болж, уран бүтээлчийнхээ хувьд өсч, яруу найргийн адармаатай замдзүтгэн мөр бадагт  улам ярган бүтээж байсныг нь  онцломоор байна. Ардчиллын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн он жилүүдэд тэр алдсан ч байх, оносон ч байх. Том агуулгаараа Монгол Улсад, нийгэмд дуу хоолой болж, ардчиллын үнэт зүйлийг ойлгуулахын төлөө бүхий л зүйлээ зориулсан нь том ололт байв. Гэхдээ ороо бусгаа цагийн энэ дэнсэн дээр үзэл бодлоосоо болж гадуурхагдах, шагнал урамшуулал, албан тушаалаас алсарч, гадуурхагдах гээд юу эсийг үзэх билээ. Даанч тэр энэ тухай огт дурсахгүй, тоохгүй учраас ингээд орхиё. Харин тэр буй биеэрээ он цагтай хүүрнэж суухдаа хөх өвстэй шивнэлдэж, хөх тэнгэртэй харц тулгарч, уул усандаа элэг татан явдаг гэдгийг сайтар мэднэ. Тиймдээ ч тэр

“Нар ээсэн булгийн тунгалаг ус миний сэтгэлийн ариусал юм

Насаараа бичсэн шүлгүүд минь түүнийг тайлах тайлал юм

Намирсан бороотой өдрүүд миний цайлган цагаан зан юм

Намрын гоёл, өвсний өнгө, навчны шарлалт энэ миний шүлэг юм

.....Намар намрын шаргал навч бүхэн миний бие юм

Намуухан урсах он жилүүд зүрхний минь эмзэглэл юм” хэмээн бичсэн хэрэг.

Шинэ зууны босгон дээр буюу 2000 оноос түүний уран бүтээлд эрс шинэчлэл бий болж, илүү ухаан руу яргасан, илүү утгын гүн рүү шигдсэн шүлэг бүтээл туурвих болсон гэдгийг утга зохиолын зүтгэлтнүүд ам нэгтэй дуугарах болов. Энэ л үед түүний “Сарны гэгээ”  “Хөх тоосны чимээлэн” хэмээх яруу найргийн хоёр ном зуузай холбон уншигчдын гар дээр очиж байсан нь өчигдөрхөн мэт санагдаж байна. Ёстой л “Дөч гарсан эр дөрвөө дарсан ат” гэдэг лугаа адил ухаан тэлж, утгын гүн рүү урсахын хэрээр уран бүтээлд нь бодит өөрчлөлт, тэсрэлт гарч байсан үеийн хос ном юм. Тэрээр уран зохиолын нугачаа бартаатай бас адармаатай замд нэгэнт орсон ч ардчиллын төлөөх тэмцлээ нэгээхэн бээр ч хойш тавьсангүй.

Төрийн анхан болон дунд шатанд ардчилсан тогтолцоог суурьшуулах, үйл хэргийг бэхжүүлэхийн төлөө цаг наргүй ажилласан цөөн хүний нэг. Цагаан морин жилийн хувьсгалын цуурай алсраагүй 1990 оны АИХ-ын сонгуульд ардчилсан хүчнээ төлөөлөн ухуулагчаар ажиллаж эхэлсэн улс төрийн замналтай. Тодотговол анхны ардчилсан сонгуульд гол үүрэгтэйгээр ажилласан хэрэг. Үүнээс хойш 1992 оноос 2020 оны сонгууль хүртэл парламент, Орон нутгийн найман сонгууль, Ерөнхийлөгчийн долоон удаагийн сонгуульд ухуулагчаас сонгуулийн штабын Ерөнхий менежер хүртэл дэвшин ажилласан улс төрийн асар арвин туршлагатай хүн. Өнөөдөр ардчиллын амь тасарчихаагүй байгаа нь Г.Ишхүү шиг олон хүний гавьяа юм шүү дээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд  2009 оноос хойш гурван удаа ардчилсан Ерөнхийлөгч сонгогдож байгаа нь Г.Ишхүү шиг өр төлөөс нэхдэггүй, үнэн зүтгэлтэй партизануудын гавьяа гэдгийг хүн бүхэн анзаардаггүй байх. Учир нь түүнд иргэдэд нөлөөлөх олон салаа зам бий. Юуны өмнө түүнийг яруу найрагч, уран бүтээлч гэдгээр нь түмэн мэднэ. Мөн ардчиллын анхны партизан гэдгээр нь бас мэднэ. Нөгөө талаар төрийн анхан шатны байгууллагад иргэдээ төлөөлж байсан гэх нэг зам ч бий. За тэгээд сайн аав, айлын эзэн гээд утга учир бүхий зам салаалан байхад түүний нэр нөлөө нийгэмд хүчтэй байсаар байх болно. Сонгуулиас сонгуулийн дунд ардчиллын төлөө “Нэргүй зарц” шиг зүтгэж явахдаа тэр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга, Дүүргийн АН-ын хорооны гишүүн, АН-ын үүрийн даргын сонгуульт алба залгуулж ирсэн улс төрийн замнал бас бий.  

Гагцхүү орчин цагийн ороо бусгаа улс төр, нийгмийн давлагаанд үзэл бодлоо огт гээсэнгүй. Үүгээр ч үл барам 2006 онд “Цаг цагийн Монгол”, 2007 онд “Цагаан дундуур туучна” 2008 онд “Зүрхний урлан” яруу найргийн түүврүүд нь ахиад л нэгэн гэрэл гэгээ асгасан үйл явдал болж, утга, уран зохиолын талбарт шинэ өрх, айлууд үүд хаалгаа нээсээр байв. Тухайн цагт “Г.Ишхүүгийн шүлгүүд цэцэн байгаагаас гадна ухаан давамгайлах болжээ” хэмээн уран зохиолын хүрээнд ярьж байсныг тодхон санаж байна. Энэ утгаараа тэр яах аргагүй Монгол түмний оюун санаанд томоохон хөрөнгө оруулсан ач гавьяатан төдийгүй, энэ нийгмийн тогтолцоог өөрчлөн шинэчлэх тал дээр уран бүтээл, сэтгэлээ зориулсан нэгэн.

Нийгмийн тогтолцоо, шинэчлэл гэснээс тэр Монгол төрд ёс зүй алдагдаж, авлига хээл хахууль үүрлэж байгаагийн эсрэг дуу хоолой болсоор иржээ. Тиймдээ ч Г.Ишхүү МАНАН дэглэмийг нураах үйлсэд тэргүүн эгнээнд явсан. Энэ утгаараа  ШИНЭ намыг 2019 онд байгуулагдахад анхдагчдын эгнээнд багтаж, Монгол Улсад шударга ёс тогтоохын төлөө манлайлав. Өдгөө Баянзүрх дүүргийн ШИНЭ намын 28 дугаар хорооны  Иргэдийн Зөвлөлийн зохицуулагчаар сонгогдон ажиллаж байгаа нь үүнийг гэрчилнэ.

Тэрээр ашиг хонжоо хараад буруу зүйлийн дэргэдүүр нүдээ аниад гарч чадах байсан бол аль эрт амьдрал ахуйгаа эгэл ардаасаа хол төвхнүүлж, нэр алдрын оргилд сууж байх байв. Ардчиллын гэх нэрээр алдар нэрийн оргилд гарч, хөрөнгө мөнгөний эзэн болсон олон хүн бий. Харин тэр тэгсэнгүй. Үнэн сэтгэлийн мөр зам дээр тарни мэт шүлгээ хүлхэн тэрлэж, тангараг мэт шударга үнэний төлөө зүтгэсээр явна.

Амьдрал, улс төр, нийгмийн ажил гэж юу юунаас хүнд даваанд мацаж байхдаа тэр уран бүтээлээсээ нэг ч өдөр хөндийрч, үзгээ орхисонгүй. 2012 онд “Зоргоор ертөнцийн урсгал”, 2016 онд “Чинадын эгшиглэн”, 2018 онд “Цэнхэрлэгийн аялгуу” яруу найргийн ном тус тус хэвлүүлж, олны анхаарлыг татав. Уншигчдын анхаарлаас гадна утга зохиол судлаачдын оюуны мэлмийд өртөж, бодож эргэцүүлэх зайлшгүй шаардлага бий болгож байгаа нь уран бүтээлчийн яс чанарыг харуулна. Үнэнийг хэлэхэд өдгөө Г.Ишхүүгийн үеийнхэн шүлэг бичихээ бараг больсон. Сүүлийн жилүүдэд түүний үеийнхнээс шүлгийн ном хайгаад олохгүй. Харин тэр шүлэг найргаа бичсээр, дуудсаар, хэвлүүлсээр л . “Яс сайт яван чангарна гэдэг дээ, манай Г.Ишхүү ч тэтгэвэртээ гарчихаад яруу найргийн ном хэвлүүүлж олныг шуугиулаад байх юм” хэмээн цагаан атаархал шидлэх үе тэнгийнхэн бишгүй олон байхыг сонслоо. Ямар сайндаа л тэр “Хүн өвс” шүлэгтээ

“Нүүдэл бүхнээ дагаж яваа

Нүцгэн хөх өвс юм би

Нарны сөлөнд гандах

Насны хүн өвс юм би

..Хэлхээт цагийг сүлжих

Хэдэр хүн өвс юм би

...Хөх тэнгэрийн хөл өвс юм би

Хөрст орчлонгийн ул өвс юм би” асгаж байхав дээ. Аргагүй л билэг танхай найрагчийн араншин хийгээд тэр чигээрээ гүн ухаан агуулагдах шүлэг бол энэ. Г.Ишхүүгийн энэ мэт бүтээлийг дурдаад байвал хэдэн тэрэг тууль хайлахтай адил зүйл болох учраас анзаарч мэдэрсэн сэтгэлийн хоймроос энүүхэн хэсгийг хүргэв.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top